Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа

Moderator
2 цаг 29 минутын өмнө

Монгол Улсын Боловсролын яам, Бүгд Найрамдах Финланд Улсын Засгийн газар болон Финландын тэргүүлэх их сургуулиуд, боловсролын технологийн байгууллагууд хамтран дээд боловсрол, эрдэм шинжилгээний судалгаа, сургуулийн орчны аюулгүй байдал болон хиймэл оюунд суурилсан цахим сургалтыг нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны 5 баримт бичгийг байгууллаа.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд хоёр орны Засгийн газар хоорондын дээд боловсролын салбарт

  • Oюутан суралцуулах, сургуулийн орчинд үе тэнгийн дээрэлхэлтийг бууруулах, математик болон бичиг үсгийн боловсролыг хиймэл оюунаар дэмжих хүртэлх өргөн хүрээний асуудлуудыг ерөнхий боловсролын сургуулиас их, дээд сургууль хүртэлх бүх түвшинд иж бүрнээр хамруулж боломжийг бий болгож байгаагаар онцлог юм.

  • Засгийн газар хоорондын Хамтарсан тунхаглал

Монгол Улсын Боловсролын сайд, Бүгд Найрамдах Финланд Улсын Боловсрол, соёлын сайд Андерс Адлеркройц нар хоёр улсын Засгийн газар хоорондын Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав.

Уг тунхаглалаар чанартай суурь боловсрол нь шинжлэх ухаан, технологи, хэвлэл мэдээллийн чадавхыг бэхжүүлэх суурь гэдгийг онцолж, академик эрх чөлөөг хамгаалах, ардчилсан институцийг бэхжүүлэхэд талууд хамтран ажиллахаа тунхаглалаа. Мөн хоёр улсын сургууль, дээд боловсролын байгууллага болон спортын байгууллагууд хооронд бүх түвшинд шууд хамтын ажиллагааг өрнүүлэх, иргэдийн биеийн хөдөлгөөний идэвхийг дэмжих бодлогын сайн туршлага солилцохоор тусгагдсан.

  • Дээд боловсрол ба Ерөнхийлөгчийн тэтгэлэгт хөтөлбөр

Монгол Улсын Боловсролын яам Финландын судалгааны тэргүүлэх сургуулиуд болох Зүүн Финландын их сургууль (UEF) болон Туркугийн их сургууль (UTU)-тай 5 жилийн хугацаатай Харилцан ойлголцлын санамж бичгүүдийг байгууллаа.

Энэхүү санамж бичгүүдийг байгуулснаар

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд шалгарсан суралцагчдыг UEF болон UTU-д суралцуулна. UEF-д жил бүр 5 хүртэлх монгол оюутныг бакалавр, магистрт элсүүлэн суралцуулна.

Боловсролын яам болон Боловсролын зээлийн сангаар дамжуулан боломжийг нээж байгаа болно. Түүнчлэн талууд

  • Суралцах ухаан (learning science), тархи судлал (neuroscience), хүүхдийн цогц хөгжил, боловсролын дата аналитик, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээний чиглэлээр хамтарсан судалгаа хийнэ.

  • Монгол Улсын Боловсролын их сургууль болон Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн Бүгд Найрамдах Финланд Улсын дээрх их сургуулиудтай хамтран багшийн боловсролыг шинэчлэх, байгууллагын чадавхыг бэхжүүлнэ.

  • Туркугийн их сургуулиас салбарлан гарсан "Eduten" ХХК-ийн хиймэл оюун болон суралцахуйн аналитикт суурилсан цахим платформыг Монголын ерөнхий боловсролын бүх сургуулийн бага, дунд, ахлах ангийн математикт бусад хичээлд нэвтрүүлж, өргөжүүлэх боломжийг бий болгоно.

  • Туркугийн их сургууль, Боловсролын яам болон "Зүрх сэтгэлийн боловсрол" ТББ-ын хооронд сургуулийн орчинд үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг гурван талт Санамж бичиг байгуулагдлаа.

Санамж бичгийг байгуулснаар Туркугийн их сургууль болон Финландын Боловсрол, соёлын яамны хамтран боловсруулсан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн "KiVa" хөтөлбөрийг Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулиудад нэвтрүүлэх, турших болон түгээн дэлгэрүүлэх боломжийг нээж байгаагаар онцлог юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна