Өрийн тааз 2020 онд 100 хувьд хүрнэ, биднийг хичнээн төгрөгийн өр хүлээж байна вэ


-БОНДЫН ӨРИЙГ ГАДААДАД Ч, ДОТООД Ч НЭМЭГДҮҮЛЭВ-


Өнгөрсөн дөрвөн жилийн хамгийн муу мэдээ гаднаас зээл авах, бонд босгох явдал байлаа. Тухайн үеийн сөрөг хүчин монгол хүн бүрт ногдох өрийн хэмжээг байсхийгээд зарлана. Тэр тоолонд олон түмэн “Ингээд өрөндөө баригдлаа” гэх айдаст улам гүн автаж байв. Ингэж явсаар сонгуулийн өмнөх саруудад монгол хүнд ногдох өрийн хэмжээг 15 сая хэмээн зарласан байдаг.

 

Өр ингэж өсч байсан ч өмнөх Засгийн газар сүүлийн жилдээ өрийн таазаа дөнгөж 58.1 хувьд хүргэж нэмэгдүүлсэн юм. Өрийн тааз нэмэгдүүлэх асуудал мөн л сөрөг хүчний шүүмжлэл дор өрнөж, сонгуулийн пиарыг нь улам хүчтэй болгож өгсөн.

 

Гэтэл энэ цаг үед эсрэгээрээ “мэргэжлийн” Засгийн газар гаднаас зээл авч, бонд босгож чадаж л байвал тэр нь сайн мэдээ болчихоод байна. Уг нь эрх баригч нам сонгуульд ялалт байгуулахдаа гаднаас дахин шинээр бонд босгохгүй, өр тавихгүй гэх амлалт өгсөн. Харин Засгийн газраа дөнгөж эмхлэн байгуулангуутаа  төсвийн тодотголыг өргөн барих замаар өрийн таазаа ирэх дөрвөн жилд тултал нэмэгдүүлэхээр чимээгүй байдлаар хуульчлаад өгчихсөн билээ.

Тодруулбал, Өрийн удирдлагын тухай хуулийг өөрчилснөөр дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх өрийн дээд хэмжээг 2016 онд 88, 2017 онд 90, 2018 онд 97.5, 2019 онд 105, 2020 онд 100, 2021 онд 90, 2022 онд 80, 2023 онд 70, 2024 онд 60 хувьд тус тус барих эрх зүйн орчин бүрдээд буй. Нэгэнт өрийн таазаа нэмэгдүүлэх эрхийг Засгийн газар өөртөө нээчихсэн тул өр тавихаас айдаг “хуучин” зангаа мартчихаад байна.

Улмаар гаднаас бонд босгох асуудлыг ямагт буруутгасаар ирсэн явдлаа ор тас мартаж, 580 сая евро бондын өрийг барагдуулахдаа 600 сая ам.долларын “Хуралдай” бонд босгоод дарчих жишээтэй. “Хуралдай” бондын үндсэн төлөлт 2024 онд хийгдэнэ. Тэр болтол Засгийн газар хагас жил тутамд 26 сая ам.долларын хүүгийн төлбөр төлөх юм. Өөрөөр хэлбэл, хүүгийн төлбөрт долоон жилийн хугацаанд Засгийн газар 900 тэрбум төгрөг төлнө гэсэн үг. Гэвч хүүгийн төлбөрийн энэ өндөр дүнг эрх баригч нам үл тоож, “Бондынхоо өрийг амжилттай дарлаа” гэсэн гял цал мэдээ түгээгээд өнгөрөв.

Мөн дээр нь Засгийн газрын богино хугацаат бондын дотоодын арилжааны хэмжээг 2017 онд 450 тэрбумд хүргэхээр төлөвлөөд байна. УИХ арилжааны банкуудыг зээлийн хүүгээ буулга гэж тушаадаг мөртлөө Засгийн газар нь өрийн бичиг өгч, бэлэн хоол цутгаад байгааг чухам юу гэж тайлбарлалтай. За дүүрч гээд бондыг орхиё.

 

-ГАДНААС АВАХ ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРҮҮДИЙГ СОЁРХОН БАТАЛСААР БАЙНА-


Гаднаас зээл авахгүй байх тухай хоолойгоо сөөтөл хашгирч явсан өнөөгийн эрх баригч нам эдийн засгийн хүндрэлээс гарах алхмаа ерөөсөө өр тавих гээд ойлгочихсон, үүний төлөө улайрч яваа нь харамсалтай. ОУВС-гийн шугамаар нийтдээ 5.5 тэрбум ам.долларын зээлийн шугам нээгдлээ гэдэг мэдээг Засгийн газар хичнээн баяр бахархалтайгаар түгээв. Одоо Засгийн газрын түвшинд яригдаж байгаа асуудлууд нь ерөөсөө гадны орнуудаас авах зээлийн хэлэлцээрүүд.

Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар л гэхэд Дэлхийн банкны 79 сая, БНЭУ-ын 1 тэрбум, БНСУ-ын 500 сая ам.долларын зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлах асуудлуудыг нэг дор хэлэлцэв. Үүнтэй зэрэгцээд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын БНХАУ-д хийх айлчлалын үеэр 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл, 1 тэрбум юанийн буцалтгүй тусламж яригдахаар хүлээгдэж буй. Тус улсын Ардын банктай своп хэлцлээ сунгаж, 2.2 тэрбум ам.долларын хэлцэл шинээр хийх шийдэлд хүрснийг энд давхар дурдъя.

 

Мөнхүү УИХ-ын дарга М.Энхболд Япон Улсад айлчлах үеэр 850 сая ам.долларын зээлийн асуудал яригдсан. Барилгын салбарт Турк улс 300 сая ам.доллар, Польш улс ХАА-н салбарт 50 сая еврогийн зээл орж ирэх асуудал өмнөх Засгийн газрын үед яригдсаныг ажил хэрэг болгохоор шамдан ажиллаж байна.

 

“Нээлттэй нийгэм форум”-аас гаргасан судалгаанаас харахад, 2017 онд Засгийн газрын өрийн үлдэгдэл 24.8 их наяд төгрөг болохоор байна. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 84.8 хувьд хүрэх тооцоо юм. Өрийн удирдлагын тухай хуульд шинээр оруулсан өөрчлөлтийн дагуу өрийн тааз 90.1 хувьд хүрэх боломжтой учир хуулиндаа харшлахгүй аж.

Чухам тиймээс л Засгийн газар гаднаас авах зээлийн хэлэлцээрүүдээ ямар ч айдасгүйгээр соёрхон баталж, гадагшаа явсан бүхэн мөнгө гуйн туулайчилж буй юм. Яг ийм боломжийг өөрсдөдөө олгох зорилгоор шинэ Засгийн газар дөнгөж ажлаа авангуутаа өрийн таазаа нэмэгдүүлсэн гэхэд ч болно.

 

-ИРГЭН БҮР 7.9 САЯ ОРЧИМ ТӨГРӨГИЙН ӨРТЭЙ -


Уг нь АН жаахан сэргэлэнсэн бол Ерөнхийлөгчийн сонгууль дөхөөд байгаа эмзэг цаг үед МАН-ын өнгөрсөн жилүүдэд барьсан пиарын технологийг тэдэнд эргүүлэн хэрэглэх боломжтой. Энэ нь Засгийн газрын өрийн үлдэгдэл болох 24.8 их наяд төгрөгөө өнөөгийн хүн амын тоонд /3.119.935/ хуваагаад, “Монгол хүн бүрт тэдэн төгрөгийн өр ногдож байна” гэж сенсаацилах санаа юм. Гэвч одоогоор АН асуудлыг ингэж хөөсрүүлээгүй байна.

 

МАН тухайн үедээ 15 сая гэдэг тоог хэт хөөсрүүлж гаргаж ирсэн нь Олон Улсын байгууллагуудаас гаргасан судалгаанаас ч харагддаг. Тухайлахад, өнгөрсөн хоёрдугаар сард ОУВС болон Дэлхийн банкнаас гаргасан статистик мэдээлэлд үндэслэн “How much” цахим хуудас манай улсын иргэн бүрд 2900 ам.долларын өр ногдож буйг судалгаандаа дурдсан нь бий. Энэ нь дээр дурдагдсан Засгийн газрын өнөөгийн өрийн үлдэгдэлтэй ч нийцсэн тоон үзүүлэлт юм. Энэ онд үүсэх, Засгийн газрын үлдэгдлээр тооцож үзэхэд иргэн бүрт ногдох өрийн хэмжээ 7 сая  948 мянга 935 төгрөг байна. Бодит үнэнд харьцангүй нийцсэн тоо нь энэ юм.

 

Бас нэг үнэн нь, ийм хэмжээний өртэй улсыг Олон Улсад аюултай түвшинд оруулан тооцдоггүй юм байна. Гол асуудал нь ирэх жилүүдэд өрийн тааз тасралтгүй нэмэгдэхээр хуульчлагдсан явдал. Тэгэхээр зээлийг энэ Засгийн газар тултал нь тавих эрхтэй гэсэн үг.


Шинэ Засгийн газартаа ажлаа өгөхдөө өрийн таазаа 100 хувиас 60 хувь руу буулгах хүндхэн даалгавар өгөхөөр хуульчилсан билээ. Шинэ засгийн газар 2020 онд ийм хүндхэн даалгавар авах үед харин монгол хүн бүрт хичнээн төгрөгийн өр ногдох бол гэдэг нь жинхэнэ асуудал юм.

 

Medee.MN