О.Магнай нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаажээ

Moderator
1 цаг 44 минутын өмнө

Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Э.Болорчулуун, Ц.Шижир, Б.Бямбацогт, Ц.Алтанцэцэг, Ш.Ядамдорж, Х.Эрдэнэ, О.Магнай, Б.Цогжаргал, Б.Батцэрэн, Х.Саруул, Г.Идэрчулуун нарыг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон,

-Яллагдагч Ц.Шижир, Ш.Ядамдорж, Х.Эрдэнэ нарыг гэмт хэргийн замаар бий болсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан буюу мөнгө угаасан,

-Яллагдагч О.Магнайг зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдад их хэмжээний хохирол учруулж залилсан,

-Яллагдагч Г.Идэрчулууныг албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөгөө урвуулан ашиглаж бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж, өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлсэн,

-Яллагдагч Б.Бямбацогтыг мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн байдаг.

Шүүх яллагдагчийн өмгөөлөгч нараас гаргасан урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх тухай хүсэлтийн дагуу прокурор, яллагдагч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарыг оролцуулан энэ сарын 22-нд нээлттэй хуралдаанаар дээрх хүсэлтийг хянан хэлэлцжээ.

Шүүх хуралдаанд талууд /өмгөөлөгч, прокурор/-ын гаргасан тайлбар, шинээр гаргаж өгсөн баримт материал болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлахад, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн тогтоох зорилгоор нэмэлт ажиллагаа хийх зайлшгүй шаардлагатай, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдээгүй байна гэж үзлээ.

Тодруулбал, Өмгөөлөгч О.Баярбаясгалангаас гаргаж өгсөн хэрэгт эх хувиар авагдаагүй гэрээ нь хэргийн үйл баримтыг тогтооход хамааралтай, ач холбогдолтой байх тул уг гэрээг үндэслэн холбогдох шинжилгээ хийлгэхээр шинжээч томилох, шаардагдах ажиллагааг хийлгэх нь зүйтэй.

Мөн нэр бүхий өмгөөлөгч нараас гаргасан эрх бүхий байгууллагаас холбогдох баримтыг гаргуулан авч хэрэгт хавсаргуулах, гарын үсгийн шинжилгээ хийлгэх гэх агуулга бүхий хүсэлтүүдийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзсэн байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх...” гэх үндэслэлээр прокурорт буцааж шийдвэрлэжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна