17 удаагийн COP-ын түүхэнд Монгол анх удаа “Усны өдөр”-ийг НҮБ-ын түвшинд тусгайлан хэлэлцүүллэ

Moderator
2 цаг 4 минутын өмнө

Монгол Улс дэлхийн 197 орны төлөөллийг оролцуулсан олон талт томоохон хурлыг эх орондоо “авчирч” ард нь амжилттай гарахад тун ойртлоо. Манай улсад зочилсон NCCD-ийн оролцогч орнуудын төр засаг, бизнес, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачид, малчид болон бусад төлөөлөл эдгээр өдрүүдэд COP17 гэсэн нэг л зорилго, уриа, “малгай” дор нэгдэж байна.

Тэр дундаа манай улс COP17-г даргалагч орны хувьд анх удаа нэг өдрийг бүхэлд нь “Усны өдөр” болгон сэдэвчлэн, НҮБ-ын өндөр түвшинд амжилттай хэлэлцүүллээ.

Өөрөөр хэлбэл, өмнөх 16 удаагийн COP-оор усны асуудлыг ерөнхий сэдэв, ган гачгийн эрсдэл эсвэл дагалдах уулзалтуудын хүрээнд ярилцдаг байсан бол Монгол Улс НҮБ-ын Цөлжилтийн COP-ын үндсэн хөтөлбөрт бүтэн нэг өдрийг тусгайлан “Усны өдөр” (Water Day) болгон зарлаж, хэлэлцүүлгийг Улаанбаатар хотноо анх удаа албан ёсоор зохион байгуулсан нь Монгол Улсын түүхэн амжилт юм.

Үүгээрээ газрын COP-д усны агуулгыг өргөн хүрээнд оруулж ирж, газар, хөрсний доройтол, цөлжилтийг усны нөөцийн менежменттэй уялдуулан олон улсын анхаарлын төвд авчирч чадлаа.

Урьд өмнө нь ус болон газрын салбарынхан тус тусдаа бодлого ярьдаг байсан бол Монголын талын санаачилгаар цөлжилтийг бууруулахад усны менежмент ямар чухал болохыг "хуурай газрын экосистемийн цөм нь ус" гэдэг өнцгөөс НҮБ-ын талуудаар хүлээн зөвшөөрүүлж, бодлогын түвшинд зангидаж өгч буй юм. Тиймдээ ч НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал COP17 хурлын индэрийг бүхэлд нь усны асуудал руу чиглүүлж, аюулгүй байдал, гангийн тэсвэржилт, ус-газрын нэгдсэн менежмент, санхүүжилтийн шийдлүүдийг хэлэлцэж өнжлөө. COP17 хурлын павильон бүрт, өнцөг булан болгонд “Цэнхэр алт” усны талаар ярьж, хэлэлцэж, зөвлөлдөж, гарц шийдлийнх нь талаар ухаанаа уралдуулж байлаа.

Бүтэн өдрийн турш:

???? Гангийн тэсвэржилтийн хөрөнгө оруулалт

???? Ус–газрын нэгдсэн менежмент

???? Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хамтын ажиллагаа

???? Усны засаглал, хууль эрх зүй, санхүүжилт

???? Элсэн болон шороон шуурганы хил дамнасан эрсдэл

???? Усны эргэлтийн менежмент, шинэ технологийн шийдлүүдийг хэлэлцлээ.

Монгол Улсын Засгийн газраас гадаргын усыг хуримтлуулах “Хөх морь” санаачлагыг дэвшүүллээ

“Усны өдөр” сэдэвчилсэн арга хэмжээний хүрээнд болсон Ган тэсвэрлэх чадварын асуудлаарх сайд нарын хоёрдугаар хурлыг Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр нээж үг хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс манай өргөн хүрээт “Тал нутгийн үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн гол чиглэл болох “Ус-Газрын уялдааны санаачилга”-ыг эхлүүлж буйг мэдэгдэж байна. Улаанбаатар хотоос нийт 197 талд хандан нэг тодорхой санааг хүргэе. Ус бол эрүүл газар нутаг, хүнсний аюулгүй байдал, тогтвортой орон нутаг, энх тайвныг хооронд нь холбож байдаг. Газрын усыг хадгалах чадварыг нь сэргээцгээе. Газрыг тэтгэж байдаг усаа хамгаалцгаая. Цаг алдалгүй арга хэмжээ авч, хохирол учрахаас нь өмнө тэсвэртэй байдлыг бэхжүүлэхэд хөрөнгө оруулцгаая. Дэлхий даяар 2000 оноос хойш гангийн давтамж 30 хувиар нэмэгдэж, амьдрал, амьжиргаа, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөлөл нэмэгдэж байна.

Монгол Улсын нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртөж, ган, зуд, үер зэрэг уур амьсгалын гаралтай гамшгийн эрсдэл нэмэгдэж байгаа нь эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, урьдчилан сэргийлэх чадавх, эрсдэлийн санхүүжилтийг бэхжүүлэх, ландшафтын усны хадгалалтыг сайжруулах шаардлага тулгарсан.

Иймд Монгол Улсын Засгийн газраас гадаргын усыг хуримтлуулах “Хөх морь” санаачлагыг дэвшүүлэн ажиллаж байна.

Тус хөтөлбөр нь шар усны үер, зуны хур тунадасны илүүдэл усыг хуримтлуулах усан сан, хиймэл нуур, даланг байгуулж, гол мөрөн, булаг шанд, цөөрмийг сэргээх, говийн бүсийн ундны усыг хамгаалж, цэвэршүүлсэн ус ашиглаж, гүний усны менежментийг сайжруулна” гэдгийг онцоллоо.

Монгол Улс зөвхөн бэлчээр, газрын асуудлаас гадна уур амьсгалын өөрчлөлтийн гол цөм болсон усны аюулгүй байдлын чиглэлээр олон улсын түвшинд дуу хоолойгоо хүргэж, манлайлал үзүүлж буй “Усны өдөр”-т Шадар сайдын харьяаны агентлагууд Онцгой байдлын ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газар, Усны газар, Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лаборатори, Бүсчилсэн хөгжлийн хүрээлэн хамтран оролцож хэлэлцүүлэг, үзэсгэлэн зохион байгуулж байна.

Энэ үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян:

-Усны нөөцийн тогтвортой менежмент нь хүний эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, эдийн засгийн өсөлт, экосистемийн тэнцвэрт байдлыг хангахаас гадна үер, ган, зудын гамшгийн эрсдэлийг бууруулах нөхцөлийг бүрдүүлдэг.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын техникийн зөвлөх, доктор С.Жигжидпүрэв:

-Урьдчилан сэргийлэх арга хэмжээг гамшгийн бэлэн байдалтай уялдуулж, цогцоор нь хөгжүүлэх шаардлагатай байна

Д.Баасансүрэн ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа

-2020-2022 онд Монгол Улсын зудын эрсдэлийн их түвшинд эзлэх газар нутгийн хэмжээ 38.9%, маш их түвшинд 0.5% байсан бол, 2050 онд эрсдэлийн түвшин их газар нутгийн хэмжээ 49.1% болж 10.2 хувиар, маш их түвшинд эзлэх газар нутгийн хэмжээ 17.9% буюу 10.4 хувиар нэмэгдэх төлөвтэй байна.

ОБЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын хэлтсийн дарга, хурандаа, доктор Д.Сэржмядаг:

-Үерийн эрсдэлийг бууруулна гэдэг нь газар, ус, хүний эрх болон хүний аюулгүй байдлыг хамгаалах асуудал юм гэдгийг онцоллоо.

Мөн “Усны өдөр”-ийн хүрээнд Цэнхэр бүсийн Засгийн газрын павильонд  зохион байгуулсан үйл ажиллагааны үеэр “Цэнгэг усны экосистемийн хамгаалал ба усны салбарын стандартчилал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.

Хэлэлцүүлгийн хүрээнд Усны газрын дарга, доктор З.Батбаяр “Хөвсгөл нуурын цэнгэг усны нөөц, экосистемийн болон бүс нутгийн ач холбогдол” , ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын Газар хөдлөлт, хот дахь эрэн хайх аврах ажиллагааны хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Ганболд,  ОБЕГ-ын Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, хурандаа, доктор П.Чимэдцэрэн нар “Хөвсгөл нуурт живсэн техник хэрэгсэл, түүний байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, татан гаргах ажиллагааны туршлага”, Стандарт, хэмжил зүйн газрын Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын дарга Г. Тулгаа “Усны салбарын стандартчиллын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

Хэлэлцүүлэгт оролцогчид усны салбарын стандартчиллын өнөөгийн байдал,цаашдын хөгжлийг талаар хэлэлцэж, ус–газар–экосистем–гамшгийн эрсдэлийн харилцан хамаарлын талаарх Монгол Улсын бодлого, шинжлэх ухаан, практикийн туршлагыг оролцогчдод нэгдсэн байдлаар хүргэсэн юм.

Мөн Хөвсгөл нуурын хамгаалал, живсэн техник хэрэгслийг татан гаргах ажиллагааны туршлага, цаашдын технологи, судалгаа, санхүүжилтийн хэрэгцээг олон улсын түншүүдэд танилцуулсан гэдгээрээ ач холбогдолтой байлаа.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна