СЕХ өчигдөр хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд МАХН-аас нэр дэвшихээр материалаа өгсөн Н.Энхбаярыг бүртгэхээс татгалзсан билээ. МАХН энэ сарын 17-ноос өмнө Ерөнхийлөгчийн сонгуульд нөхөн нэр дэвшүүлэх боломж бий. Үүнтэй холбогдуулан академич, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Нарангэрэл МАХН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвших хүсэлтээ намынхаа удирдлагад албан бичгээр хүргүүлжээ. Тэрбээр хүсэлтэндээ : "Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр намын Бага чуулганд нэрийг минь оруулж байсанд талархаж байна. Одоо дахин нэрийг минь дэвшүүлвэл татгалзах зүйл алга" гэж бичжээ.
Содовсүрэнгийн Нарангэрэлийн товч намтар
Академич, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн
Төрсөн газар:
Төв аймгийн Сэргэлэн сум
Төгссөн сургууль, мэргэжил:
1961-1971 онд Нийслэлийн 10 жилийн 6 дугаар сургуулийг төгссөн. 1971-1975 онд Монгол Улсын Их Сургууль, 1985-1988 онд ОХУ-ын Москва хотноо эчнээ аспирантурт суралцан төгссөн. Эрх зүйч, хуульч.
Ажилласан байдал:
1975-1985 онд МУИС-ийн Салбар эрх зүй судлалын тэнхимийн багш,
1985-1990 онд Улаанбаатар хотын Ерөнхий Прокурорын орлогч,
Улсын Ерөнхий Прокурорын туслах бөгөөд шүүн таслах
ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга
1991-1992 онд Улсын Бага Хурлын дэргэдэх Төр, нийгэм судлалын
Академийн дэд захирал
1992-1996 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
1997-2002 онд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч
2000-2009 онд Эмнести интернейшнл хүний эрхийн олон улсын
байгууллагын удирдах зөвлөлийн дарга
1996 оноос МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрүүгийн эрх зүйн
тэнхимд багш, тус сургуулийн дэд захирал. /1975 оноос
орон тооны болон цагийн багшаар МУИС-д багшилсан/
2004 онд Япон улсын Нагояагийн Их Сургуульд зочин
профессороор ажилласан.
1996-2011 онд МУИС-ийн хууль зүйн сургуулийн захирал,
2012 оноос МУИС-ийн хууль зүйн сургуулийн Эрдмийн зөвлөлийн дарга