Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо

Moderator
1 цаг 44 минутын өмнө

Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо. Тодруулбал, прокурорын газраас иргэн М.Э-г “2023 оны 03 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хороонд байрлах ..... хотхоны ..... тоотод байрлах гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн дагавар хүү болох 3 настай эрэгтэй Ц.Б-г хүчиндэхийг завдсан, уг үйлдлээ нуун далдлах зорилгоор үл ялих зүйлээр шалтаглан зодож алсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор онц, харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн, мөн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн хооронд мөн тоотод байрлах гэртээ дагавар хүү болох 3 настай эрэгтэй Ц.Б-г үгэнд ордоггүй гэх шалтгаанаар газар мөргүүлэх, хана руу шидэх, гарыг нь өргүүлж зогсоох, суниах гэж байгаа мэт байрлалд оруулж хэвтүүлэх зэргээр удаа дараа хэрцгий харьцсан гэмт хэрэгт” яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлжээ.

Шүүхээс шүүгдэгч М.Э, Ц.Л нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, бага насны хүүхдийг онц харгис хэрцгийгээр, өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэрэг, “бага насны хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэрэг үйлдэхийг завдсан” гэмт хэрэг, асран хамгаалах үүрэг хүлээсэн хүн “Арван найман насанд хүрсэн хүн хүүхдийг аливаа үйлдэл, эс үйлдэхүйн төлөө удаа дараа хэрцгий харьцаж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэсэн” гэмт хэргийг тус тус үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-д оногдуулсан бүх насаар хорих ялд 12 жилийн хугацаагаар хорих ял, 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 3 сарын хорих ялыг тус тус нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялын төрөл, хэмжээг бүх насаар хорих ял болохыг тогтоосон байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна