Монгол Улсын 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн нэгдсэн дүнгээр Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга 514172 санал буюу нийт санал өгсөн сонгогчийн 38.1%, Монгол Ардын намаас нэр дэвшигч М.Энхболд 410159 санал буюу 30.3%, Монгол Ардын Хувьсгалт Намаас нэр дэвшигч С.Ганбаатар 409037 санал буюу нийт санал өгсөн сонгогчийн 30.19%-ийн санал тус тус авсан билээ. Ингэснээр энэ сарын 7-нд Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт болж, Х.Баттулга, М.Энхболд нарын хэн сонгогчдын дийлэнхи олонхийн саналыг авч чадсан нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдох юм. Үүнтэй холбоотойгоор эрх баригч МАН-д томоохон хөдөлгөөн үүсэх нь маш тодорхой болоод байна. Учир нь нэр дэвшигч М.Энхболд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд ялсан, ялагдсан аль нь ч бай МАН-ын даргын албан тушаалаа хүлээлгэн өгөх учиртай. Иймээс энэ намраас хэтрэхгүй Монгол Ардын Намын шинэ дарга тодрох учиртай. Хэдийгээр Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг МАН-ын даргаар ажиллуулах сонирхол тус намын зарим лидерүүдэд байсан боловч одоо энэ нь боломж муутай болсон аж. Харин Монгол Улсын Шадар Сайд У.Хүрэлсүх МАН-ын даргад нэрээ дэвшүүлж өрсөлдөнө, цаашилбал намынхаа гишүүдийнхээ дэмжлэгийг авах магадлал хамгийн өндөр байгаа юм байна. МАН-ын Төв Хороонд улс төрийн ажилтнаар улс төрийн гараагаа эхэлж, тус намын хамгийн нөлөө бүхий бүтцийн нэг болох Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоог ( Одоогийн Нийгмийн Ардчилал-Монголын Залуучуудын Холбоо) үүсгэн байгуулж, анхных нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан түүний хүрээлэл, баг хамт олон нь ч тус нам дотор маш их. Ийнхүү МАН-д Ухнаагийн Хүрэлсүх гэх удирдагчийн эрин үе айсуй гэж хэлэхэд буруудахгүй биз ээ. Цаашилбал Ж.Эрдэнэбатын удирдсан Засгийн газрыг огцруулах эсэх, Нийслэлийн удирдлагыг өөрчлөх эсэх олон асуудал эрх баригч МАН-ын шинээр сонгогдох даргын шийдлээр шийдэгдэх нь тодорхой юм.
П.Энхмандах
У.Хүрэлсүхийн намтар
Боловсрол:
1985 онд Нийслэлийн 10 жилийн хоёрдугаар дунд сургууль
1989 онд Батлан Хамгаалахын Их Сургуулийг Улс төрийн курс,
1994 онд Төрийн Захиргаа, Удирдлагын Хөгжлийн Институтийг Төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр,
2000 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Дээд Сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
2012 онд УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээрээ чөлөөлөгдөөд байх үедээ Австрали улсад Англи хэлний курст суралцсан.
Ажилласан байдал:
1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч
1991-1994 онд МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтан
1994-1996 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд зөвлөх
1996-1997 онд МАХН-ын Залуучууд Хөгжил төвийн Ерөнхий захирал
1997-1999 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
1999-2000 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд Нийгмийн бодлогын зөвлөх
2000-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
2000-2007 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн
2000-2004 онд Улсын Их Хурлын гишүүн
2004-2008 онд Улсын Их Хурлын гишүүн
2004-2006 онд Засгийн Газрын гишүүн, Онцгой Байдлын асуудал эрхэлсэн сайд.
2006-2008 онд Засгийн Газрын гишүүн, Мэргэжлийн Хяналтын асуудал эрхэлсэн сайд
2007 оноос Зүүний хүчний холбооны ерөнхийлөгч
2008 – 2012 МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
2012 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон.
2014-2015 Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
2016 оноос Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байна.
Улс төрийн шинжлэх ухааны магистр, Бэлтгэл хурандаа