-ЭМНЭЛЭГТ ОЧИХОД НЬ ГЭРТЭЭ ХАРИАД ХЭВТРИЙН ДЭГЛЭМ
САХЬ ГЭЭД ЯВУУЛЖЭЭ-
Эрүү саруул үрээ тээж байсан эхчүүд эндлээ, ураг эндлээ гэх мэдээлэл энгийн байдаг л зүйл мэт болоод удлаа. Төрөх эмнэлгүүд ч өөрсдийгөө хаацайлан “Монголд ганц байдаг өвчтэй байжээ” гэх утга бүхий тайлбар хэлж, хүний амиар “тоглосоор”.
Хэдхэн хоногийн өмнө нэгдүгээр төрөх буюу “Өргөө” амаржих газарт долоон сартай жирэмсэн бүсгүй хүүхэдтэйгээ хоёулаа эндсэн харамсалтай хэрэг гарсан байна. Юу болсон талаар сийрүүлбэл, талийгаач бүсгүй Хан уул дүүргийн XI хорооны Өрхийн эмнэлэгт жирэмсний хяналтад байсан бөгөөд зургадугаар сарын 15-ны өглөө 08:35 цагт халуураад, толгой өвдөөд байна гэж 103-т дуудлага өгчээ.
Дуудлагын дагуу 103 ирж “Өргөө” амаржих газрын яаралтай тусламжийн хүлээн авах тасагт хүргэж, М.Уянга гэх эмчид үзүүлсэн байна. Эмч гуянд нь тариа тариад “Гэртээ хариад хэвтрийн дэглэм бариарай” гэж хэлээд буцаажээ. Улмаар биеийн байдал нь таагүй хоноод, маргааш өглөө нь дахиад өрхийн эмчид дуудлага өгч үзүүлэхэд “Яаралтай хэвтэн эмчлүүлэх шаардлагатай” гээд төрөх эмнэлэгт хэвтүүлсэн байна.
-ХҮҮ МИНЬ ЭЭЖИЙГЭЭ АСУУГААД ӨР ЗҮРХ ЭМТЭРЧ БАЙНА-
Өдрийн 13:00 цагийн үед эмч нар ар гэрийхнийг нь дуудаад “Ураг амьгүй болсон. Хагалгаа хийнэ” гэж хэлсэн гэх бөгөөд тун удалгүй эхийн биеийн байдал ч муудлаа гэдгийг хэлжээ. Улмаар орой 17:00 цагийн үед “Танай дүү ямар ч найдваргүй боллоо. Уулзах хүн нь ороод уулз” гэсэн байна.
Талийгаачийн нөхөр энэ үед Өмнөговь аймагт байсан бөгөөд болсон зүйлийг сонсоод давхисаар байж хот орж ирсэн ч нэгэнт оройтсон байжээ. Хайрт эхнэр нь хорвоод мэндлэх гэж тэсэн ядан хүлээж байсан бяцхан үртэй нь хамтдаа хорвоогоос нэгэнт буцсан байжээ.
Тэрбээр “Үнэхээр гомдолтой байна. Миний гурван настай хүү ээжийгээ асуугаад үнэхээр өр зүрх минь эмтэрч байна. Хайран сайхан хань, үр хоёроо ингэж алдана чинээ санасангүй явлаа. Хэрвээ анх эмнэлэгт очсон өдөр нь гэртээ очиж хэвт гээд ямар нь үл мэдэгдэх тариа хийж буцаагаагүй бол миний хань өнөөдөр амьд мэнд байх байсан ч юм бил үү” хэмээн халагдан ярьж сууна.
-ЭМНЭЛГИЙН ДАРГА Д.ЭНХБАЯР СОГТУУ БАЙСАН-
Талийгаачийн авга ах Э.Ганхуяг хэлэхдээ “Эрүүл саруул байсан хүн эмнэлэгт тусламж авахаар очоод амиа алдлаа. Ийм зүйл байж болох уу. Анх халуураад байна гэж очиход гэртээ хэвт гэж буцаасан М.Уянга гэх эмчийн 100 хувь буруутай үйлдэл гэж үзэж байна. Гэтэл ийм том алдаа гаргачихаад өөрсдийгөө өмгөөлж, амиа алдсан дүгнэлтийг худлаа гаргаж, биднийг хуурах гэж оролдож байна.
Тус эмнэлгийн зүгээс манай дүүгийн үхлийн шалтгааныг олон эрхтэний дутмагшил, элэгний хурц үрэвслийн улмаас нас барсан гэж тэмдэглэсэн байсан. Бид энэ асуудлаар нэгдүгээр эмнэлгийн захирал Д.Энхбаяр гэж хүний өрөөнд орж уулзахад шал согтуу сууж байсан. Улмаар биднийг ална тална гэж хэл амаар доромжлоод зогсохгүй долдугаар сарын 1-нээс шинэ хууль хэрэгжиж эхлэхээр бид торгуулаад л өнгөрнө, та нар юу ч олж долоохгүй гэх мэтээр загнасан.
Бүх болсон процесс бичлэг дээр байгаа. Бид согтуу хүний сүрдүүлгэнд орсон учраас цагдаад хандсан. Удалгүй Сүхбаатар дүүргийн цагдаа нар ирж, согтуу захирлыг өрөөнөөс нь авч явсан. Мөн М.Уянга эмч тариа хийгээгүй гэж гүрийгээд байгаа. Гэтэл манай дүү над руу мессэж бичихдээ тариа хийлгээд, гэртээ ирээд хэвтэж байна гэж бичсэн. М.Уянга эмч гүрийгээд байгаа болохоор бид баталгаажуулах үүднээс тухайн мессэжийг үнэн бодит гэдгийг “Юнитель” компаниар албан ёсоор баталгаажуулж авсан баримт бидэнд бий. Шүүх эмнэлгийн дүгнэлт хэд хоногийн дараа гарна. Дүү минь хавсарсан олон өвчтэй байгаад, түүнээсээ болж хүүхэдтэйгээ цуг амиа алдаж уу, эсвэл эмчийн буруутай үйл ажиллагаанаас болж амиа алдсан уу гэдэг нь тодорхой болох байх” гэсэн юм.
-ЭМНЭЛГИЙН ДАРГА БОЛОН М.УЯНГА ЭМЧЭЭС ТАЙЛБАР АВЧ ЧАДСАНГҮЙ-
Бид энэ асуудлаар хоёр талын байр суурь авахаар “Өргөө” амаржих газрын Мэс заслын тасгийн эмч М.Уянгатай холбогдох гэсэн боловч холбогдож чадсангүй. Бас нэгэн сэтгүүлч бүсгүй мөн л М.Уянга эмчтэй уулзах гэж ажил дээр нь очиход Захирлын туслах гэх залуу “М.Уянга эмч амарсан байх. Манай дарга Д.Энхбаяр нэгдүгээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа” гэсэн хариулт өгсөн байв.
Д.Энхбаяр даргатай утсаар холбогдохыг оролдсон ч утас нь салгаатай байв. Ямартаа ч энэ хэргийг хууль хяналтын байууллага шалгаж буй. Талийгаач бүсгүйн үхэлд эмч нар буруутай эсэхийг зөвхөн хууль, шүүхийн байгууллага тогтоох юм.
Эх сурвалж: Medee.MN
Н.Учрал: Жагсаалтад ороход намын анхан, дунд шатанд гурван жил ажиллаж бэлтгэгдсэн байх шаардлагыг тавина
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана