Ерөнхийлөгчийн ажлын гараа эрч хүчтэй байна


Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгуульд АН-аас нэр дэвшин, ялалт байгуулсан Халтмаагийн Баттулга энэ оны долоодугаар сарын 10-нд тангаргаа өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд байна. Үүнээс хойш хорин гуравхан хоног өнгөрч буй хэдий ч Ерөнхийлөгч Х.Баттулгын хийсэн цөөн уулзалт, зарчмын байр суурь, зарим төрийн өндөр албан тушаалтнуудад өгсөн үүрэг чиглэл зэрэг нь олон нийтийн талархлыг хүлээхийн сацуу Монгол улс төрийн амьдралыг хөдөлгөөнд оруулж буй юм. Ерөнхийлөгч Х.Баттулга 7 сарын 19-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д заасныг үндэслэн Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайд С.Баяр, Шведийн Вант Улсад суугаа Элчин сайд М.Энхсайхан нарыг эгүүлэн дуудах асуудлыг Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр хүргүүлсэн.  Энэ тухай Sonin.mn анхлан хөндөж, зоримог шийдвэр гаргахыг  Ерөнхийлөгч Х.Баттулгаас олон нийт хүлээж буй тухай бичиж байлаа.
 

 
 Олны нийтийн төдийгүй улс төрийн хүрээлэлд ч МАН-АН дэглэмийн удирдагч гэгддэг, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын тодорхойлсончилон " 7 сарын 1, Оюу Толгой гээд бөөн будлианы эзэн" болох С.Баярыг эргүүтэн татах санаачилга анх хэсэг иргэдээс гарсан бөгөөд  Монгол улсын Иргэн Г.Ичинхорлоо нар Монголчууд энэ оны 3 сарын 8-наас эхлэн Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд С.Баярыг эргүүлэн татахыг шаардаж буйгаа зарлан, Лондон хот дахь Монгол Улсын Элчин Сайдын Яамны өмнө эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж эхэлсэн бөгөөд өнөөг хүртэл үргэлжилсээр байгаа юм. Харамсалтай нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж дээрх иргэдийн удаа дараагийн хүсэлт, шаардлагад огт хариу өгөөгүй. Иймээс ч Ерөнхий Сайд, МАН-ын Дарга асан, Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд С.Баярыг эргүүлэн татах Ерөнхийлөгч Х.Баттулгын шийдвэр иргэдийн талархлыг хүртэж буй төдийгүй тун удалгүй  биеллээ олж, С.Баярт хариуцлага тооцохыг хүлээж буй хүмүүс ч олон байгаа нь ч нууц биш. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 7 сарын 24-нд улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан уриалга гаргаж : " ОУВС, Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас нийт 42 улсыг “оффшор бүс” хэмээн тооцож нэрлэсэн байна. Эдгээр оффшор бүс дэх банкуудад Монгол Улсын 49 иргэн данстай байгаа талаар Олон Улсын Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн Консорциум мэдээлээд байгаа юм.
 
Төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүс, улстөрч, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд оффшор дансанд мөнгөн хөрөнгөө байршуулах нь тухайн хөрөнгийн гарал үүсэл хууль ёсны эсэх, татвараа шударгаар төлсөн эсэх, хөрөнгө орлогын мэдүүлгээ үнэн зөв мэдүүлсэн эсэх зэрэг олон эргэлзээг бий болгож, шударга ёсонд итгэх олон нийтийн итгэлийг бууруулж байна. Монгол Улс 2017 оныг хүртэл оффшор бүсэд данс эзэмших асуудлаар хууль, эрх зүйн ямар нэгэн зохицуулалтгүй явж ирснээс улбаалан улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд оффшорт данс эзэмшсэн тохиолдлууд байгаа тул олон улсад мөрддөг жишгээр эхний удаад тэдэнд ууч сэтгэлээр хандаж, оффшор данснаас нэн даруй мөнгөө татаж, Монгол Улсдаа оруулж ирэхийг уриалах нь зүйтэй хэмээн үзэж байна.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга миний бие оффшор бүсэд данстай улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан 2017 оны долдугаар сарын 24-ний өдрөөс хойш 49 хоногийн дотор оффшор дансаа хааж, тэнд байршуулсан мөнгөн хөрөнгөө Монголын банкинд оруулж ирэхийг уриалж байна." хэмээсэн билээ.
 

 
 Үүнийгээ ч ажил хэрэг болгохоор зорьж буйн нэг илрэл нь  АНУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин Сайд Женифер Зимдал Галтыг хүлээн авч, уулзах үеэрээ  оффшор бүст байгаа Монгол Улсын хөрөнгийг эргүүлж авч ирэхэд тус улсаас тусламж хүссэн явдал юм. 
 
Мөн Ц.Сандуй, М.Энхболд нарын МАН-ынхны "60 тэрбум төгрөгний санхүүжилт" босгох схем гэгчтэй холбоотой асуудлын үнэн мөнийг тогтооход ихээхэн ач холбогдол өгч байна. Энэ асуудлаар хуулийн байгууллагын зохих удирдлагатай хоёр удаа уулзсан бөгөөд өчигдөр АТГ-ын дарга тэргүүн комиссар Х.Энхжаргал, Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан нарыг хүлээн авч уулзан, "Иргэдийн зүгээс чих тавин хүлээж буй эдгээр асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх ажлыг гардан хийх ёстой хүмүүс нь та нар. Энэ ажилд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс тусалж дэмжихэд бэлэн байна.
 
АТГ, Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, ТЕГ, ЦЕГ хамтран эдгээр асуудлаар ажлын хэсэг гаргасан байна. Одоо ажиллах хэрэгтэй.
 
Пакистаны Ерөнхий сайдын хүүхдүүд гадаадад оффшор данстай байсан нь илэрч, зохих байгууллагууд шалгасны үр дүнд Ерөнхий сайд огцорсон байна. Энэ хэрэгтэй нэгэн зэрэг  Панамын хуудсуудаар ил болсон Монголын 40 гаруй хүний оффшор данстай холбоотой асуудлыг нэн даруй шйидвэрлэх ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс тэдэнд 49 хоногийн хугацаа өгөөд байгаа. Энэ дээр шийдвэртэй ажиллахад Төрийн тэргүүн дэмжиж ажиллана" гэв. 
 
Уг 60 тэрбумын схем гэгчийг зөвхөн иргэд төдийгүй МАН дотроо ч ихэд эсэргүүцэж байгаа бөгөөд одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ нар тууштай тэмцэнэ гэдгээ мэдэгдээд буй. Ийнхүү тангаргаа өргөөд сар ч болоогүй байгаа боловч Ерөнхийлөгч Х.Баттулгын хийсэн цөөн уулзалт, зарчмын байр суурь, зарим төрийн өндөр албан тушаалтнуудад өгсөн үүрэг чиглэл зэрэг нь иргэдийн талархлыг хүлээж, "Энэ улс одоо л нэг төр шиг төртэй болох юм биш биз дээ?" гэсэн найдварыг төрүүлж байна. Товчхондоо бол Ерөнхийлөгчийн ажлын гараа эрч хүчтэй байна. Гэвч энэ бүхэн одоогоор зөвхөн итгэл, найдвар төдий байгаа. Ерөнхийлөгч Х.Баттулгын зөв байр суурь, үгнээс илүү зөв шийдэл, эх оронч, ухаалаг үйлдэл нь л түүнийг чухам түүхэнд хэн болж бичигдэхийг тодорхойлно.
Эх сурвалж: SONIN.MN