МАХН: СЕХ-г татан буулгахыг шаардаж байна


Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшиж, 409899 сонгогчийн санал авсан С.Ганбаатар, намын гишүүдийн хамт мэдээлэл хийлээ. Тэд Монгол Улсын Үндсэн хууль, сонгуулийн хуулийг зөрчсөн, луйвардсан бохир сонгууль боллоо. Гол буруутан нь СЕХ хэмээн зарлалаа.

Тэд “Манай намаас нэр дэвшигч бүрэн ялсан. СЕХ санал тоолохдоо шалтгаангүйгээр удаашруулж, дүнг будлиантуулан  МАН-ын нэр дэвчигчдийн саналын тоог эрс нэмлээ. Тиймээс сонгуулийг бүхэлд нь хүчингүй болгож, дахин сонгууль явуулахыг шаардаж байна. Сонгуулийг баяр наадмаар далимдуулан луйвардах гэж байна. СЕХ-г огцруулж, татан буулгахыг шаардаж байна” гэлээ.

 

Харин нэр дэвшсэн С.Ганбаатар “СЕХ-ны мэдээг сонслоо. Хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж байна. МАХН-ын олон зуун гишүүд, шударга ёсны төлөө тэмцсэн олон иргэд гадуурхагдаж байна.  Монголын ард түмэн хулгайчгүй төртэй баймаар байна. тэдний өмнөөс луйврын үр дүнтэй эвлэрч болохгүй.

СЕХ луйварчдын гар хөл болдог, илбэчин байгууллага болжээ. СЕХ хоёрхон өдрийн дотор 35 мянган иргэдийг шинээр бий болголоо. Бид ёс зүйгүй зүйлтэй эвлэрч болохгүй. Бид баримтаар баталж чадна.

СЕХ-г үнэн мөнөөр ажилладаг болтол нь тууштай зүтгэнэ. Биднийг дэмжсэн сонгогчдодоо баярлалаа. Бид ялсан. Зөвхөн Ганбаатарын үйл ажиллагаа байсангүй. Ард түмэн минь хамгийн цэвэр өрсөлдсөн. Бид арга туршлага  л ярьдаг. Бид цус, гэр бүлийн асуудлаар нэг ч үг дуугараагүй.

 

Нурах байшин дотроосоо гэдэг. МАНАН нурж унаж байгаагаа хүлээн зөвшөөрлөө” гэлээ.