Гэрэл гэгээтэй амьдралыг минь нэг эмч орвонгоор нь эргүүлчихлээ


Хүү минь олон жил гадаа­дад суралцаж сургуулиа ам­жилттай төгсөөд Монголдоо ирсэн юм. Мэдээж сайн сур­гууль төгссөн болохоор бо­ломжийн ажилд орсон. Сай­хан ханьтай болж, удахгүй мэндлэх  хөөрхөн үрээ угтаж авах гэж хоног тоолон хүлээж байсан өдрүүд нь дөнгөж саяхан юм шиг л санагдаж байна. Шинэ байр бэлдэж, өлгий, тэргийг нь хүртэл захиа­лаад хөл газар хүрэхгүй гүйх хүүгээ хараад би ч битүү­хэндээ догдолж, эмээ болох өдрөө хүлээж байсан юм. Бэр маань хэвлий дэх үрээ эрүүл саруул бойжуулах гэж  өвөл­жингөө утаанаас хол суви­лалд амарч, зундаа агаар салхинд гарч, сар бүр  эмчийн хяналтад орж, эрүүл саруул хөөрхөн үрийнхээ 4D эхогоор авсан зургийг өхөөрдөн харж үртэй болох өдрөө догдлон хүлээж байлаа. Нөхөр маань ч ачаа харна гэж хөөр болоод...


Бэр маань хүүгээ нэр төртэй том эмч зөвлөгөө өгч,  эх барьж авдаг, сүүлийн үед  хүн бүр л очиж төрөөд байгаа төлбөртэй эмнэлэгт төрүүлэ­хээр шийдсэн байсан юм. Амаржих цаг ч болж нөгөө төлбөртэй эмнэлэг дээрээ  очтол "Маргааш ирж хэвт, нөгөөдөр төрүүлнэ" гэлээ.  Тэр гайт өдөр өвдөлт өгдөг тариа тариулж төрөх юм бо­лов. Монголын нэртэй эмч охиныг минь төрүүлж байгаа даа гэж бодож байсан боло­хоор  муу юм ч санагдсангүй, гадаа нь хүлээж байв.  Гэтэл нөгөө сүрхий эмч нь  бэрийн минь өмнөх бүсгүйг төрүүл­чихээд л яваад өгсөн байж. Нэг залуухан эмч бүсгүй үлд­чих­сэн, ус нь аль хэдийнэ гарсан байхад  төрүүлж чадахгүй л байлаа. Тэр залуу эмчийг бэрийн минь  хажууд тогтохгүй гарч орох бүрд нь бид "Яаж байна" гэж асууна.  Асуух бүрд л тэр эмч "Төрж чадахгүй байна" гэхээс өөрийг хэлэхгүй байв.  Турш­лагатай эх баригч нь одоо болохоо байлаа хайчилж хурдан гаргая гэхэд нь шийд­вэр гаргаж чадахгүй байсаар сүүлдээ хүүхэд бүтээд ирэ­хээр толгойг нь хүчээр татаж  гаргадаг багаж хэрэглэлээ. Тэр багажаар  хоёр удаа сорлоо. Сорох бүрд төрөх гэж байгаа ач хүүгийн минь тол­гой­ноос тэр багаж нь мултарч ингэж тэгсээр цаг нэлээд алд­сан. Сүүлдээ өөрөө чадахгүй болохоороо эрэгтэй эмч дуу­даж ахиад л хүчтэй татсан бололтой, ач хүүг минь тэр дор нь гаргаад ирлээ. Бид ч  байдал бишидсэнийг мэдсэн даруйдаа төрөхийн өрөөнд гүйгээд ортол бэрийн маань царай  хөхөрчихсөн,  уйлаад,  чичирчихсэн хэвтэж байв. Толгой дээр нь хүүг нь сэхээх гээд бөөн хүн шавсан ийм  л дүр зураг биднийг угтсан даа.  Хөгжилтэй оронд хүүхэд нь болохгүй бүтэхгүй төрвөл эхэд нь мэдэгдэхгүй бушуухан аваад гардаг байтал хүүхэд нь үхэж байгааг харуулаад л зогсож байгаа эмч нарыг  юу гэж ойлгох вэ. Сэтгэлийн тэнхээ багатай, сэтгэл хөдлө­лөө дарж чадахгүй  ээж таар­сан бол дороо л савны ха­луун болоод галзуурахаар байдал тэр эмнэлгийн төрөх өрөөнд биднийг угтсан юм. 


Ингээд л өчнөөн сар догд­лон хүлээсэн сайхан хүү минь тархи нь гэмтэлтэй,  цус харвалттай, бүтэлтийн ул­маас амьсгаагүй, зөвхөн зүрх нь ажиллагаатай төрлөө.  Гурван кг 800 гр жинтэй  хич­нээн сайхан хүү төрсөн гэж санана. Энэ мөчөөс л  эмнэл­гийн сэхээний үүдэнд түгшин суух зовлонт өдрүүд минь  эхэлсэн юм. Бидний гэрэл гэгээтэй амьдралыг нэгэн эмч, эмнэлэг  орвонгоор нь эргүүлчихэв. 

"Даанч дээ, өөр газар тө­рүүлдэг байж, тэр эмч хоёр­хон хүн байхад төрүүлээд явчихгүй дээ,  мөнгө хэрэгтэй байсан бол бид өгөх л байсан шүү дээ, бэр маань яах гэж энэ эмнэлгийг сонгов доо, би өөрөө орж хажууд нь байхгүй яав даа" гэсэн харуусал, гом­дол голыг минь зурсаар байна. 

Ингээд  хүүг минь  уг эмнэ­лэг сэхээндээ долоо хоног байлгаад Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн  сэхээн амьд­руулах төв рүү  Энхтуяа гэдэг алтан гартай эмчид  хүлээл­гэн өглөө. Эх нялхсын сэхээ­ний эмч сувилагч нар чадвар муутай эмч нарын буруугаас болж миний ач шиг болсон хүүхдүүдийг эдгээх гэж  ёстой л нойр хоолгүй  зүтгэдэг юм билээ.  

Бид лалын шашнаас бу­сад бүх шашин, үзмэрч  ба­риач, Монголын урдаа барь­даг эмч болгонтой уулзсаар  байлаа.  Харин тэр эмнэлгийн дарга нь, өөрөө төрөх дөхсөн  нярайн эмч бидний зовлонг ойлгож чадвар муутай, хүнд сурталтай эмч нарынхаа бу­рууг өөрсдөдөө тохож өдөр шөнөгүй бидэнтэй  хамт байж, чадах ядахаараа туслахыг хичээсэн. Тийм болохоор би тэр эмнэлгийн нэрийг энд дурдаж муутгахыг хүсэхгүй байна. Тэнд олон чадалтай, сэтгэлтэй эмч нар ажилладаг гэдэгт би итгэж байгаа.

Гэвч 14 хоногийн дараа шинжилгээний хариугаар  хүү минь бүрэн саажилттай,  тархи нь хөгжихгүй,  хөгжлийн бэрхшээлтэй  хүүхдийн тоог Монголд  нэгээр  нэмсэн  гэдэг  хариуг сонсож, дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу  бол­чи­хоод сууж байна. Дөнгөж амьдралаа эхэлсэн хоёр хүүх­­дийн  минь амьдрал орвон­гоороо эргэчихлээ. 

Ийм амьдрал үзүүлэх гэж бид хүүгээ  найман  жил гадаадын нэртэй сургуульд  сургаж, нүдний цөцгий мэт  хайрлаж, ховорхон зөв  сайн хүү болгож өсгөж   хүмүүжүү­лээгүй шүү  дээ гэсэн  гомдол өр зураад болдоггүй ээ.  

Юуг нь нуух вэ. Ийм хүүх­дээр ч яах билээ дээ, одоо эмчилгээг нь зогсооё доо  гэхээр манайд тийм хууль байхгүй, зөвхөн эмчлээд л, үхүүлэхгүй гаргах үүрэгтэй юм байна. Хүүхэд ямар байх нь хамаагүй байдаг юм байна. Хатуу харгис сонсогдож бай­гаа ч аргаа барсан шийдвэр, цөхөрсөн эмэгтэйн зүрхээ шаналган байж хэлсэн үг гэдгийг ойлгоорой. 

Энэ орчлонд хүн болох гэж ирчихээд  амьдрах гэж  түвхэлзтэл амьсгалж,  бяцхан зүрх нь цохилон  үхэлтэй тэмцэлдэх өөдсөн  үрээ хара­хаар өр өвдөөд хэцүү байна. Очиж харахаас ч халширч дэмий л өлгий баривчийг нь хийгээд  л сууж байна. 

Хүү бэр хоёр маань  сар гаруйтай хүүгээ гэртээ авч гарлаа.   Уйлах ч үгүй, хөхөө ч хөхөж чадахгүй, шприцээр сүүгээ ууж байгаа бяцхан үр минь үнэхээр эмчилгээгүй юм гэж үү.  Эмч нар алдсан бай­гаа­сай, гадаадад очихоор эрүүл гэж хэлнэ дээ гээд л бас горьдлого тасрахгүй, ажлаа ч хийж чадахгүй, интернэтээр  саажилттай хүүхдийг эмчлэх боломжийг судалж, ижил зов­лонт эхчүүдийн сэтгэгдлийг уншсаар сууна даа. Ийм  үрээ өсгөж бойжуулахын тулд ажил­гүй болсон, гэр бүл нь салж сарнисан, зовлонт амьд­ралаа нууж, наашаа харж инээж цаашаа харж уйлж яваа зовлонт аав, ээжүүд олон байдаг юм бай­на. Интернэтээр үрээ алдсан эхийн харуусал, хамгийн гол нь ийм болж өсөж, адлагдаж яваа зовлонт үрсийн эцэг эхийн сэтгэгдлүүд дүүрэн байдгийг ийм зовлон  нүүрлэ­сэн үед л олж харж,  ойлгож, сэтгэлдээ гунигтай сууж байна. 

Би энэ тухай Эрүүл мэн­дийн яаманд ч мэдэгдсэнгүй. Хүүхэд өвчтэй байхад хэл ам хийгээд яах вэ гэдэг монгол зангаар хэл үг гаргаагүй юм. Тухайн эмнэлэг  ийм тохиол­долд өөрсдийгөө хамгаалж бараг эхэд нь буруу өгөөд үлддэг гэсэн эхчүүдийн яриаг сонсоод итгэл минь алдарсан байсан. Гол нь би энэ тухай бичихдээ нэгэн эмнэлгийн, эмчийн мууг үзэх гэсэндээ бус, эмч нар минь ийм зовлонг айл гэрт битгий авчраасай, мэдлэг мэргэжлээ дээш­лүүлж, ажилдаа хариуцлага­тай хандаасай гэсэндээ бич­лээ. Дахиж ээж,аав, эмээ, өвөө нар бидэн шиг ийм зовлонг битгий амсаасай гэсэндээ зүрх өвтгөсөн гашуун зовлон­гоо олонд дэлгэж байгаа юм. 

Эрүүл мэндийн яаманд хандаж тавих ганцхан хүсэлт л бидэнд үлджээ.  Ирээдүй нь тодорхой болсон ийм хүнд хэлбэрийн саажилттай хүүх­дийг... Хэдий харгис сонсог­дож байвч,  эцэг эхийнх нь хүсэлтээр... Би энэ үгийг үнэ­хээр хэлж чадахгүй нь. Гэхдээ ач хүүгээ ийм болсныг нь эмчээс дуулж, очиж харж ч чадахгүй өлгий, баривчийг нь хийж суугаа  цөхрөнгөө бар­сан эмээ өөр юуг Эрүүл мэн­дийн яамнаас, эмнэлгээс, эмч нараас хүсэх вэ. Хүү чинь эрүүл саруул инээд цангинуу­лан аав, ээжээ баясгахгүй, өөрийгөө ч мэдрэхгүй, амьд байгаагаа ч ойлгохгүй, насан туршдаа амьтай голтой төдий л байна, ямар ч аргагүй гэж хэлж байгаа эмч нараас хүсэх зүйл надад үлдсэн гэж үү.  

Ийм болгосон эмнэлэг  гадаад дотоодод эмчлүүлж эцсийн найдвараа барах гэсэн эцэг эхийн хүсэлтээр нөхөн олговор, тусламж олгож байсан тохиолдол бий болов уу. "Биднийг уучлаа­рай танай хүүхэд эмчилгээ­гүй болжээ" гээд л өнгөрдөг юм болов уу. Сайн л бол эмчдээ хариуцлага тооцлоо, ажлаас нь халлаа гэж хэлээд л болоо юу. Өндөр төлбөр авч үйлчилснийхээ эцэст ийм алдаа гаргачихаад чимээгүй яваад байх юм болов уу. Төлбөр гэснээс одоо хүү бэр хоёр маань Монголын шилдэг гэсэн  мэдрэлийн эмчид үзүү­лэ­­хээр, шинжлүүлэхээр сарын цалингаа бараад   явдаг болсон.