Mонгол Улс олон намын тогтолцоотой орон. Гэвч хоёр гол намыг эс тооцвол бусад нь ганц хүний нам гэж хэлэгддэг. АН, МАН хоёроос бусад намыг зөвхөн лидер гэх ганцхан хүнээр нь л төлөөлүүлэн төсөөлөх боломтой гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тэдний тухайд нэг л хүний улс төрийн эрх ашгийг хангахын төлөө байгуулагдсан, эс бөгөөс нэг л хүн нь өөрөө байгуулсан ийм хоёрхон л зүй тогтол бий. Нэг хүн нь өөрөө байгуулсан намуудын жишээ гэвэл, Б.Жаргалсайханы БНН, Б.Эрдэнэбатын “Эх орон” нам, Л.Гүндалайн “Ард түмнээ хайрлая” нам, Ц.Шинэбаярын Хамуг Монгол хөдөлмөрийн намыг нэрлэж болно. Харин нэг л хүний улс төрийн эрх ашгийг хангахын төлөө байгуулагдсан намын тоонд МАХН, МҮАН, ИЗНН-ыг дурдаж болох юм.
Уг нь нам бол олон хүний үзэл бодлын нэгдэл байдаг. Улс төрийн нам гэдэг нь хэн нэгэн улстөрчийн фэн клуб биш. Үзэл баримтлал дээр нэгдээгүй, ганц хүний эрх ашигт дагаар орох, эсвэл тухайн лидерийн л үзэл баримтлалд шүтэх хэлбэрээр нэгдэж бий болсон намууд улс төрд тогтвортой оршин тогтнож чаддаггүй. Бусад намтай нэгдэх нийлэх, салах, эсвэл татан буугдах, дахин шинээр байгуулагдах үзэгдэл бол тэдний үргэлжийн хэв шинж. Лидер нь л хаашаа гуйвна, нам нь дагаж ганхана. Ийм жишээг бид Монголд олонтаа харсан шүү дээ. М.Энхсайхан Монголын Үндэсний Шинэ нам гэж байгуулаад, тэр нь хэрхэн нэгдэж нийлж, салж сарниж яваад МҮАН болж, улмаар АН-тай нэгдэж дуусах, С.Оюуны байгуулсан Иргэний зориг нам бас хэдэн намтай салж нийлж явсаар ИЗНН байснаа эцэстээ АН болж төгсөх энэ зам бол ийм намуудын туулдаг энгийн л жишиг гэлтэй.
ИЗНН оршин байсан бүх хугацаандаа зөвхөн С.Оюуны улс төрийн эрх ашгийг хангасан гэхэд хилсдэхгүй. Тэрээр энэ намын бүх цаг үеийн дарга нь байв. Ганц хүний намын хамгийн илэрхий шинж тэмдэг бол дарга нь хэзээ ч солигдох ёсгүй. Бас огцрохгүй. Дэд дарга нь харин хэн ч байж болох бөгөөд хэд ч байж бас болдог. Тиймээс даргыг нь солих боломжтой эсэхээр нь л тухайн намыг тодорхойлчихож болно гэсэн үг. Б.Жаргалсайхан, М.Энхсайхан, Л.Гүндалай, Б.Эрдэнэбат, Н.Энхбаяр наргүйгээр намыг нь төсөөлөх гээд оролдох нь өнөөдрийн нөхцөлд боломжгүй. Н.Энхбаяр жишээ нь цагтаа МҮАН-ыг М.Энхсайханаас салгах оролдлого хийсэн ч амжилт олоогүй. Тэрээр МҮАН-ын даргаар Н.Батцэрэгийг солих санал ил шулуухан тавьсан байдаг. Хэдийгээр нэг эвсэлд багтдаг ч нөгөө намынхаа дотоод хэрэгт оролцох нь улс төрийн соёлын хувьд ч тааламжгүй зүйл. Үүнийг дуулсан М.Энхсайхан Н.Энхбаяраас хэдийнээ зэнзийрхэн холдож нүүгээд АН-ын хаяанд очоод буучихсан.
Намаас лидерийг нь суйлах боломж аль нэг намд байж болдог. Харин лидерээс нь намыг нь суйлах, хулгайлах ямар ч боломжгүй. Ийм оролдлого бүр бүтэлгүйтдэгээс гадна хэрүүл тэмцэл, өсөрхөл болж төгсдөг. Хамгийн тод жишээгээр Иргэний зориг нам, БНН хоёр нэгдээд С.Оюун, Б.Жаргалсайхан гэх хоёр хүний хэн нь дарга болох вэ гэдгээс үүдэлтэй хэрүүлээс болоод л салсан тохиолдлыг хэлж болно. Одоо энэ хоёр улстөрч нэг нэгнээ үздэггүй билээ.
Энэ бүхний дүгнэлт нь ганц хүний нам бол зөвхөн лидер гэх ганц л хүний дур зорго, эрх ашигт захирагддаг гэсэн дүгнэлт. Түүнтэй тэрсэлдэх үзэл санаа, сөрөг байр суурь, зөрөх үг үйлдэл байх боломжгүй гэсэн санаа. Тэгвэл ганц Н.Энхбаяр гэх улстөрчийн эрх ашгийг хангах зорилготой намуудын нэг нь МАХН юм байна. Ингэж хэлэх бүрэн үндэслэл бий. Энэ нам дотор хагарал, зөрчил хуримтлагдаж, нийлэх болон салах үзэгдлүүд хангалттай явагдсан. Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар нүүр буруулан одож, тэдгээрийн оронд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших чин горьдлоготойгоор С.Ганбаатар ирж нийлэв.
Гэвч эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг. Н.Энхбаяр Ерөнхийлөгчид нэр дэвших эрхээ бусдад өгөхийг хүссэнгүй, хууль эрх зүйн боломжгүй байсан ч өөрийгөө л зүтгүүлэхийг илүүд үзэв.
МАХН гэх Н.Энхбаярын фэн клубийн гишүүд эзэндээ гоморхож л чадахаас түүнийг сөрж чадахгүй нь нэгэнт тодорхой болсон. Тиймээс эзэн юу дуртайгаа хийж, харин бусад нь түүнийг хар сохроор дэмжин уухайлахаас өөр мэхгүй. МАХН-ын гишүүд дэмжигчдийн холбоо болон Бүх ард түмний их хуралдай гэсэн хоёр ч төрийн бус байгууллага МАХН-ын дэргэд бий. Гэтэл эдгээр байгууллага нь МАХН-ын үйл ажиллагааг зогсоох, татан буулгах талаар олон нийтэд мэдээлж, улсын дээд шүүхэд хандсан тохиолдол гарч байсан ч энэ бүх оролдлого нь Н.Энхбаяргүй МАХН гэж байхын төлөөх тэмцэл, эсэргүүцэл хараахан биш юм. Харин эсрэгээрээ Н.Энхбаяр гэх ганцхан хүнд гомдсон гоморхол, өөрийг нь үнэлээгүйд өсөрхсөн, эрх ашиг нь хангагдаагүйд бухимдсан зэргээс үүдэлтэй сөрөг тэмцэл төдий байсан. Өөрөөр хэлбэл, МАХН нэг л эзний зарц ажээ.
ZINDAA.MN
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
“Нүүрс пиролизийн үйлдвэр”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тогтоолын төслийг дэмжлээ
Хогноос эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр 34 МВт-ын хүчин чадалтайгаар ажиллана
Монелийн гудамжны авто замыг өнөөдрөөс хааж, засварлана
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Долоодугаар сард 709.503 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь