Тэнэгүүдээс ашиг олохоо мэддэг Б.Сарандаваа гэж хэн бэ?

Admin
18 цаг 40 минутын өмнө

Монголын Бясалгал, Зурхай, Сүнс, Сэтгэл судлалын академийн ерөнхийлөгч, “Монгол Аура төв”-ийн тэргүүн Б.Сарандавааг өдгөө таньж мэдэхгүй хүн гэж үгүй биз ээ. Тэрээр тун удахгүй найм дахь жилдээ "Таван хишгийн даллага" лекцээ зохион байгуулах гэж байна. Жил бүр зохион байгуулдаг лекцэнд хэдэн зуун хүн сууж шүтэн биширч, сүсэглэн залбирдаг.  Түүний лекцэнд суухыг хүссэн хүмүүс ч жилээс жилд нэмэгдэж байгаа нь энд хүрэлцэн ирэх болсон хүмүүсийн тооноос харагдаж байна.


     Тэгвэл энэхүү лекцийн тухай сошиал ертөнцөөр янз бүрийн сэтгэгдлүүд  гарч байгаа юм. Түүнийг мөнгө олох гэсэн шуналтай шулам гэсэн байхад зарим нь өмгөөлсөн байх жишээтэй.

 

Эх сурвалж: Breakingnews.mn

 


 Б.Сарандавааг ийнхүү шүтэх үзлийг Монголчуудын сэтгэлгээний ядуурал, хэт нэг зүйл рүү туйлшрах үзэлтэй нь холбож тайлбарлах хүмүүс ч байна.

Тэрбээр эдгээр сэтгэгдлүүдийн хариуд “Миний тухай зарим нэг ташаа мэдээлэл цацагдаж байна. Үүнийг надад атаархсан цөөн хэдэн хүний явуулга гэдгийг мэдэж байна. Миний бие ард түмнээ хэзээ ч мал гэж үздэггүй ба өөрийн судалсан, уншсан, өвлөж авсан мэдлэгээсээ ард түмэндээ хуваалцаж байдаг билээ. Миний ард түмнийг мал хэмээж буй тэдгээр хүмүүс өөрсдөө хэн бэ? Тэдгээр хүмүүсийг Монгол Аура энергийн төв дээр ирж миний хийсэн бүтээн босгосон зүйлийг өөрсдийн нүдээр үзээд дараа нь шүүмжил гэж хэлмээр байна. Монголын ард түмэн тэнгэр эртнээс өдгөөг хүртэл буян хишгээ даллан дуудаж ирсэн уламжлалтай. Та бүхэндээ сайн сайхныг хүсье” гэсэн юм. 

 

Түүнийг олон лекц зохион байгуулаад ашигтай ажиллаж, их хэмжээний мөнгө олдог хэмээн хүмүүс ярьдаг. Тэгвэл тэрээр энэ тухайгаа “Зарим хүмүүс буруу ойлгож байна. Намайг мөнгөөр далладагт хүмүүс маш ихээр шүүмжилдэг.  UB палас 3,000 хүний суудалтай, 100 билетийг палас авдаг. Манай ТАВАН ХИШГИЙН ДАЛЛАГА лекцийн билет 6 жилийн өмнө 10,000 байсан өнөөдөр ч 10,000 хэвээрээ байгаа. Миний олж байгаа мөнгийг их боддог хүмүүс паласын зардал, реклам зар, хэвлэлийн гээд гарах бусад зардлыг нь тооцоод үзээрэй.  Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэдэг дээ.  Миний ард түмэн ухаантай хүмүүс ялгаж салгаж ойлгоно гэдэгт итгэлтэй байна. Мөнгө даллах гэдгийг би зохиогоогүй юм. Монголын ард түмэнд өдий хүртэл уламжлагдаж ирсэн зүйл. Олуулаа нэг дор цуглаад, нэгэн дуугаар, нэгэн зэрэг сайхан даллага авахад тэр их оюун ухааны давтамж, тэр их хэлбэлзэл далд ухамсар нэгдэнэ. Буян хишгийн даллагын утга учир үүнд оршдог юм” гэжээ.


 
Б.Сарандавааг хэн бэ гэдэг тухай хүмүүст төдийлөн мэдээлэл байдаггүй. Тэгвэл түүний тухай товчхон өгүүлье. Тэрээр Хөвсгөл аймгийн Рашаант суманд төрөөд, дараа нь Дундговьд өссөн байна. Эцэг, эхээс наймуулаа бөгөөд хүнд өргөгдсөн байна.  Тэрбээр төрөхдөө хүндрэлтэй төрсөн бөгөөд Өндөр гэгээн Занабазар амийг нь аварсан тухай нэгэн ярилцлагадаа дурджээ. Өдгөө Занабазар, Аюурзана гэдэг хоёр хүүтэй гэнэ. Б.Сарандаваа тоог маш ихээр чухалчилдаг бөгөөд гурван цаг 33 минут 33 секундэд унтахаар хэвтдэг аж. Энэ тухайгаа тэрээр “Гурван гурвын ес гэдэг. Манай ажилтнууд ч мэднэ. Хөдөөгүүр болон гадаадад явж байсан ч наана нь унтахгүй. Өглөө долоон цаг долоон минут долоон секундэд босно. Зургаа өнгөрөөд сэрчихдэг ч юм бодож байгаад цагтаа босдог. Тэр нь гурван долоон 21 гээд энергийн тоо. Дандаа ингэж бэлгэдлээр амьдардаг. Монголчууд амны бэлгээс ашдын бэлгэ гэдэг шүү дээ” хэмээн тайлбарлажээ.

 

   Зарим нэг нь түүний хийж бүтээсэн суварга, номын тухай ам сайтай байдаг. Ямар ч байсан өнөөдрийг хүртэл түүний лекцэнд суугаад гомдол гаргасан хүн байхгүй ч баяжлаа гээд сайрхаж байгаа нэгэн ч үгүй байна.

 

 

Эх сурвалж: Breakingnews.mn