Сайхан сэтгэлт залуус харангадаж үхэж буй зээрнүүдийг хамгаалжээ


Хэсэг залуус өөрсдийн санаачилгаар талд харангадаж буй зээрнүүдийг усалж буй мэдээлэл өчигдөр цахим хуудсаар тарсан билээ. Залуустай холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авсан байна. Дорнод нутаг энэ зун гандуу, хур бороо оролгүй удсан болохоор харангадаж үхсэн, сульдаж тамирдсан зээрнүүдтэй хаа сайгүй таарч байгаа гэнэ. Харин усалгааны талаар, газрын тосны 19, 21-р талбайгаас тус тус 30-40 км зайд нийт дөрвөн усан сан байгуулсан байна. Эдгээр усан сан нь өргөөшөө 3-6 метр, уртаашаа 15-23 метр бөгөөд гүн нь 50 см орчим аж. Нүхийг нь экскаватороор ухаад, өрмийн зүмп доторлодог пленкоор доторложээ. Нэг усан санд дунджаар 30тн орчим ус орж байгаа гэнэ. Эдгээр усан сангаас гадна талд тогтсон нэгэн цөөрмийн усны төвшинг нэмэгдүүлэхээр мөн худгаас ус зөөвөрлөж хийж байгаа аж. Өнгөрөгч өвөл Дорнод, Сүхбаатар аймагт гарсан малын цэцэг өвчин зээрийн сүрэгт мөн халдварлаж, тоо толгой нь нэлээд хорогдсон талаар эх сурвалжууд хэлсэн гэнэ. Иймээс дээрх хоёр талбайд технологийн тээвэр хийж буй “Дорнын их гэгээ”, “Томо бьюлдинг” компанийн залуус нэгдэн, тал нутгийн сувд болсон цагаан зээрийг хамгаалахаар усалгаанаас эхлүүлсэн үйл ажиллагаагаа өргөжүүлж, “Зээр хамгаалах сан” байгуулахаар шийдвэрлэсэн байна.

 

PAPARATSI.MN