Экс төрийн тэргүүн маань яг ингэж хэлсэн. “С.Баярцогт Монголын төрийг, ардчиллыг муухай харагдуулж байна аа” гэж. Тэгвэл энэ нөхөр ямар балаг тарьчихсан болоод ингэж ад үзэгдээд байна вэ? Цэл залуугаараа улс төрд орж ирээд, цэг тэмдэг шиг хар толбыг тэр Монголын төрд үлдээлээ гэж үү. Тийм ээ, түүний балаг өөрийнх нь ярьдаг шиг 22 хувьсагчаар үржиж байна. 23 настайгаасаа хойш Монголын төрөөр даалуу тоглосон шаалуу хүү. С.Баярцогтын оффшорт нууц данс нээснийг хүмүүс үнэндээ өршөөнгүй ханддаг. Тухайн үед УИХ-ын дэд даргын албан тушаалаа өгөөд л өнгөрсөн. Өөр шийтгэл, өөр хариуцлага хүлээгээгүй. Гэтэл энэ хүний гурван ноцтой үйлдэл энд нуугдаж байгаа. Нэгдүгээрт, төрийн албан хаагч байтлаа нууц оффшор данс нээсэн нь эвлэрч болохгүй үйлдэл. Насаараа төрд ажилласан хүн ямар мөнгөө гадаадад зувчуулан, эх орныхоо татвараас нуун оффшор бүст аваачиж нуухыг санаархсан бэ. Хоёрдугаарт, энэ нууц дансанд байршуулсан нэг сая ам.доллараа хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ бичээгүй. Өөрөө бол мартсан гэж тайлбарладаг. Энгийн иргэд хүрэмнийхээ халаасанд 1000 төгрөг мартах нь байтугай түүндээ хийх мөнгөгүй өлөн зэлмэн, дутуу гуцуу аж төрж байхад гадаадын дансанд сая доллар мартаж байдаг яасан даварсан ардчиллын тэжээвэр түшмэл вэ. Гуравдугаарт, тэр эх орноо Хятад гэж тэмдэглүүлсэн. Төрийн хоймор, түшмэл сэнтий дээр нь сандайлж суучихаад Хятадын Монгол гэж ичих ч үгүй улсаа ингэж доромжилсных нь төлөө энэ хүнд хатавчны мухар, хариуцлагын шон зохирно.
Хятадаас хил, хэл, яс, цус салах гэж зовсон өвөг дээдсийн минь ягчис шархирч, Монголын минь омог усан дотор ноцож байгаа гэдгийг сануулъя. Эх орныг минь тусгаар Монгол гэж бич хэмээн хэлэх зориггүй түшээгээр бид яанам бэ. Тэр ардчиллын буяныг эдэлж яваа улстөрч болохоос бус ардчиллын буяныг монголчуудад эдлүүлж яваа улстөрч гэж хэлэхэд эрт байна. Яагаад гэвэл, тэр Монголын хамгийн том үүц баялаг болох Оюутолгойг ард түмэнд хамгийн ашиггүйгээр гадныханд өгөх гэрээг үзэглэхэд хамгийн их гар бие оролцсон улстөрч. Үүний цаана үлэмж их хэмжээний хээл хахууль, авлига байж магадгүй гэсэн хардлага, сэжиг олны дунд байдаг. Үүнийг нотлох мэт дараахан нь С.Баярцогтын нэртэй нууц данс Монголд бус, Швейцарьт илэрсэн. Одоо ч энэ шуугиан намдаагүй байна. Зөвхөн түүний нэр дээр байдаг данснаас гадна Leo SHui гэх хүний нэр дээрх оффшор компанид ч мань хүний хувь эзэмшил, оролцоо байдаг тухай дуулдах боллоо. Эсвэл энэхүү Leo Shui гэгч нь С.Баярцогтын хятад нэр нь гэх мэдээлэл ч гарч байсан билээ. Тэр өнгөрсөн хугацаанд тийм их хөрөнгө хогшил цуглуулахаар бизнес эрхэлсэн удаагүй. Харин ч төрийн албан тушаалыг дандаа давхарлаж, эдэлж хэрэглэж ирсэн хүн гэж хэлж болно. Тэр хугацаандаа долларын саятан болох хэмжээний бизнес хийж амжсан байдаггүй л юм бол тэр яах аргагүй төрийн цалингаар өдий хүрсэн байх учиртай.
PAPARATSI.MN
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ