ШШХ-ийн ажилтан ахмад М.Алтан-од гэх бүсгүй хүний амь нас аварчээ

Moderator
2018/08/03

Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Сонгинохайрхан дүүргийн криминалистикийн шинжилгээний тасгийн ахлах шинжээч, цагдаагийн ахмад М. Алтан-Од амиа хорлох гэж буй иргэн М-ийн амь аварсан талаар мэдээлэл авч түүнтэй холбогдон тодруулсан юм. Тэрээр хэлэхдээ "Миний бие 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст жижүүрийн шинжээчийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн  08 цаг 15 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 17-р хороо 32-р байрны дээвэр дээрээс эрэгтэй хүн амиа хорлох гэж байна гэсэн дуудлага мэдээллийг хүлээн авсны дагуу жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний хамт тус газарт очход 32-р байрны дээвэр дээр 20-25 орчим настай эрэгтэй хүн өөрийнхөө амийг хорлох зорилгоор хагархай шил барьж “Ойртвол үсэрлээ” гэж сүрдүүлсэн байдалтай зогсож байсан бөгөөд тухайн үед онцгой байдлын алба хаагчид болон цагдаагийн байгууллагын алба хаагчид тухайн газрыг хамгаалалтад авсан байсан" хэмээсэн юм. Уг хэргийг тодруулбал Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат 22 настай иргэн М /эрэгтэй/ согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ үсрэх гэж байсан аж. Онцгой байдлын аврах ангийн албан хаагчид болон бусад хүмүүс аврах үйл ажиллагаа явуулсан боловч амиа хорлохыг завдагч иргэн М нь хүн ойртвол үсэрнэ хэмээн аврах боломж өгөхгүй байсан байна. Уг үйл явдал өрнөж байх явцад Шүүхийн шинжэлгээний хүрээлэнгийн албан хаагч Цагдаагийн ахмад М.Алтан-Од гэх бүсгүй тэрхүү иргэн М-ээс өөрт нь ойртож ярилцахыг ятгаж ганцаараа дээвэр лүү гарсан байна. Тийн гарч 2 цаг гаруй амиа хорлохыг завдсан иргэн М-тэй биечлэн ярилцаж амиа хорлох явдалыг нь зогсоож чаджээ. Тэгснээр Онцгой байдлын газрын Аврах ангийнхан иргэн М-г мөн өдрийн 09:43 цагт эсэн мэнд байшингаас буулгаж  эсэн мэнд зохих байгууллагад нь хүлээлгэн өгчээ. Хүний алтан амь аварсан ШШГ-ын шинжээч Цагдаагийн  ахмад М.Алтан-Одод талархал илэрхийлье.