Марш тактикт оролцсон цагдаагийн алба хаагчид сэргээшийн төрлийн тариа хийлгэжээ


Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачлагаар Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохион байгуулдаг Марш тактикийн аварга шалгаруулах тэмцээний үеэр бие нь муудаж ухаан алдсан эмэгтэй алба хаагч эмнэлэгт хүргэдсэн ч эмчилгээгээ даалгүй нас барсан харамсалтай мэдээллийг бид хүргэсэн.

 

Талийгаач 29 настай О өнгөрсөн онд Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст хэв журмын болон жижүүрийн цагдаа хийж байгаад өнгөрсөн 12-р сараас Мэдээлэл шуурхай удирлагын төвд ажиллажээ. Хамт олных нь хэлж буйгаар тэрбээр бие сайтай, ямар нэг суурь өвчингүй байсан гэх бөгөөд бүхий л спортын төрөлд авьяастай, сагсан бөмбөгийн спортын мастер цолтой нэгэн байсан аж.

 

Тухайн өдөр яг юу болсон талаар албан бус эх сурвалж бидэнд мэдээлэхдээ Тавантолгойн сургалтын баазад халуун өдөр болсон тул цэрэгжилтийн хатуу дэглэмд явагддаг тэмцээнүүдийн үеэр ачааллаа даалгүй багтарч ухаан алдсан байж болзошгүй хэмээж байсан. Харин бидэнд энэ золгүй явдалтай холбоотой байж болзошгүй нэгэн ноцтой мэдээлэл олдсон юм.

Тодруулбал, тус тэмцээнд оролцсон ЦЕГ-ын алба хаагчид бүгд хүч тамир сэргээх сэргээшийн төрлийн тариа хийлгэсэн гэх мэдээллийг баттай эх сурвалж бидэнд өглөө. Харин эл асуудлыг ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Шалгалтын ажиллагаа хийгдэж байгаа учраас тийм зүйл болсон эсэхийг мэдэхгүй. Мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариулт өглөө.

 

lhagwasuren

 

Ё.ЛХАГВАСҮРЭН: ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН АЛБА ХААГЧ АЖИЛД 
ОРООД ЗУРГААН САР БОЛЖ БАЙСАН


Бид сүүлийн үед  гарч буй цагдаагийн алба хаагчидтай холбоотой мэдээллүүдийн  талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ажилтан, хошууч Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа.

 

-Сүүлийн үед танай байгууллагын алба хаагчидтай холбоотой сайн, муу олон мэдээлэл гарч байгаа ч хэвлэл мэдээллийн төвийн зүгээс ямар нэг тайлбар мэдэгдэл хийгээгүй. Тухайлбал, цагдаагийн албан хаагч хар тамхины хэрэгт холбогдсон асуудал нийгэмд маш их шүүмжлэл дагуулж байна. Энэ асуудалд тайлбар хийхгүй юу?


-Цагдаагийн албан хаагч хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдсон асуудал бий. Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх чиглэлээр цагдаагийн байгууллага нэлээдгүй ажил хийсэн. УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндэсний хөтөлбөр хүртэл батлагдсан. Энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газраас судалгаа хийсэн.

 

2017 оны тавдугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт гурван эрэгтэй, нэг эмэгтэй саатуулагдсан. 1985-1988 онд төрсөн. Дээрх этгээдүүдээс эд мөрийн баримт мөс буюу метафетамины төрлийн бодис болон бусад эд зүйлийг хураан авч, шалгалтын ажиллагаа Эрүүгийн цагдаагийн албаны хар тамхитай тэмцэх газарт хийгдэж байна.

 

Дээрх этгээдүүд дотор 1988 онд төрсөн, Улаанбаатар хотын харьяат, Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн албанд цагдаа зохицуулагчаар ажиллаж байсан Б гэгч байсан. Тухайн этгээдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, шалгалтын ажиллагаа хийж байна.

 

-Тухайн этгээд цагдаагийн албанд хэр удаан ажиллаж байсан юм бэ?


-Тухайн Б гэгч этгээд нь 2016 оны аравдугаар сарын 28-нд ажилд орсон. Цагдаагийн албанд ороод зургаан сар болох гэж байсан. Цагдаагийн алба энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр нэлээдгүй ажил хийж байгаа. Ялангуяа гэмт этгээдүүдийг илрүүлэх, дайчлан баривчлах чиглэлээр хийгдэж байна.

 

-Төрийн алба хаагчид хар тамхины хэрэг холбогдсон тохиолдол өнгөрсөн онд бүртгэгдсэн үү?


-Өнгөрсөн 2016 оноос хойш өдийг хүртэл цагдаагийн байгууллага төрийн албанд ажилладаг таван этгээдийг энэ төрлийн гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна.

 

-АМИА АЛДСАН АЛБА ХААГЧИЙН ШӨРМӨС ТАТСАН ТУЛ 
ЭМНЭЛЭГТ ХҮРГЭГДСЭН-


-Өнгөрсөн  долоо хоногт ерөнхийлөгчийн  нэрэмжит “Марш тактик-2017” тэмцээнд оролцсон цагдаагийн албан хаагч амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа?


-“Марш тактик 2017” цогцолбор тэмцээнд цагдаагийн байгууллагаас нэг эрэгтэй, нэг эмэгтэй салаа оролцсон. Энэ тэмцээнд Үндэсний аюулгүй байдлын чиг үүрэг бүхий есөн байгууллагын 19 баг буюу нийт 500 орчим баг тамирчин өрсөлдсөн. Харамсалтай нь тэмцээнд оролцсон албан хаагч амь насаа алдсан хэрэг гарсан. Үүнд холбогдох ажиллагаа хийгдэж байна. Тухайн тэмцээнд хамт оролцсон албан хаагчид цочролын байдалтай байна. Энэ үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрийн мэдээлэл гаргахгүй байхыг хүсч байна.

 

 

-Амиа алдсан алба хаагчийг тэмцээнд хүчээр авч явсан гэх мэдээлэл байна?


-Энэ тэмцээнд хүчээр орсон зүйл байхгүй. Тэмцээнд оролцуулахын тулд мэргэжлийн эмнэлгийн баг ажилладаг. Биелүүлж байгаа даалгаврын хувьд хүнд зүйлүүд байдаг. Тухайн тамирчин эхний гурван шатыг амжилттай биелүүж ирээд, дөрөвдүгээр шатанд нь шөрмөс нь татсан гээд эмнэлгийн анхан шатны тусламжаар эмнэлэгт  хүргэгдсэн. Улмаар хоёр хоногийн дараа буюу 2017 оны зургадугаар сарын 12-ны өдөр нас барсан харамсалтай хэрэг гарсан. Уг хэрэгт талийгаачийн ар гэр, найз нөхөд, хамаатан саданд гүн эмгэнэл илэрхийлж байна.

 

-Үүнээс гадна тэмцээнд оролцсон нэг алба хаагч сэхээнд байгаа, мөн тэмцээнийг ахалсан хурандаа амиа алдсан гэх мэдээлэл зарим хэвлэлээр гараад байна. Тэд тэмцээнд орохын өмнө хүч тамир сэргээх тариа хийлгэсэн гэх мэдээллийг баттай эх сурвалжаас авсан. Үнэн үү?


-Энэ асуудлаар шалгалтын ажиллагаанууд хийгдэж байгаа учраас тариа хийлгэсэн эсэх асуудалд хариулт өгөх боломжгүй. Надад тийм мэдээлэл алга. Тэмцээнийг ахалж явсан хурандаа амиа алдсан гэдэг нь ташаа мэдээлэл. Тухайн хурандаа эмнэлэгт биеийн байдал харьцангуй сайжирсан байдалтай байна. Цагдаагийн байгуллага томоохон уралдаан тэмцээнд оролцоход удирдах албан тушаалтан нь тухайн ажиллагааг, баг тамирчдыг удирддаг. Энэ дагуу тухайн албан хаагчдыг Н.Баярмагнай хурандаа удирдахаар болсон. Харамсалтай нь баг тамирчдаа удирдаж тэмцээнд оролцохоос өмнө даралт нь ихэсч, энэ ажлыг хийх боломжгүй болсон. Тиймээс бэлтгэлд гарсан эхний өдөр нь Удирдах зөвлөл хэлэлцээд томилгоог өөрчилсөн. Н.Баярмагнай хурандаагийн хувьд энэ тэмцээнд удирдаж, дасгалжуулсан асуудал байхгүй. Биеийн байдал харьцангуй гайгүй. Эмчилгээ хийлгэж байна. Амиа алдсан алба хаагчаас бусад тамирчид тэмцээнээ дуусгаад бариандаа амжилттай орж ирсэн. Биеийн байдлаасаа болоод эмнэлгийн тусламж авч, эмнэлэгт хэвтсэн нэг алба хаагч байгаа. “Марш тактик”-т оролцсоноос болж эмнэлэгт хэвтсэн үү, эсвэл өөрийн биеийн байдлаас болсон уу гэдгийг холбогдох шалгалтууд хийгдэж байж тодорхой болно.

 

-Туул голд живж байсан хүмүүсийн амь аварсан цагдаагийн алба хаагчийнхаа талаар мэдээлэл хийхгүй, тоохгүй байна гэх шүүмжлэл бас хэвлэлүүдээр бичигдсэн. Танайхаас алба хаагчдаа яаж шагнаж урамшуулах вэ?


-Манай алба хаагч 2017 оны зургадугаар сарын 7-ны өдөр Хан-Уул дүүрэгт эргүүлийн  үүрэг гүйцэтгэж яваад Туул голд амь насаа алдах гэж байсан иргэнийг аварсан. Үүнийг зөвлөлийн хурлаар хэлэлцээд, 2017 оны зургадугаар сарын 8-ны өдөр амь нас аварсан ахмад н.Гансүх болон жолоочийг Цагдаагийн гавьяа тэмдэгээр шагнах хүсэлтээ Ерөнхий газарт өгсөн. Уг асуудлыг журмын дагуу шийднэ.

 

Эх сурвалж:Medee.MN