Долоон сар гарснаас хойш Монгол орон даяар 68 удаагийн ой хээрийн түймэр гарч, урьдчилсан байдлаар 61337 га ой, хээрийн бүс шатчихаад байна. Ган болж, түймэр гаахаас өмнө цаг агаарт зориудаар нөлөөлж улайссан чулуу мэт халсан газрынхаа хөрсөнд чийг өгч болох л байсан. “Ниргэсэн хойно нь хашгиав” гэдэг шиг олон мянган га газар шатсаны дараа борооны үүлээ буудаж, хур оруулав.
Баяр наадмын өдрүүдээр гарсан ой хээрийн түймрийн бурууг 100 хувь аялагчдад өгч боломгүй санагдана. Нийт нутгийн 80 хувь нь гантай, зуны аагим халуун өдрүүд үргэлжилж, хөрс ямар ч чийггүй, ялихгүй зүйлээс гал авалцахад бэлэн байсан.
БОНХАЖЯ болон салбар газрууд нь урьдчилан сэргийлж чадаагүй, ажлаа хийгээгүй. Бүх анхаарлаа Ерөнхийлөгчийн сонгуульд хандуулсан. Ган болж, түймэр гарсны дараа МАН-ын гишүүд, сайд нар пуужин барьсан зургаа олон нийтэд цацаж, ард түмнийг дамшиглах шиг.
-ТӨРИЙН АЖИЛ ЦАЛГАРДАХАД ЮУ НӨЛӨӨЛӨВ-
Мэдээж, таван сараас эхэлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, МАН-ын удирдлагууд гишүүд, сайд нараа үндсэн ажлыг нь хийлгэлгүй сонгуулийн ажилд дайчилсан. Бүгд л намынхаа даргыг Ерөнхийлөгч болгочих санаатай эрвийх дэрвийхээрээ зүтгэж, улсын ажлыг цалгардуулсан. Сонгууль дуусахтай зэрэгцэн Үндэсний баяр наадам эхэлсэн. Хөдөө орон нутгаас сонгогдсон гишүүд нь нутгийн зүг хөлгийн жолоо залж, өөрийнхөө “гэгээн” дүрийг жаазлан малчдад гардуулж байхад бас нэг гишүүн нь ямар жимс идсэнээ олон нийтийн сүлжээнд гайхуулан суух юм.
Энэ бүхэн дүүрч гэхэд хамгийн чухал хүн БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол сураггүй алга болсон. Түүнийг олон нийтийн сүлжээний идэвхитэй хэрэглэгчид алдуул малаа алдсан мэт бие биенээсээ сураглаж байв. Зарим нь түүнийг гитараа бариад “Отгонтэнгэр” хайрханаа дуулан, найр наадам хэсэж яваа биз гэнэ.
Хэд хоног сураггүй байсан Д.Оюунхорол сайд шатаж харалсан модод дунд ярилцлага өгөөд гараад ирэв. Үүнийг нь харсан олон хүн дургүйцлээ илэрхийлсэн. Ямар нутагт гантай, ой хээрийн түймэр хаана гарч буйг хамгийн түрүүнд мэдэж, нөхцөл байдалтай нь танилцан эртхэн шиг цаг агаарт зориудаар нөлөөлж, хур бороо оруулсан бол 61337 га ой, хээрийн бүс үнсэн нурам болохгүй байлаа.
-ХАЛУУН ГАЛД ШАТАЖ БУЙ БАЙГАЛЬ ДЭЛХИЙГЭЭ АВРАХ ГЭСЭН ИРГЭДИЙН ЧИН ХҮСЭЛ-
Энэ сарын 11-ний өдөр Үндэснийхээ баяр наадмыг тэмдэглэж явсан Онцгой байдлын 1000 гаруй албан хаагчийг шуурхай дуудаж, түймрийн голомтод хүргэснээс хойш ар гэртээ очилгүй, балга хүйтэн ус ч уух завгүй өнөөдрийг хүртэл ажилласаар байна.
Халуун галд шатаж буй байгаль дэлхийгээ харсан хэн ч зүгээр сууж чаддаггүй биз ээ. Ерөнхийлөгчийн сонгуулиар хэдэн хэсэгт хуваагдан талцаж байсан иргэд сайн дураараа түймрийн голомт руу явж, гал сөнөөгчид болон Онцгой байдлын албанд дэмжлэг үзүүлэх хандив, тусламжийн бараа ар араасаа тасралтгүй хөвөрсөөр байгаа.
2017 оны долдугаар сарын 21-ний өдрийн 18:00 цагийн байдлаар ОБЕГ-ын хандивын дансанд 683.470.089 төгрөгийн мөнгөн хандив цугларчээ. Дансанд цугларсан бэлэн мөнгийг нисдэг тэрэгтэй болоход зарцуулна гэдгийг ОБЕГ-ын албаны хүмүүс хэлсэн. Гэхдээ нэг нисдэг тэрэг 15-20 сая ам.долларын өртөгтэй юм.
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ