“Голомт”-ынхон Э.Бат-Үүлд дөрвөн тэрбум төгрөгийн такс төлжээ


Пролетари Э.Бат-Үүл “УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшихгүй” гэж урьдчилан мэдэгдсэны учир тайлагдав. “УИХ биш, нийслэлийн ИТХ-д нэг суудал эзэгнэх цаг минь боллоо” хэмээн нэг бус, нэлээд олон удаа хэлснийх нь гол нууц ил болов. УИХ-ын ууртай гишүүний дүр эсгэж, дөрвөн жилийг хий дэмий өнгөрүүлж байснаас Улаанбаатар хотын төсвийг захиран зарцуулах эрхтэй болох нь улстөрч Э.Бат-Үүлийн №1 хүсэл. Харин удаахь хүсэл нь юу вэ. Ардчиллыг улс төрийн арилжааны бирж болгож, ар хударгаар нь мөнгө угаах нь түүний ээлжит операци. Тиймээс эрхэм гишүүн Төрийн ордон биш, “Хангарьд” ордон руу дуран авайгаа чиглүүлэв. УИХ-ын гишүүний суудлаа хотын мэрийн суудлаар солихоор улайрч эхлэх нь тэр. 

Сонгуулийн кампанит ажил товлосон ёсоор эхлэв. Эрхэм гишүүн Э.Бат-Үүл нийслэлийн ИТХ-ын 2012 оны сонгуульд Ардчилсан намаа удирдах эрхтэй болов. Ардчилсан хүчний АТМ машинууд ч аль хэдийнэ ажиллаад эхэлчихлээ. Тэд пролетари Э.Бат-Үүлээс ч илүү хүчтэй. Яагаад гээч. Тэдэнд мөнгө бий. Тиймээс АТМ-ын эзэд эрхэм гишүүнд эхний захиалгаа өгөв. “Хотыг эрхшээлдээ оруул” гэж. Эрхэм гишүүн ч “За” гэв. АТМ-ын эзэд “Улаанбаатар хотын төсвийг захиран зарцуулах эрхийг ардчилсан хүчний мэдэлд оруул. Бид санхүүжүүлье. Хариуд нь хотын төв, бүр тодруулбал Сүхбаатарын талбайн баруун талд байрлах газар биднийх болно шүү” хэмээн ээлжит захиалгаа өгөх нь тэр. Э.Бат-Үүл бантсандаа бас л “За” гэжээ. Улс төрийн хаалттай хөшигний цаана эрхэм гишүүн АТМ-ын эзэдтэй ийн тохиролцож. Тиймээс мань эр төсөв хөрөнгөө захиран зарцуулах эрхтэй болсон хот руу дайрах нь аргагүй. АТМ-ын эзэд ч хүслээ гүйцэлдүүлэхийн төлөө түүнд такс төлөх нь эргэлзээгүй. 

Э.Бат-Үүл ажиллагаагаа шуурхайллаа. АТМ-ын эзэд ч дансанд нь их хэмжээний бохир мөнгө байршуулж эхлэв. Хамгийн сонирхолтой нь ардчиллын цэнхэр тугны цаана нуугдсан тэр нөхөд яг хэн бэ. Товч бөгөөд тодорхой хэлэхэд, тэд бол “Голомт”-ынхон. Тийм ээ, “Голомт”-ынхон хотын захиргаа байрлаж буй газрыг эзэмшилдээ авахын төлөө улайрч байна. Учир нь өөрсдийнх нь “Бодь” цамхаг “Хангарьд” ордны яг хажууд байрладаг юм. Чухам ийм л учраас тэд гадаадаас дөрвөн тэрбум төгрөгийн санхүүжилт авч, Э.Бат-Үүлийн халаас руу “хийх” боллоо. Пролетари Э.Бат-Үүл “Гэр хорооллын газрыг иргэдэд” хэмээн популист уриа дэвшүүлж байсан бол одоо “Нийслэлийн захиргааг өөр тийш нүүлгэнэ” гэж байна. Үүний цаана хэний ашиг сонирхол нуугдана вэ. Мэдээж хэрэг, “Голомт”-ынхны. Тэд эрхэм гишүүнд дөрвөн тэрбум төгрөгийн такс төлсөн учраас цаадах нь ажиллагаагаа яаравчлах нь аргагүй шүү дээ. Эрхэм гишүүний цээжинд нийслэлийн Засаг даргын эрх мэдэл, зөөлөн суудал багтаж байгаа бол “Голомт”-ынхны санаанд Улаанбаатар хот төсөвтэйгөө, бас газартайгаа багтах нь мэдээж хэрэг. Улстөрч Э.Бат-Үүл “УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй. Нийслэлийн ИТХ-ын сонгуульд өрсөлдөнө” хэмээн тэчъяадсаны учир ингэж тайлагдав. 

Ж.САРУУЛ