Н.Учрал: Х.Баттулгатай нэр холбогддог Төгрөг нуурын ордыг ярих цаг ирсэн. $250 саяар гадаадын дөрвөн иргэнд зарсан

Moderator
2025/03/31

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн асуултад хариулахдаа ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан Х.Баттулгын нэр холбогддог "Төгрөг нуур"-ын ордыг ярих цаг ирсэн. Адилхан л ярина" гэж хэлжээ.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал:

-Үндэсний баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсгийг миний бие ахалж байгаа. 2007 онд УИХ -ын тогтоол гарч, 16 ордыг стратегийн ордод хамааруулсан.  Дахиад 39 стратегийн орд ДНБ ийн 5-аас дээш хувийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бололцоотой орд, УИХ-д оруулж ир гээд шийдчихээд байхад 18 жил хав дарсан.

18 жилийн хугацаанд 39 стратегийн ордыг гадаадын итргэдэд зарсан үрсэн, оффшор луу аваачиж хийсэн.

18 жилийн хугацаанд баялагтаа эзэн болох боломж байсан. Гэтэл 18 жил өнгөрчихсөн. Тэгэхээр хэлэлцээр хийж байгаа. Хэлэлцээр гэдэг бол хэрүүл биш, тулган шаардалт бас биш. Хэлэлцээр гэдэг ширээний ард суугаад санхүүгийн модел дээрээ түшиглээд Үндсэн хуулийн газрын хэвлийн баялгийн 50+1 ард түмэн эзэмшинэ гэдэг заалтыг хангуулах босгыг давахын төлөө хийж байгаа. 39 стратегийн ордыг эргээд харахад хэлэлцээр хийхэд түвэг учирна. Энд энэ танхимд сууж байгаа хүмүүсийн манлайлал хэрэгтэй. Орон нутгаар Үндэсний баялгийн сангаа иргэддээ авч ирье, 34-өөс 50 хувиа авъя гээд төрийн тэргүүн байсан Х.Баттулга гишүүн яриад явж байгаа. Үгээрээ бус үйлдлээрээ үзүүлэх хэрэгтэй.

Тантай нэр холбогддог Төгрөг нуурын ордыг ярих цаг ирсэн. 39 стратегийн ордыг ярихаар бүгдээрээ энийг ярьж байгаа. Тавантолгойн бүлэг ордын 50 хувь 3 тэрбум тоннын нөөцтэй 15 их наяд төгрөг зөвхөн тусгай АМНАТ-ийн 5 хувиар ард түмэнд ирэх ёстой байсан ийм орд.

Улаанбаатар хотоос 1 цаг яваад очдог ордыг 250 сая ам.доллараар 4 гадаадын иргэнд зарсан. Хонконгийн сайт дээр байна, оффшороор дамжуулаад гаргасан.

Энийг хэлэлцэх юм уу. ялгаж аваад хэлэлцээр хийх юм уу. Тэгвэл 39 орд дээр хэлэлцээр хийе тийм учраас би Монгол төрийн тэргүүн байсан хүн үгээрээ бус үйлдлээрээ хийж гэж харуулаасай гэж хүсэж байна. Е-Мongol дээр байгаа 138 мянган төгрөгийг яаж нэмэгдүүлэх вэ гэж ажлын хэсэг үйлээ үзэж байгаа.  Одоо Ц.Туваан сайд 39 орд дээр УИХ- ын тогтоол оруулж ирж, бүгдтэй нь хэлэлцээр хийнэ. Ингэсэн цагт 138 мянган төгрөг нэмэгдэнэ, ард түмний дэмжлэг дор Монголын ард түмэн байгалийн баялагтаа эзэн болно.