Сонгуулиар МАН-ыг дэмжээгүй иргэнийг бүлэглэн зодож, чихийг нь тас хазжээ


-МАШИНД СУУЛГААД 5-6 ЗАЛУУ БҮЛЭГЛЭН ЗОДСОН ГЭВ-


Энэ сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгийн Сагсай суманд согтуу 5-6 залуу тус сумын хоёрдугаар багийн засаг дарга Ө гэх иргэнийг бүлэгдэн зодож, баруун талын чихийг нь тас хазсан хэрэг гарчээ. Тухайн хэрэг гардаг өдөр тус суманд хурим болж, хуримаар хурдан морь уралдуулсан аж. Хохирогч Ө нь тус морины уралдааныг зохион байгуулж шүүжээ. Ийнхүү  уралдааны дараа хохирогч гэртээ харихаар явах замд нь нутгийн танил 5-6 залуу дуудаж, “Фургон” машинд суулгаж, Сагсай сумын нутаг дэвсгэр болох Даян гэх газар руу авч явжээ.

Тус 5-6 залуу хохирогч Ө-г бүлэглэн зодох үеэрээ “Чи засаг даргын эсрэг ажилласан учраас засаг дарга Х чамайг айлгаад, зодоод ир гээд биднийг явууллаа” хэмээн зоджээ. Мөн бүлэглэн зодох үеэрээ “Чи Ерөнхийлөгчийн сонгуулиар АН-д ажилласан. Сагсай сумын засаг дарга МАН-ын гишүүн байхад чи эсрэг ажилласан. Яасан их АН гэж гүйдэг юм бэ. Хэр удаан ингэж явахыг чинь харна” хэмээн заналхийлсэн байна. Хохирогч Ө нэг залуутай барилцаж авах үед тухайн залуу чихийг нь тас хазжээ.

 

Хохирогчийн хэлж буйгаар, бүлэг залуус согтууруулах ундаа хэрэглэж, хөлчүүрхсэн байж. Мөн тухайн залуус хохирогчийг бүлэглэн зодоод хэргийн газар орхиж зугтаасан байна. Хэргийн газарт “Фургон” машины жолооч үлдэж, хохирогчийг машиндаа суулгаад эмнэлэг хүргэхээр явсан байна. Гэтэл машиных нь дугуй хагарч, замдаа саатсаны улмаас хохирогч их хэмжээний цус алдаж, ухаан алдан, Даян гэх газрын эмнэлэгт замын унаанд дайгдан хүргэгдэж иржээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, энэхүү хэрэг Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгийн улмаас гарсан аж. Учир нь Баян-Өлгий аймгийн Сагсай сумын засаг дарга Х нь МАН-аас сонгогдож, нийтдээ тав дахь жилдээ засаг даргын албан тушаал хашиж байгаа. Харин хохирогч Ө Сагсай сумын хоёрдугаар багийн засаг даргаар сонгогдон ажиллаад удаагүй байжээ. Сагсай сум нийтдээ зургаан багтай. Гурав АН-ийнх, гурав нь МАН –ийн гишүүд засаг даргаар ажилладаг байна. Харин өнгөрөгч ерөнхийлөгчийн сонгуулиар Сагсай сумаас МАН олонхийн санал авчээ. Тус хоёрдугаар багийн АН-аас найман саналын зөрүүтэй ялалт МАН байгуулсан аж. Хэдийгээр МАН дийлэнх санал авсан ч хохирогчийг АН-ыг дэмжиж, олон санал авахад нөлөөлсөнд дургүйцлээ илэрхийлж бүлэг залуусыг хохирогчийг зодуулахаар явуулсан байна. Ийнхүү засаг даргын эсрэг ажилласан хэмээн бүлэглэн зодож, биед нь хүнд бэртэл учруулж, баруун чихийг нь тасалсан байна.

-ШҮҮХ ЭМНЭЛГИЙН ШИЛЖИЛГЭЭГЭЭР НЭГ ЧИХ НЬ БҮРЭН ТАСАРСАН ХҮНД ЗЭРГИЙН ГЭМТЭЛ УЧИРСАН ГЭЖ ГАРЧЭЭ-

Одоогийн байдлаар тус хэргийг Баян-Өлгий аймгийн цагдаагийн газарт шилжүүлэн шалгаж байгаа аж. Уг нь хэргийг тус аймгийн Сагсай сумын хэсгийн төлөөлөгч шалгаж байсан байна. Гэтэл хохирогч “мэдүүлэг буруу бичсэн” гэх үндэслэлээр прокурорт өргөдөл гаргаж хэрэг шилжжээ. Хохирогчийн хэлж буйгаар, хэрэг гарсны дараа эмнэлэгт очиход эмч нар нь тоохгүй байсан бөгөөд эмчийн актыг нь өгөхгүй, өөр эмнэлэгт шилжүүлж эмчилгээ хийлгэхгүй байсан. Мөн тус сумын эмч зүгээр гээд хэргийг хаахыг завджээ. Хохирогч аймгийн төвийн эмнэлгийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байгаад энэ сарын 27-ны өдөр гарсан байна. Тэрээр шүүх эмнэлэгт үзүүлсэн ч одоо хүртэл бичгээр хариу өгөөгүй ямар дүнэлт гарсан талаар эмнэлгийн ажилчны амнаас сонсоход нэг чих нь бүрэн тасарсан, хүнд зэргийн гэмтэлтэй хэмээжээ.

Бид энэхүү хэргийн талаар нутгийн иргэдээс лавлахад, морины уралдаан дууссаны дараа энэ хэрэг болсон гэсэн. Сагсай сумын засаг дарга их танхай, хүн дарамталдаг. Олон хүнийг зодож байсан. Нэг хөндийд олон жил хамт амьдарсан хүмүүсийг засаг дарга хооронд нь муудалцуулж, талцуулж байна. Мөн тухайн хэрэг үйлдсэн гэх залууст архи өгөн турхирч, ийм хэрэг үйлдүүлсэн гэв.

Сагсай сумын хэсгийн төлөөлөгч амралтаа авсан тул утсаа салгаад явсан хэмээн аймгийн цагдаагийн газраас мэдээлэв. Харин Баян-Өлгий аймгийн цагдаагийн газраас тодруулахад “Энэ хэргийг одоогийн байдлаар шалгаж байгаа гэсэн мэдээллийг сумын хэсгийн төлөөлөгч бидэнд ирүүлсэн. Одоогоор нарийн мэдээлэл ирээгүй байна. Шалгаж буй хэсгийн төлөөлөгч нь амралтаа авсан учраас бид холбогдож чадахгүй байна гэлээ.

 

Энэ хэргийн талаар Сагсай сумын засаг дарга О-гоос тодруулах гэсэн боловч тэрээр Казакстан улс руу явсан байв.

 

-ХАЗУУЛСАН ЧИХ ЮМ СОНСОХГҮЙ БАЙГАА, ГОМДОЛТОЙ БАЙНА-


Хохирогч Өзгэрсээс утсаар хэргийн талаар тодруулга авлаа.

 

-Таныг эмнэлгээс гарсан гэсэн. Биеийн байдал одоо ямар байна вэ?


-Би аймгийн эмнэлгийн мэс заслын тасагт арван хоног хэвтэн эмчлүүлж байгаад гарсан. Одоо толгой байнга өвдөөд байгаа. Зодуулсаны дараа бүх бие хөх няц болсон байсан. Мөн багадаа мориноос унаад хөлөндөө хиймэл мах оёулж байсан. Тэр хөл их бас гэмтсэн. Хазуулсан чих юм сонсохгүй байгаа. Заримдаа бага зэрэг сонсоод, ихэнхдээ сонсохгүй байна. Манай гэрийнхэн шүүх эмнэлгийн шинжээчийг шаардаж байгаад намайг үзүүлсэн. Тэгээд “Хариу нь бичгээр маргааш гарна” гэж хэлчихээд өгөөгүй. Ах маань очиж шинжилгээний бичгээ авъя гэхэд мөрдөн байцаагчид чинь өгсөн. Байцаагчаас өөр хүнд үзүүлэхгүй гээд үзүүлээгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн хариугаа одоо хүртэл аваагүй байгаа. Манай өмгөөлөгч харах гээд очиход бас харуулаагүй буцаасан байна лээ. Анх сумын эмнэлэгт ирэхэд их эмч А нь намайг аймаг руу явах хэрэггүй гээд явуулахгүй байсан. тэгээд манай гэрийнхэн тухайн эмчтэй хэрэлдээд намайг аймаг руу авч явсан.

 

-Тухайн үед юу болсон юм бэ?


-Тэр өдөр морины уралдаан дуусаад, намайг гэрлүүгээ харих гээд явж байхад нутгийн хэдэн залуус “Машинд суучих” гээд дуудсан. Машинд ортол пиво задлаад “Уучих” гэхээр нь “Уухгүй” гэж хэлэхэд намайг хэл амаар доромжлоод, нэг нь шууд цохисон. Тэгэхээр нь машинаас гараад зугтах гэтэл 5-6 залуу нийлээд газар унагаад өшиглөөд дэвсэж эхэлсэн.

Тэдгээр залуус “Чи сонгуулиар засаг даргын эсрэг ажилласан. Засаг дарга их уурласан. Чамайг айлгаад зодоод ир гээд явууллаа” гээд намайг бүгд газар унагаад, хэдэн талаас зодож эхэлсэн. Тэгээд би босоод нэг залууг бариад автал миний чихийг хазчихсан. Тасарсан хэсэг нь олдоогүй. Аймгийн эмч нар хэлэхдээ нэг чих чинь бүрэн ажиллагаагүй болсон. Хагалгаа хийлгэмээр байвал хийлгээрэй гэсэн. Хагалгаа хийлгэвэл 2-3 удаа гоо сайхны болон чихний хагалгаанд орох юм билээ. Нийтдээ 100 орчим сая төгрөг болно гэж байна лээ.

 

-Та цагдаад өргөдлөө гаргасан уу?


-Гаргасан. Тэгээд намайг эмнэлэгт хэвтэж байхад ирээд мэдүүлэг авсан. Тэгэхдээ сумын төлөөлөгч М намайг чи согтуу байсан уу гэж асуусан. Гэтэл би тэр өдөр тэр цагдаатай өдөржин хамт байж байгаад салсан. Намайг та эрүүл байсан гэдгийг мэдэж байгаа шүү дээ гэж хэлсэн. Тэгээд манай бэр эгч хамт байсан. Гэтэл тэр сумын төлөөлөгч хөөгөөд гаргачихсан. Дараа нь мэдүүлэг уншуулахгүй шууд гарын үсэг зуруулсан. Тэгээд байцаагчаа солиулах хүсэлт гаргасан юм. Тэр залуус намайг согтуу байсан гэж хэлсэн байсан. Би архи тамхи хэрэглэдэггүй юм. Мөн намайг зодохдоо 5-6 хүн байсан мөртлөө нэг хүнтэй зодолдсон гээд байгаа юм.

 

-“ХЭРГЭЭ ГАНЦААРАА ХҮЛЭЭ” ГЭЭД ЦААНААС НЬ ДАРАМТЛААД БАЙГАА ГЭЖ ХЭЛСЭН-


-Таныг зодсон хүмүүс таньтай ирж уулзсан уу?


-Миний чихийг хаздаг залуугийн ар гэрийнхэн уйлаад “Манай хүүг хэргээ ганцаараа үүр гээд цаанаас нь дарамтлаад байгаа юм билээ” гэж хэлсэн. Би “Тийм юм байхгүй ээ, би олон хүнд зодуулсан. Тэрийгээ  хэлнэ. Гомдолтой байгаа” гэж хэлсэн. Хэрэг гардаг өдөр тэр залуус зугтаад, хоёр хоногийн дараа ирсэн гэсэн.

 

-Сагсай сумын засаг дарга хүн явуулж зодуулсан гэлээ. Та тэр хүнтэй холбогдсон уу. Яагаад ийм хэрэг болов?


-Би АН-ын гишүүн. Орон нутгийн сонгуулиар иргэдийн саналаар хоёрдугаар багийн засаг даргаар сонгогдоод, нэг сараас эхлэн ажиллаж байгаа юм. Манай суманд Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН гарсан. Гэхдээ зургаан багаас манай багт АН хамгийн их санал авсан юм. Тэгээд тэр залуус намайг зодохдоо “Засаг даргын эсрэг ажиллалаа, засаг дарга чамайг зодоод ир гээд явуулсан” гээд зодсон. Энэ бол намын талцлаас л болж байгаа хэрэг. Тэрнээс би тэдгээр залуусыг танина. Ямар ч муудалцах зүйл болоогүй.

 

Эх сурвалж: Medee.MN