Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Үндсэн хуулийн 25 жилийн ойг АИХ-ын депутатуудад хүндэтгэл үзүүлж, бөх барилдуулсан шиг даруухан тэмдэглэлээ. Хүндэтгэлийн арга хэмжээнд оролцсон АИХ-ын нэрээ дурдахыг хүсээгүй нэгэн депутат, удахгүй ирэх жил гэхэд Үндсэн хуульд өөрчлөлт орж, дахин энэ ойг нүсэр тэмдэглэхгүй юм гэнэ лээ гэж ам алдаж байсан юм.
Үнэхээр ч депутатууд гэрийн бараа хараад удаагүй байхад Үндсэн хуулийг өөрчлөх цаг нь болсон гэж цөөнгүй улстөрч цээжээ дэлдэж эхэллээ. Энэ яриа хөөрөөг инээдтэй нь эрх баригчид биш, намаа ялагдуулж гудамжинд гаргасан АН-ын улстөрчид дэвэргэж байгаа нь анхаарал татаж байна.
Тухайлбал УИХ-ын гишүүн, сайд асан С.Баярцогт “Эрх барьж байгаа намын даргын хувьд М.Энхболд дарга дээр маш том сорилт ирэх болов уу гэж харж байна. Ер нь бол нэг удаа Ерөнхийлөгчөөр сонгогдож байгаа хүн Үндсэн хуулийг барагтай бол өөрчилдөггүй” хэмээн ярилцлагадаа дурдсан.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийг өмнөх парламентын үед санаачилж Ерөнхийлөгчийг УИХ-аас томилдог болгож, Ерөнхий сайдын эрхийг нэмж, парламентын гишүүдийг 99 болгож, хугацааг нь таван жил болгохыг санаархаад хоншоороо тас цохиулсан “Фортуна” гэгдэх Н.Батбаяр Үндсэн хуулийг Ардын намын олонхи Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө өөрчлөх хэрэгтэй гэж айлдлаа.
Айлдахдаа зүгээр ч дуугарсангүй, яг С.Баярцогтын жишгээр Ардын намын даргад жигтэйхэн хайр зарлажээ.
Тэрээр “Ардын намд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрх мэдлийг ард түмэн сонгуулиар өгчихлөө. Үүнийг хийх нь Ардын намын үүрэг болсон. Өөрчлөлтийг Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хийх ёстой. Өмнө нь хийж чадахгүй бол дахиад найман жил алдана. Яагаад гэвэл шинэ Ерөнхийлөгч гарчихвал тэр хүн ажил хийлгэхгүй ээ. Манай Ерөнхийлөгч чинь бяртай шүү дээ. Хууль санаачилна, хориг тавина, шүүх, прокурор, АТГ эрх мэдэлд нь байна. Гэхдээ бүтээн байгуулалтын эрх мэдэл Ерөнхийлөгчид байдаггүй юм. Өөрөөр хэлбэл, хориг тавихдаа сайн, хийх юмандаа тааруухан Ерөнхийлөгчтэй.
Гэтэл бүтээн байгуулалт хийх үүрэгтэй Гүйцэтгэх засаглалд нь эрх мэдэл нь хангалтгүй байна. Хоёр жил болоод огцордог засаг юу хийж чадах юм бэ. Тэгэхээр УИХ дээр Ардын нам 65 суудалтай байна. Тэдний хийх ажлыг өмнөх парламент бэлтгээд өгчихсөн. Одоо Үндсэн хуулиа өөрчлөхийг сануулж байна. МАН-ын дарга М.Энхболдын мэргэн ухаанаас Монгол төр, түмэн олны заяа хамаарах гээд байна” хэмээн шулуухан хэлжээ.
М.Энхболд өнөөдөр нэгэн цагийн Н.Энхбаяр шиг харц дээгүүр, тойрон хүрээлэгчид олон, эрх мэдлээр цатгалдаж байгаа нь үнэн.
Хэдий тийм ч М.Энхболдын мэргэн ухаанд найдахаас илүү Монголын ард түмнийхээ мэргэн ухаанд найдвал Монгол Улсын хувь заяанд илүү өлзийтэй байх даа.
Ойрын өдрүүдэд Үндсэн хуулийг засварлах санаархал илт идэвхжлээ.
Парламентаас байгуулсан Н.Лүндээжанцан тэргүүтэй ажлын хэсэг, Засгийн газраас байгуулсан эрдэмтдийн ажлын хэсэг дор бүрийдээ судалгаа хийж байр сууриа илэрхийлээд эхэлцгээсэн. Тэдний ярьж байгаа зүйлийг тандвал С.Баярцогт, Н.Батбаяр нарынхтай усны дусал мэт ижил байгаа нь анхаарал татаж байна.
Монгол Улс хөгжихгүй байгаа нь Ерөнхий сайдын эрх мэдэл дутсанаас л болсон юм байх.
Тиймээс Үндсэн хуулийн төрийн байгууллын хэсгийг яаралтай өөрчлөн “супер” Ерөнхий сайд гарган ирж, танхимаа өөрөө бүрдүүлэх, парламентыг тараах эрх олгочихвол утаатай Улаанбаатар тун удахгүй анхны Ерөнхийлөгч П.Очирбатын маазарч хэлсэн шиг Азийн шинэ барын нийслэл болж Сингапур мэтийг ардаа орхих юм гэнэ дээ.
Нөгөө талд нь үе үеийн Ерөнхийлөгчид долигонож салбарын элдэв хуулиар Ерөнхийлөгчийн эрх мэдлийг чинээнд нь тултал нэмчихсэн голлох улстөрчид одоо хууль хяналтын байгууллагуудын хүчирхийллээс айхдаа Ерөнхийлөгчөө жижиглээд өгцгөөе өө гэж нэгэн дуугаар гуагалцгаах болов.
Үүнийг хэрэгжүүлэх мэргэн ухаантнаар М.Энхболд тодорч байгаа бололтой.
Гэсэн хэдий ч Үндсэн хуулийг өөрчлөхөд том босго бий.
Үндсэн хуулийн эх баригч, хөдөлмөрийн баатар Б.Чимид нар яг ийм зүйл болохыг мэдээд “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай” хуулийг өргөн мэдүүлж батлуулсан.
Уг хуулиар Үндсэн хуулийн үндсэн араг ясыг эвдэх боломжийг сайтар хаасан. Ядаж л өөрчлөлт орох боллоо гэхэд ард нийтийн санал асуулгаар өөрчлөлтийн томьёоллуудыг асуух ёстой. Гэтэл маргааш Төрийн байгуулалтын байнгын хороогоор анхных нь хэлэлцүүлгийг хийх Г.Занданшатар нарын санаачилсан Зөвлөлдөх санал асуулгын тухай гэх ардчилал хөгжүүлж байгаа мэт гэм зэмгүй агуулгатай бэсрэгхэн хуулийг батласнаар Үндсэн хуулийг өөрчлөхөд ард нийтийн санал асуулгаас зайлсхийх арга замыг эрх баригчид сүвэгчилж байна.
Үндсэн хуулийг өөрчлөхийг хуулиар хязгаарлахын тулд 2010 онд баталсан “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай” хуульд Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах тохиолдолд Ард нийтийн санал асуулга явуулах журмыг тусгаж өгсөн ба санал хураалтад оролцогчдын олонхи нь татгалзсан бол уг хуулийг батлагдаагүйд тооцож санал асуулгын дүн гарсан өдрөөс хойш Улсын Их Хурал 8 жилийн дотор дахин авч хэлэлцэх эрхгүй байхаар хуульчилсан.
Харин Г.Занданшатар нарын гишүүдийн санаачилсан “Зөвлөлдөх санал асуулгын тухай” хуулийн төсөлд Үндсэн хуулийн УИХ-ын эрх мэдэл, Ерөнхийлөгчийн эрх үүрэг, Засгийн газрын үүрэг, хариуцлагын тухай заалтыг хялбархан өөрчлөх “хумс”-ыг нуужээ.
Энэ хуулийн төсөлтэй цуг “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай” хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн байгаа нь МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулахад бүх нийтийн санал асуулга явуулахгүйгээр Зөвлөлдөх санал асуулга нэрээр өөрсдийн урьдчилан сонгосон цөөн иргэдийн төлөөллөөр хэлэлцүүлэх нөхцөлийг бүрдүүлж болзошгүй юм.
МАН-ын бүлэг саяхан өргөн барьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслөө гэнэт буцаан татахаар болсон нь тэд Үндсэн хуулийг өөрчлөх замаар засаглалын эрх мэдлийг нэг гарт төвлөрүүлэх вий гэсэн болгоомжлол, хардлагыг төрүүлж байна.
Өнөөдөр УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд хууль тогтоох болон хуулийг хэрэгжүүлэх эрх мэдлийг баруун, зүүн гараараа зэрэг барьж буй нь үнэн бөгөөд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг ч гэсэн энэ хоёр гарын барьцаа тавихгүйгээр зэрэг атгах хүсэлтэй байгаа нь нууц биш билээ.
Энэ долоо хоногт УИХ Зөвлөлдөх санал асуулгын тухай төслийг нэг тийш болгоно. Нөгөөтэйгүүр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох, сонгуулийг товлон зарлах тухай тогтоолын төслийг батална.
Сонгуулийг товлох гэж байгаа нь зургадугаар сард Ерөнхийлөгчийн сонгууль явагдана гэсэн үг.
Харин ингэж тов тогтоох тухай ярьж байхад “Фортуна” Н.Батбаяр мэт нь сонгуулиас наана “Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулаа” гээд эрх баригчдад үг дайгаад байгаа нь үнэхээр сонирхолтой. Тиймээс ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгууль ард нийтээс төрийн тэргүүнээ сонгох сүүлчийн сонгууль ч болж магадгүй.
Эсхүл “Фортуна” Н.Батбаяр, С.Баярцогт нарын санаа өгөөд байгаачлан олонхийн 65 гэнэтхэн хаврын чуулганаар Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулаад Ерөнхийлөгчийг Их хурлаас сонгодог болчих юм биш биз ээ.
Тийм санаа байгаа бол М.Энхболд бэлгэ тэмдэг төдий Ерөнхийлөгчид нэр дэвших үү, эсхүл “Фортуна” нарын дүрийг нь зураглаад байгаа “супер” Ерөнхий сайд болохыг илүүд үзэх үү?
Энэ асуултын хариу яаж тайлагдахаас ирэх хаврын Монголын их улс төрийн дүр зураг хамаарах нь ээ.
POLITIK.MN
Таксигаар үйлчлэх нэрийдлээр эмэгтэйчүүдийг дээрэмдэн, хүчирхийлсэн байж болзошгүй этгээдүүдийг баривчилжээ
Бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилээр зарлалаа
Чингис хааны өв соёлын хүрээлэнг “Чингис хаан” үндэсний музейд нэгтгэлээ
Засгийн газрын урт хугацаат бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн хэмжээг баталлаа