ТОМИЛОЛТ: Адуунчулууны нуурын боржин чулууг авч сүйтгэж байна


-МАШ ИХ СҮЙТГЭЛ ЯВАГДАЖ БАЙГААД ХАРАМСАЖ БУЙГАА ИЛЭРХИЙЛЛЭЭ-  


Улаанбаатар хотоос 70 гаруй км зайд орших Буурал хангай уулын өмнөх Адуунчулууны нууранд нэгэн аж ахуйн нэгж зөвшөөрөлгүй тэсэлгээ хийж, хууль бусаар олборлолт явуулаад эхэлсэн талаар манай сайтад мэдээлэл ирсэн юм. Энэ дагуу манай сурвалжлах баг тус газрыг зорилоо. Биднийг очиход нуурын ойр орчмын боржин чулуудын хуулахыг нь хуулаад, түүгээр ч зогсохгүй нууран доторхи боржин чулуудыг тэслэн олборлож буй харамсалтай дүр зураг угтав.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, энд Т.Отгонбаяр захиралтай “Тасо” хэмээх Солонгосын хөрөнгө оруулалттай компани үйл ажиллагаа явуулж байгаа аж. Нутгийн иргэн хэлэхдээ “Уг нь боржин чулуудыг хөшөөнд ашиглахаар зөвшөөрөл авсан юм гэнэ лээ. Эндэхийн энэ сайхан байгалийн үзэсгэлэнтэй газрыг хөндөлгүйгээр аялал жуулчлалын бүс болгосон бол улс орондоо ч хэрэгтэй байлаа.

Маш их сүйтгэл явагдаж байна. Бид боржин чулуу авахыг хорьж байгаа юм биш. Хамгийн гол нь нууран дахь боржин чулуудыг сорчилж, тэсэлгээ хийн олборлон авч байгаад маш их харамсах сэтгэл төрж байна” гэлээ.

Энэ хөндийд анх “Алт 1” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 4, 5 аж ахуй нэгж өнөөдрийг хүртэл холбогдох хууль дүрмийн дагуу тусгай зөвшөөрлөө авч, үйл ажиллагаагаа тогтмол явуулсаар иржээ.

chuluu

chuluu

Тус компаниудын ажилчид хэлэхдээ, энэ хөндий анх тарвага элбэгтэй, олон төрлийн эмийн ургамал ургадаг их гоё газар байсан талаар ярьж байлаа. Мөн Баруун уртын хөндий Лигдэн хааны үеэс хаадуудын амьдарч байсан нутаг бөгөөд сүүлийн жилүүдэд хиргэсүүр ухдаг хүмүүс маш их явдаг болжээ.

Нутгийн иргэн “Саяхныг хүртэл хунтай, ангиртай, усны шувууд ирдэг нуур байлаа. Энэ нуурын хажууд зассан ор шиг боржин чулууд ч байсан. Тэрнийг тэсэлж авч байгаа. Урд дахиад нэг чулуу тэсэлж байна лээ. Уг нь дөнгөж хайгуулаар ирээд сар гаруй болж байгаа л компани. Боржин чулуудыг тэслээд хураачихсан байна лээ. Яах гэж байгаа юм, бүү мэд. Энэ боржинг судлаагүй байхад нь ингэж ашиглана гэдэг буруу. Хэдийгээр нуурын ус ширгэсэн байдалтай байгаа ч гүний худаг гарган хэвийн байдалд нь оруулах бүрэн боломжтой байсан юм” хэмээн харамсангуй өгүүлсэн юм.

Геологич н.Мажигсүрэн хэлэхдээ, бид 2005 онд оюутнуудынхаа хамтаар энд геологийн судалгаа хийсэн. Уртаашаа 9 км өргөөшөө 5 км талбайд дээж авч явлаа. 17 төрлийн боржин чулуулаг тогтсон байгааг олж тогтоосон. Энэ компани сар гаруйхан хугацаанд яахаараа ийм их уул уурхайн ажиллагаа явуулчихдаг юм, бүү мэд. Жил гаруй үйл ажиллагаа явуулж байгаа компаний ажил нь иймэрхүү харагддаг биз дээ. Хайгуул, олборлолт хийх зөвшөөрөлтэй компани гэж бодохгүй байна. Анхны тогтоц нь өөрчлөгдсөн болохоор дахин нөхөн сэргээнэ гэдэг хэцүү гэв.

chuluu

 

-ЗУРГАДУГААР САРД БАЙГАЛЬ ОРЧНЫ ШАЛГАЛТ ОРУУЛНА ГЭВ-


Орон нутгаас Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар зөвшөөрөл олгосон мэдээлэл байгаа юм. Энэ талаар Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Д.Ганбаяраас тодрууллаа. Тэрээр хэлэхдээ “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль батлагдаж, орон нутаг тусгай зөвшөөрлөө олгодог болсон. Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй гэж ажилчин нь хэлж байна. Энэ хавар гарч ирж үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Захирал, удирдлагууд нь байхгүй байгаа юм байна. Байгаа байдлыг нь баримтжуулж авлаа. Зургаан сардаа байгаль орчны шалгалт оруулна” хэмээв.

Бидний олж мэдсэнээр нуураас боржин олборлож буй "Тасо" ХХК нь хэв хашмалын үйлдвэрлэлийг 2012 оноос хойш эрхэлж буй юм байна. Мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор бид тус компаний захирал Т.Отгонбаяртай холбогдож энэ талаар тодруулахыг оролдсон ч түүний 9911.... дугаартай утас холбогдох боломжгүй байв. Нутгийн иргэдийн хэлснээр, тус компаний захирал "Тусгай зөвшөөрлөө хөөцөлдөөд гурван жил болсон, одоо ажлыг минь битгий нураачихаарай. Хэдэн чулуу авахад юун сүртэй юм бэ" хэмээн хэлжээ. 

chuluu

 

-НУУРЫГ ДАХИН СЭРГЭЭХЭД 220 САЯ ГАРУЙ ЖИЛ ШААРДАГДАНА-


Монгол Улсын зөвлөх инженер, профессор П.Дугараагаас энэ газрын талаар тодрууллаа.

-Та бидэнд энэ газрын талаар мэдээлэл өгөхгүй юу?  

-Бидний энэ сууж байгаа газрыг Адуунчулуун гэдэг. Тээр тэнд дөнгөж цухуйж байгаа уулыг Буурал хангай гэдэг. Геологийн нэр томъёогоор яривал Жанчивлангийн районы хүдрийн зангилгаа газар. Гол нэр нь Жанчивлангийн боржингийн массив гэсэн тодотголтой. Тэр гүвээний цаана Жанчивлангийн рашаан сувилал бий. Энд 1977 оноос хойш геологийн судалгаа хийж байна.

-Судалгааны явцад хичнээн төрлийн ашигт малтмал илэрсэн байдаг вэ?

-Их олон төрлийн ашигт малтмал илэрсэн. Алтны шороон ордоос эхлээд маш олон шороон ордууд, газрын ховор элементүүд, цагаан тугалга, уран ч хүртэл байгаа.

-Адуунчулууны нуурын гүнээс боржин олборлож байгаа талаар та юу хэлэх вэ?

-Биднийг анх судалгаа хийж байхад цэлийсэн их устай нуур байсан. Жанчивлангийн хавиар явж байхад намагтай, машин суучихдаг газар байсан юм. Гэтэл өнөөдөр харахад хувхай цагаан тал болоод байж байна. Нэг талаасаа хүмүүсийн үйл ажиллагаа, нөгөө талаасаа дэлхийн дулааралтай холбоотойгоор байгаль маш их сүйрч байна. Өнөөдөр хар л даа, нуурын боржинг ухаж авч барилгын материал хийж байна. Нуурын ёроолын боржинг тийм хүчтэй техникээр өрөмдөөд, хагалаад сууж байна гэдэг их сонин харагдаж байна. Бид өнөөдрийн төлөө биш, маргаашийн төлөө бодох хэрэгтэй. Гадны хүмүүсийн гар, хөл болж, байгалийнхаа баялгийг сорчилж ашигламааргүй байгаа юм. 

-Одоо энэ нуурыг нөхөн сэргээхэд хэдэн жил шаардагдах бол?

-220 гаруй сая жилийн түүхтэй хөндий гэхээр төдий хэмжээний хугацаа л шаардана даа. Боржин чулууд нь нуурын усны түвшнийг хадгалдаг учиртай юм. 

 

Д.ЭРДЭНЭТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: Medee.MN


chuluu

chuluu

chuluu

chuluu