Г.Чулуунбаатар:Төрийн өмчийн их дээд сургуулиудын төлбөрийг нэмэхгүй


БСШУС-ын сайд Г. Чулуунбаатар өнөөдөр Монгол улсын 150 гаруй мянган өрхийн асуудал болох их дээд сургуулийн сургалтын төлбөрийн асуудлаар төрийн өмчийн их, дээд сургуулиудын удирдах зөвлөлтэй санал, солилцож, хэлэлцэх зорилгоор шуурхай хурал зарлалаа. Энэ үеэр тэрбээр "Улсын Их хурал, Засгийн газраас нийгэм эдийн засгийн нөхцөлийг сайжруулах талаар бодлогын суурь арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсний үр дүнд улс эх орны эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдал сайжрах хандлага бий болж эхэлж байгаа хэдий ч өрх гэр бүл, иргэдийн түвшинд хараахан шууд мэдрэгдэх нөхцөл бүрдээгүй байна.2016-2017 оны хичээлийн жилийн тайлангаас үзэхэд төрийн өмчийн их, дээд сургууль, коллежийн сургалтын төлбөрийн дундаж хэмжээ 1.0-2.9 сая төгрөг байна. Тиймээс эдийн засаг, иргэдийн амьдрал, аж байдал хүндрэлтэй байгаа өнөөгийн нөхцөлд сургалтын төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэх нь олон мянган өрх гэр бүл, иргэдэд санхүүгийн дарамт болж болзошгүй байгаа юм. БСШУСЯ-наас их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг нэмэгдүүлэхгүйгээр сургалтын хэвийн нөхцөлийг хангах боломжийн талаарх урьдчилсан судалгаа, тооцоог хийсний үндсэн дээр удирдах зөвлөлийн гишүүд та бүхэнд зөвлөмж, чиглэлийг өгч байна" гэв. Мөн "Би энэ салбарын сайдаар томилогдоод удаагүй байгаа хэдий ч салбарын яаралтай тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх тал дээр илүү их анхаарч салбарын нөхцөл байдалтай танилцаж, үнэлэх ажлыг хийж байна"гэв.