Бүр хуралдаа огт ирдэггүй, эсвэл хааяа нэг танхимд үзэгддэг гишүүд ч олон байна. Тухайлахад, хаврын чуулганы хамгийн их таслалтай арван гишүүний тэргүүн байрыг Б.Наранхүү эзэлжээ. Тэрээр Ардчилсан намаас Дундговь аймгаас сонгогдож, чуулганы нээлтэд пудволктой орж ирэн, дуулиан тарьж байв.
МАН-ын Б.Саранчимэг гишүүний төрсөн дүү Б.Наранхүү энэ талаараа “УИХ-ын гишүүн гээд бүх юмыг мэдэхгүй. Тиймээс мэддэг асуудлынхаа хэлэлцүүлэгт суугаад, мэдэхгүйдээ орохгүй байсан нь дээр”гэсэн тайлбар хийсэн байдаг. Хаврын чуулган нийтдээ 21 удаа хуралдахад Б.Наранхүү гишүүн ердөө нэг ирж, 19-ийг нь шалтгаангүй таслан, нэг хуралд өвчтэй гэж бичүүлсэн байна.
Жагсаалтын хоёрдугаарт бие даагч С.Жавхлан гишүүн бичигджээ. Тэрээр 11 удаа хуралдааныг ямар нэгэн шалтгаангүйгээр тасалсан байна. С.Жавхлан гишүүний хувьд ерөнхийлөгч болон УИХ-ын даргад хүргүүлсэн шаардлагын хариу ирэхгүй байгаа учир чуулганд оролцохгүй байгаа гэсэн тайлбар хийсэн удаатай. Улмаар Эх үрсийн баяраар эсэргүүцлээ үргэлжлүүлж, албан өрөөндөө хоёр хонохдоо бичсэн шүлгээрээ дуу хийгээд амжсан билээ.
Эрх баригч намаас хамгийн их таслалттай гишүүнээр О.Содбилэг нэрлэгдлээ. Тэрээр намрын чуулганы хугацаанд 2-3 удаа картаа уншуулж, ирц бүртгүүлсэн бөгөөд хаврын чуулганы их таслалттай гишүүний гуравдугаарт бичигдэж байгаа юм.
Олон улсын харилцаа, дипломат албаны асуудлууд дээр ихэвчлэн байр сууриа илэрхийлдэг Д.Цогтбаатар, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав, С.Батболд нарын гишүүд хамгийн их таслалттай байна.
-ТЭДЭНД ЯМАР ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ ВЭ-
Ард түмнийг төлөөлж парламентад суух эрх авсан мөртлөө үүргээ умартаж, хуралдаандаа огт ирдэггүй, ихээр тасалдаг гишүүдэд ямар ч хариуцлага тооцдоггүй. Дэгийн тухай хуулиар хуралд ирэхгүй шалтгаанаа хуралдаан даргалагчид мэдэгдэх учиртай. Байнгын хороо, чуулганы хуралдаан эхлэх гээд ирц нь хүрэхгүй, утас цохиж гишүүдийг дууддаг байдал хэвийн үзэгдэл болов.
Уг нь ард түмнээ төлөөлж, парламентад тухалсан эрхмүүд тэдний санаа бодол, хүсэл зориг, эрх ашгийг энэ танхимд хөндөж, холбогдох хууль тогтоомжуудаа санаачлан ажиллах учиртай. Гэвч сайхан загнаж яваад сонгогдлоо бол энэ үүргээ мартчихдаг, хэт олонхи нэгэндээ итгээд хуралдаандаа ач холбогдол өгөхөө байсан байдал газар авсаар байна. Ард түмнээ төлөөлөөд парламентад сууж чадахгүй бол эргүүлэн татдаг баймаар. Гэтэл Монгол Улсад УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах ямар ч хууль тогтоомж байхгүй.
Чухам тиймээс гишүүд дуртай үедээ хуралдаа ирдэг, дургүйгээ хүрвэл хэд хоногоор хаяад явчихдаг байдалдаа дасаад байна.
Ж.МЯДАГБАДАМ
Эх сурвалж: Medee.MN
Н.Учрал: Жагсаалтад ороход намын анхан, дунд шатанд гурван жил ажиллаж бэлтгэгдсэн байх шаардлагыг тавина
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана