Нөхөртөө нэг алгадуулчихаад гомдолгүй гэсэн ч шууд баривчилна


Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох хуулийн төслүүдийг өнгөрсөн 2016 оны 12 дугаар сарын 22-ны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан. Улмаар уг хуулийг өнгөрсөн хоёрдугаар сарын нэгнээс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн билээ. 

Эл хуульд ямар ямар өөрчлөлт орсон, хэдийнээс хэрэгжиж эхэлснийг одоо хүртэл мэдээгүй, мэдээлэлгүй байгаа иргэд олон байгааг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хариуцлага хүлээж буй хүмүүсийн тоо нэмэгдсэн гэх албаны эх сурвалжийн мэдээлээс харж болно.

Тодруулж хэлбэл шинэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих 441-р ангид долоо хоногт 40 гаруй хүн гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотойгоор ял эдлэхээр ирдэг болжээ. Улмаар тус хорих ангийн ачаалал нэмэгдэж, 30 хүн хорих ёстой камерт 98 хүн хоригдож байгаа талаар хэвлэлд мэдээлсэн байх бөгөөд эл хуулийн талаар олон нийтэд маш тодорхой мэдээлэл өгөх хэрэгтэйг онцолжээ.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд ял сонссон гэх дээрх иргэдийн дунд согтуу байхдаа эхнэрээ нэг алгадсан, эхнэртээ агсам тавьсан, гэрийн даалгавар хийлгэхдээ хүүхдээ цохисон ээж, гадаадад байгаа эхнэрээ утсаар сүрдүүлж дарамталсан залуу, эхнэрийнхээ фэйсбүүкийн нууц үгийг зөвшөөрөлгүй ашигласан эр, эхнэрээ өөр хүнтэй явалдаад байгааг бичлэг хийж баримтжуулсан нөхөр гэх мэт асуудлаас болж 14-25 хоногийн хугацаанд баривчлах ялаар шийтгүүлсэн хүмүүс олон байгаа аж.

Тэд хүчирхийлэл гэдгийг гэр бүлийхэндээ байнгын сэтгэлзүйн болон бие махбодийн дарамт үзүүлдэг хүмүүст хамаатай гэж ойлгож явсан нь эндүүрэл болжээ. Тэдний  ар гэрийхэн нь өргөдөлөө буцаахыг хүссэн ч тусыг эс олж ийн хоригдож суугаа нь энэ аж.   

Зураг: Хүчирхийллийн эсрэг үндэсний төв ТББ

-АНХ УДАА ҮЙЛДВЭЛ ЗӨРЧИЛ, ДАВТАН ҮЙЛДВЭЛ ГЭМТ ХЭРЭГ БОЛНО-

Гэр бүлийн хүчирхийллийн тухай өмнөх хуулинд ар гэрийхэн нь гомдолгүй гэвэл тухайн этгээдийг батлан даалтад гаргадаг, гадуур байцаадаг байсан. Гэвч хүчирхийлэгч этгээд батлан даалтад гарангуутаа эхнэр хүүхдээ дахин зодох  тохиолдол их гардаг байсан учраас энэ байдлыг таслан зогсоохын тулд шинэ хуулинд үүнийг өөрчилж, өргөдлөө буцааж татах, гомдолгүй гэж хэлээд ч ямар ч “найраа”-гүйгээр хүчирхийлэгч этгээдийг шууд баривчилж хорьдог байхаар тусгасан байна. Өөрөөр хэлбэл таныг хүчирхийлсэн этгээдүүдтэй эвлэрсэн байлаа ч нэгэнт цагдаагийн байгууллагад хандсан бол шууд баривчлах шийтгэл онооно гэсэн үг. Тодруулбал  хуулинд:

АНХ УДАА: зодох, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадах, мөрдөн мөшгих, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдвал үүнийг зөрчил гэж үзэж шууд 7-25 хоног баривчлах ял онооно.

УДАА ДАРАА ДАВТАН: Байнга зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдвал гэмт хэрэг гэж үзэж 1-6 сар хүртэлх хугацаагаар баривчлах, эсвэл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял оноохоор тусгажээ.

Зураг: Хүчирхийллийн эсрэг үндэсний төв ТББ

-НӨХРӨӨ БАРИВЧЛУУЛСАНААС БОЛЖ СЭТГЭЛ САНАА БОЛОН 
ЭДИЙН ЗАСГААРАА ХОХИРСОН ГЭВ-

Сэтгүүлч миний танил нэгэн бүсгүйд Гэр бүлийн хүчирхийллийн тухай шинэ хууль хэрхэн нөлөөлсөн талаар ярьсан юм. Тэрбээр “Нөхөр маань согтуу гэртээ ирээд, намайг зодож байгааг гадна байсан айлын хүн сонсоод, цагдаад дуудлага өгсөн байсан. Цагдаа ч шуурхай ирээд зураг дараад, мэдүүлэг авсан. Би гомдол гаргахгүй гэсэн боловч дахин гэрт ирж сайн дураараа мэдүүлэг авч, шүүх эмнэлэгт шинжилгээ өгүүлсэн. Ингээд гэмтэлгүй гэж гарсан ч гэсэн хэргийг маань шүүхэд шилжүүлээд захиргааны арга хэмжээ авч байна гээд 25 хоног хорьчихсон.

Нөхрийн маань хамаг ажил алдагдсан. Ингээд манайх гэдэг айл нөхөр ажлаа алдсан гэж эдийн засгийн хувьд хохирсоноос гадна нөхрийгөө хоригдож байх хугацаанд эргэлт, торгууль энэ тэр гээд дахиад бараг сар орчим маш их зардал гаргасан. Бас дээрээс нь сэтгэл санаа тавгүй, байнга санаа зовдог болсон. Нөхөр бид хоёрын хувьд амьдралдаа анх удаа зодолдсон нь энэ.

Согтуугийн улмаас ийм хэрэг гарсан. Гэтэл улсаас намайг хүчирхийлэлд өртлөө гэж хамгаалж, үйлчилж байна гээд эдийн засаг, сэтгэл санаагаар хохироосноос гадна нөхөр бид хоёрын харьцаанд сэв суулгачихлаа.Надад үзүүлж байгаа үйлчилгээ нь ердөө л энэ” хэмээн ярьсан юм.

Энэ бүсгүйн хэлсэнчлэн дээрх хуулийн заалтууд  амьдралд нийцэхгүй, хэт нэг талыг барьсан, гэр бүл салалтад нөлөөлж байна гэж хоригдож байгаа залуус ч хэлжээ. Ямартаа ч шинэ хуульд ямар зүйл заалт байгаа, ямар үйлдэл гаргавал хорих ялаар шийтгүүлэх вэ гэдгийг иргэд мэдэхгүй байгаагаас үүдэн ийн олноороо баривчлагдаж байгааг иргэд та бүхэнд дуулгая.

Зураг: Хүчирхийллийн эсрэг үндэсний төв ТББ

-ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЭГҮЙ ИРГЭНД 
ХАРИУЦЛАГА ТООЦНО-

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн ОНЦЛОХ ТАВАН заалтыг хүргэж байна.

1. Гэр бүлийн хүчирхийллийг эрүүгийн гэмт хэрэгт тооцдог болсон нь уг хуулийн хамгийн гол өөрчлөлт. Эхнэрээ нэг цохиод авсан ч хохирогч цагдаагийн байгууллагад мэдэгдсэн л бол баривчлагдана. Энэхүү шинэчлэлтээс өмнө гэр бүл дэх хүчирхийллийг ахуйн хүрээний маргаан хэмээн үзэж, захиргааны хариуцлага тооцдог байсан. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д Хохирогч гомдлоосоо татгалзсан буюу хүчирхийлэл үйлдэгчтэй эвлэрсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахыг зогсоох үндэслэл болохгүй хэмээн заажээ.

2. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байгааг мэдэгдсэн дуудлагыг цагдаа байгууллага авсан даруйдаа хамгийн түрүүнд очно гэсэн шинэ заалт оруулсан байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж буй ямар нэгэн аргаар хууль сахиулах байгууллагад мэдэгддэг ч зарим тохиолдолд цагдаа нар дуудлага авсан даруйдаа ирдэггүй байсныг ийнхүү хуулиар зохицуулжээ.

3. Гэр бүлийн хүчирхийлэгчийн зорчих эрхийг хязгаарладаг болсон. Эрүүгийн болон Хууль сахиулах тухай хуульд зорчих эрхийг хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээг хэрхэн зохицуулах вэ гэдгийг заасан байна. Заасан хязгаараас давсан тохиолдолд буюу хүчирхийлэгч, хохирогч хоёр ойртсон үед дохио өгдөг бугуйвч зэргийг зүүлгэхээр заасан байна. Ингэсэн тохиолдолд цагдаа ирж арга хэмжээ авах аж.

4. Хүүхэд хууль ёсны төлөөлөгчийнхөө хүчирхийлэлд өртсөн бол цагдаа тэдгээр хууль ёсны төлөөлөгчийн саналыг харгалзалгүйгээр хүүхдийг хамгаална гэсэн заалт шинээр оруулсан байна. Хүүхдийг хууль ёсны төлөөлөгч гэж эцэг эх, ах эгч нар, хүүхэд асрах төвийнхөн, халамжийн төвийнхөн, үрчилж авсан хүмүүсийг хэлнэ.

5. Гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлээгүй иргэнд Зөрчлийн хуульд заасны дагуу хариуцлага тооцохоор болсон байна.