Сөүлийн гудамж буюу Циркийн хойд уулзвараас “Наран плаза” төв хүртэлх 440 метр авто замыг Автомашингүй, шөнийн гэрэлт гудамж болгон тохижуулсан. Өнгөрсөн баасан гаригийн 22 цагаас даваа гаригийн 06 цаг хүртэл автомашины хөдөлгөөнийг хязгаарлан тохижуулсан энэ гудамж цаашид ч долоо хоног бүр уламжлал болон гарах юм.
Гэвч шөнийн гэрэлт гудамж нээлтээ хийсэн даруйд олны талархал шүүмжийг эн тэнцүүхэн хүртэж эхэллээ. Чөлөөт цагаа өнгөрөөх газаргүй гэдэг олон залуус орой болоход энэ гудамжинд ирж кино үзэн, амьд хөгжмийн тоглолт сонирхон, найз нөхөдтэйгөө уулзаж ярилцан суух, зугаалах боломжтой болсны сацуу нийслэлд ирсэн жуулчдад ч үзүүлэх газар нэгээр нэмэгдсэнд алга таших хүмүүс цөөнгүй. Нөгөөтэйгүүр жижиг дунд бизнес эрхлэгчид болон хүнсний худалдаа эрхлэгчид уртасгасан цагаар ажилласнаар ашиг орлого нь нэмэгдэж буй юм.
Хийж бүтээж буйг нь үнэлэн энэ мэт давуу талуудыг дурьдаж болох ч шөнийн гэрэлт гудамжийг илүү дээр байлгаж болох санаа, гомдлууд манай редакцид ирснийг уламжилж байна.

-ОРШИН СУУГЧИД АМАРЧ ЧАДАХАА БАЙЖЭЭ-
Сөүлийн гудамжинд оршин суугчид энэ гурван өдөрт эрүүл, аюулгүй орчинд тайван амгалан байж чадаагүй талаараа ярилаа. Шөнийн 06 цаг хүртэл орчин тойронд нь орилж хашгичсан, архи ууж агсарсан хүмүүс байснаас нялх хүүхэдтэй хүмүүст ч амгалан тайван байдлаа алдаж, хөгшин настайчуул нь санаа амар байж чадахгүй, цагдаа сэргийлэх гэсээр өдрүүдийг барсан гэв.
Мөн тэндэхийн айлуудын орцонд хоноглогчид нэмэгдэж, зарим кодтой орцуудын хаалгыг эвдээд ч хамаагүй орсон байсан тухай ярилаа. Олны хөлөөс холдож тамхи татахаар ирсэн залуус айлын орцны үүдэнд сууж, шүлс нус цэрээ хаяж байгаагаас бага насны хүүхдүүдийг ч үдэш болоход салхилуулах боломжгүй болж, эмэгтэйчүүд, хүүхдүүд орой үдэш ганц нэгээрээ гарч явахад аюултай болсон гэлээ.
Нөгөөтэйгүүр, орон сууцны тухай хуулийн 17.1.7-д 40дБА-аас их хэмжээний дуу чимээ гаргахыг хориглосон байдаг. Яг орон сууцанд ийм их дуу чимээ гаргаагүй ч, орон сууцны ойролцоо үүнээс ч өндөр дуу чимээг амралтын өдрүүдээр, амрах цагаар гаргаж байгаа нь иргэдийн эрхийг зөрчиж буй явдал мөнөөсөө мөн билээ.
-ХОГОНД ДАРАГДСАН “ӨГЛӨӨНИЙ” ГУДАМЖ-
Шөнийн гэрэлт гудамж ажиллаж эхэлснээр энд хүнсний худалдаа эрхлэгчид төвлөрч, уух ус ундаа, боов, чихэр, хоол, амттанаар зугаалагчдыг зугаацуулах болов. Ирсэн зочин бүр гартаа нэг ус, ундааны сав эсвэл чихэр, чипсхэн барьж яваа нь харагдах ч хогийн сав нүдний гэм. Зарим нь ч барьж яваагаа халаасласаар, цүнхэлсээр хог болгочихгүйг бодно. Зарим нь суусан газраа ил задгай тавьчихаад, хоёр алхам газарт хогийн сав байгааг ч анзаарахгүй, хээв нэг инээлдсээр өнгөрнө. Ирсэн хүмүүсийн шүлс, нус, цэрний тухай яриад ч хэрэггүй.
Өглөө болоход үзэсгэлэнтэй шөнийн гудамж маань үнэн царайгаа харуулна. Худалдаа эрхлэгчдийн цаасан хайрцаг, уут, сав, суулга, хараахан хаяж амжаагүй хог, хөглөрсөн ундааны сав гээд л. Залуус өчигдөр орой ямар орчинд алхаж явснаа даанч анзаарсангүй. Хог хаягдал дотор нь муудсан, ялзарсан хүнсний зүйлс бишгүй. Эрүүл ахуйн шаардлага хангасан эсэхэд эргэлзмээр.
-СӨҮЛИЙН ГУДАМЖНЫ ЗАМЫГ ХААГААГҮЙ БАЙХАД Ч АЧААЛАЛ ДИЙЛДЭГГҮЙ-
Циркийн ойролцоох зам, ялангуяа Сөүлийн гудамж бол амралт ажлын өдрийг үл харгалзан өглөөнөөс орой болтол байнгын өндөр ачаалалтай байдаг замуудын нэг. Гол авто замыг ингэж хааснаар бусад замуудад ачаалал өгч, түгжрэл үүсэх үндэс нь болж буй талаар замын хөдөлгөөнд оролцогчид гомдолтой байна. Угаасаа энэ зам хөдөлгөөнтэй байхдаа ч авто замын хүрэлцээ муу байдаг байхад бүр хаачихаар юу болох нь тодорхой.
Бид энэ гурван үндсэн асуудлыг шийдээсэй гэж ажил хийсэн санаачлагчдаас хүсч байгаа болохоос шөнийн гудамж хэрэггүй, муухай байна гэсэнгүй. Хийсэн нэгэн нь л шүүмж сонсдог, сонссон шүүмжээ засч залруулснаар ажил хэрэг цэгцэрдэг учиртай. Иймд бид Шөнийн гудамжийг өөр зай талбайд хийх санаачлагыг дэвшүүлж буй юм.
Заавал орон сууцны хорооллын дунд иргэдийн амар тайван байдлыг эвдэж, ачаалал өндөртэй жижиг замыг хаан байж шөнийн гудамж хийж байхаар Дүнжингаравын урд талын том талбай, Ялалтын талбай, Цэцэрлэгт хүрээлэн зэрэг бэлэн сул зайг яагаад ашиглаж болохгүй гэж.
Эх сурвалж: Medee.MN
Н.Учрал: Жагсаалтад ороход намын анхан, дунд шатанд гурван жил ажиллаж бэлтгэгдсэн байх шаардлагыг тавина
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана