Филиппин улсын нийслэл Манила хотод болж буй “FIBA 3x3” сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн монголчуудын сонирхлыг ихэт татаж, сүүлийн хэд хоног цэнхэр дэлгэцийн өмнө уялаа. Багийн спортын ДАШТ-д Монгол Улсын баг ингэж сайн оролцож байсан түүх байхгүй. Тэр тусмаа Америк, Европ тивийн хүчирхэг, нуруулаг багийн эсрэг манай залуус огтхон ч дутах юмгүй өрсөлдсөн юм.

ДАШТ-ий С хэсэгт ОХУ, Филиппин, Бразил, Канадын багтай багтсан манай баг эхний тоглолтдоо Канадад ялагдсан. Харин дараагийн тоглолт нь нутгийн эзэн Филиппиний баг байлаа. Хэдий Ази тивийн баг ч америк гаралтай тамирчдаар бүрдсэн Филиппиний багийг манайхан шигшээ хөгжөөн дэмжигчидтэй нь цуг 21-17 ялж, хоёр дахь шатанд шалгарах эрхээ хадгалан үлдсэн юм.

Э.Дөлгөөн бага зэрэг гэмтэлтэй байсан ч энэ өдөр багийн андууд нь тасархай байлаа. Харин өчигдөр тэд ОХУ, Бразилийн багийг дараалан буулган авч, хэсгээсээ 2-оор гарах эрх авлаа. Оросын цахим сэтгүүлүүд сагсан бөмбөгийн спортоор Монголд ялагдлаа хэмээн шуугиж, гайхсан сэтгэгдэл шил дараалан гарсан ч орос мэргэжилтнүүд “Монголд өмнө нь 2 удаа ялагдаж байсан.

Монголчууд сагсан бөмбөгийн энэ төрлөөр дэлхийд тэргүүлдэг” хэмээн тайлбарласан нь монгол сагсан бөмбөгчдийг дэлхий мэддэг болсны илрэл байлаа. 100 сая хүн амтай Филиппин, 150 сая хүн амтай Орос, 200 гаруй сая хүн амтай Бразилийг дэлхийн дэвжээнд “дэвслээд” хаячихлаа даа манай “Шадар 4 цэрэг”.
ДАШТ-ий шөвгийн наймд Азиас ганцхан манай шигшээ баг л үлдсэн. Шилдэг наймд манай баг дэлхийн 3 удаагийн аварга, чансааг тэргүүлэгч Сербийн багтай таарч, 21-8 ялагдлаа. Хашир хүчтэй Серб холын шидэлтээр ихэнх оноогоо авсан.

Хэдий ийнхүү тэмцээнээ дуусгасан ч энэ ялагдал том туршлага болж өгсөн нь гарцаагүй. Магадгүй өнөөдрийн энэ ялагдал “Токио 2020” олимпийн наадмын эрх авах гарааны эхлэл ч болсон байж болох юм. Эх орныхоо нэрийг өндөрт өргөж, хөгжөөн дэмжигчдийнхээ цөсийг хөөргөсөн манай сагсчид энэ сарын 15-нд эх орондоо ирэх юм.



ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо
Ховдод 318 мал устгалд оруулжээ
Имарт болон МҮОХ нь “Алтан түнш”-ээр хамтран ажиллаж байна
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ