Нийслэл хотын амьдрал нэгэн хэвийн нэг л уйтгартай болчихсон юм шиг. Аль эсвэл Сундуйн Батболд, Сандуй хоёрын тодорхойлсноор “Аз жаргал”-даа умбаад амар сайхан даа жаргаж байгаа нь энэ юм болов уу. Ямартаа ч нэг л өөр байна. Намрын ажил эхэлж, оюутнууд цуглан, хичээл сургууль эхэлж нийслэл хот хэзээ мөдгүй оволзож эхлэх гээд байдаг.
Гэтэл дөрөвдүгээр сард эхэлдэг байсан нийслэлийн тохижилт, зам засварын ажил алтан навч хийсч, аяны шувууд буцахтай зэрэгцэн эхэллээ. Есдүгээр сарын 1 болж ажил амьдралын шинэ улирал эхлэхээс нааш лав л замаа засч, уулзваруудаа нээж амжихгүй болсон нь энэ. Зам засварын болоод уулзвар, гэрлэн дохио өөрчлөлт, шинэчлэлтийн ажил, халуун хүйтэн усны, тог цахилгааны хязгаарлалтад одоо л анхаарч эхэлж байгаа нь нийслэлийн иргэдэд нэгийг анхааруулаад байх шиг
Ер нь хоёр даргадаа хийморийн сан тавиулахгүй бол энэ намар хийх ёстой өвлийн бэлтгэлээ хойтон хавар эхлүүлж ч магадгүй байгаа. Яагаад гэвэл Э.Бат-Үүл даргын баг, хамт олон наймдугаар сарын 1 гэхэд тохижилтын, засварын бүх гүйцэтгэлээ цэгцэлж, их суботник хийчихсэн хотдоо, иргэдээ хүлээж авахын төлөө ажилладаг байлаа. Энэ нь ч нийслэлийнхнийг нийслэлдээ улам хайртай болгодог байж билээ. Харин эхнээсээ л тэнгэрийн цасыг тоолоод эхэлсэн хоёр маань нэг жил тойрчихоод байхад Улаанбаатарт Гэрэлт гудамжнаас өөрийг хийж гийгүүлсэнгүй гэдгийг нь хэлэх гээд байна.
Өөр ажлууд хийсэн гэх байх. Гэхдээ гаргаж байгаа шийдвэрийнх нь бараг 90 хувь иргэдээс хасах оноо авч, эсэргүүцэлтэй тулгарч байгаад асуудал оршино. Саяхан Битлз хамтлагийн өргөн чөлөөг “Автомашингүй гудамж” болгоно гээд тууз хайчилсан. Үнэндээ энэ гудамж Улаанбаатарт байгаа автомашингүй цорын ганц гудамж гэж хэлж болохоор иргэдийн, ойролцоох оршин суугчдынх нь амарч, зугаалдаг өргөн чөлөө байсаар ирсэн. Гэтэл доошоо, дээшээ хоёр нийт дөрвөн давхар байгууламж бариад явган иргэдийн тааваараа алхдаг ганц газрыг үгүй хийх шахлаа. Иргэд сортоотой байсан тулдаа зогсоож чадсан.
Бас нийтийн тээврийн хөгжил нэг шат ахилаа гээд смарт картыг дарга нар баахан сурталчилсныг санаж байна. Гэхдээ смарт карт гэдэг нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгсдэд автобусаар зорчиж буй иргэдээс төлбөр мөнгийг нь тоо ёсоор нь авч өгөх зориулалттай систем болохоос хөгжил биш.
Нийтийн тээврийн хөгжил гэдэг метро, цахилгаан галт тэрэгний түвшинд яригдана уу гэхээс саятан хотод 800-хан ашиглалтын шаардлага хангахгүй автобус явуулж байгааг хэлэхгүй. Э.Бат-Үүл баатрын мөрөөдөл 2020 онд метроны түлхүүрээ гардаж авах байсныг Су.Батболд дарга таван жилээр сунгачихна билээ. Тэрээр “2025 оноос метроны тухай ярьж эхэлнэ” хэмээн албан ёсоор мэдэгдчихсэн. Найман жилийн дараагаас тэр тухай ярьж эхлэх юм бол 10 жилийн турш бүтээн байгуулалт хийгдэнэ гэж тооцоод 2035 он хүртэл метроны тухай нийслэлийн иргэд зүүдлээд ч хэрэггүй гэсэн үг. Тэр үед хөгжил гэж, шат ахисан гэж яривал илүү зохимжтой.
Адаглаад нийслэлийн өнгө төрхийг тодорхойлох ганц наадам, даншигаа ч хийж чадахаа больчихож. Хоёр жилийн турш сүр дуулиантай, нүсэр шуугиантай, нижгэр сайхан болж өнгөрсөн даншиг өнөө жил сумын наадмаас ч сонин тийм эл хуль болсныг иргэд одоо ч ярьж байна. Иргэддээ үнэгүй үзүүлье гээд тасалбар тараагаад байхад авах хүн, үзэх үзэгч ч олдсонгүй.
Ер нь үнэгүй үзүүлэх байсан юм бол хэдэн зуун мянган тасалбар хэвлэж мөнгө гарздах ямар шаардлага байна аа. Ийм энгийн логикийг үйл ажиллагаандаа тусгаж чадахгүй байгаагаас нь нийслэлийн иргэд Су мээрийг зүхэж Үүл даргыг санагалзаад эхэлчихсэн байна гээд тодорхойлчихъе. Нэг их хол зөрөхгүй байх.
Энэ мэтээр яривал их юм бий. Хамгийн сүүлийн жишээг нь өгүүлэхэд Улаанбаатар хотын зам дээр зөвхөн баруун гар тийш эргэдэг болох шийдвэрийг гаргасан, удахгүй хэрэгжиж эхлэх юм гэнэ. Зүүн гар тийш эргээд орчих газар баруун гар тийшээ эргэж баахан түгжирч явсаар зорьсон газраа очих бололтой юм уу даа.
Бүр тодорхой хэлбэл Нийслэлийн Засаг Даргын Тамгын газрын үүдэнд очихын тулд Төв шуудангийн урд уулзвар дээрээс баруун эргэж Драмын театрын зам руу орж Нэгдүгээр сургуулийн хажуугаар хойшоо өнгөрөөд Цэцэг төвийн замаар өгсөөд Монголбанкны араар орж зүүн тийшээ яваад дахин ургашаа эргэж ирэх юм байна л даа.
Энэ мэтээр Улаанбаатарт амьдрахад улам л тээртэй, яршиг дараатай болсоор байна. Уг нь Үүл дарга ийм түвэгтэй, иргэдээ чирэгдүүлсэн арга хэлбэрийг сонголгүй Гудамж төслийг хэрэгжүүлээд л асуудлыг шийдчихсэн юм ш дээ. Бүр Гудамж төслийг хэрэгжүүлэх гээд мөнгө олдохгүй байхаар нь Портуна сайдаас нэхэж нэг үзээд болохгүй болохоор нь зодох гэж ширээгээ тойруулж элдсэн гэдэг нь ч үнэний ортой юм гэсэн.
Хар ухаанаар бодоход Су мээр Үүл даргыг хол орхисон шийдвэр гаргаж нийслэлийн нэг сая иргэнд таалагдах гэхдээ ийм илүү дутуу үйлдэл хийгээд байгаа юм болов уу. Тэгээд тэрэндээ түүртээд, ард нь гарч чадахгүй асуудалд ороод байх шиг харагдаад байна.
Зүгээр өөрийнхөөрөө байж, чадах түвшиндээ менежерээ хийвэл нийслэлийн иргэд маань тэнэг биш болохоор байгаагаар чинь хүлээн авах нь ойлгомжтой бус уу С.Батболд, Ц.Сандуй дарга аа. Хүмүүс шүүмжлэхээр хүрз барьж гарч ирээд дагалдагч, цүнх баригч, долоогч 20-30 хүн нь зураг дарж, лайв хийж гүйгээд байвал яаж хүлээн зөвшөөрөгдөх билээ.
ЭХ СУРВАЛЖ: Medee.MN
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ