Суурьшлын бүс дэх аюулыг зайлуулъя

Moderator
2024/01/25

Өнөөдрийн Улаанбаатар хотыг ийм хэмжээнд очиход нь авлигачид, дээрэмчид, хулгайч нар, тухайн үеийн Засан дарга нар нөлөөлсөн.

Товчхондоо бол ямар ч стандартгүй хот болгосон. Тэдний гайгаар ард иргэд эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч, албан үүргээ гүйцэтгэж явсан алба хаагчид халуун амиараа хохирч, хань ижижл үр хүүхэд нь өнчирч, бэлэвсэрч үлдэв.

Үүний өмнө ч гэсэн ШТС-ын ёмкость дэлбэрч мөн л хүний амь эрстэж байсан. Өнөөдөр 1 сая 500 мянган хүн амтай хотод 60 тоннын газ дэлбэрэхэд л хор уршиг, цар хүрээ нь энэ.

Мэргэжлийн байгууллагын шалгалт үргэлжилж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар  ГАЗ зөөвөрлөж явсан автомашин нь ЗӨВШӨӨРӨЛГҮЙ, байсан гэх мэдээллийг цагдаагийн байгууллагын удирдлагууд мэдээлсэн нь хаа хаана хариуцлагагүй байгааг нотлов.

Товчхондоо бол стандартын байгууллага үүсч хөгжсөнийхөө ойг тэмдэглэж дуусаагүй шахам байхад ийм гай тохиосон нь тухайн байгууллагын үйл ажиллагаанд ч дүн тавьж орхилоо.

Тэгвэл инженерийн байгууламж нь алдагдсан, ямар ч төлөвлөлтгүй, ямар ч стандартгүй болсон энэ их хотод бараг алхам тутамд  ШТС-ууд бий.  Хэрэв тэд дэлбэрвэл хэр хэмжээний гамшиг тохиох нь ч тодорхой.  Хүн ам нягт төвлөрсөн суурьшлын энэ том бүсээс ШТС-ууд буюу аюулыг үтэр түргэн зайлуулах шаардлага нэгэнт бий болчхоод байгааг аймшигт энэ явдал харууллаа.

Тиймээс аюулыг зайлуулах ажлыг яг өнөөдрөөс ярьж, хэрэгжүүлэх хэрэгтэй.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.254.123.180
    2024/01/28

    Энэ бол бас хэт туйлширсан асуудал суу хүн 20000 төгрөг нд бензин авах гэж хотоос гарч очиж авах уу

    Хариулах