Өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр Олон улсын гэрээний тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан. Тухайн өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын гуравдугаарт бичигдсэн тус хуулийн төслийг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын гаргасан горимын саналаар хамгийн эхэнд хэлэлцсэн байдаг. Уг нь тус хуулийн төслийг бүр 2015 онд УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Гадаад харилцааны сайд асан Л.Пүрэвсүрэн нар өргөн мэдүүлж байв.
Өмнө нь өргөн баригдсан хэдий ч намрын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд тус хуулийн төслийг багтаалгүй орхисон. Тийм атлаа гэнэт Засгийн газраас уг хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэн батлуулсан ч тухайн үедээ төдийлөн анхаарал татаагүй. “Ниргэсэн хойно нь хашгирав” гэгчээр уг хуулийн төсөл батлагдсанаас хойш, бүр өмнөх сарын сүүлээр Тавантолгойг УИХ-аар оруулахгүй батлах нь гэсэн “шүгэл” дуугарсан юм.
Чухам эндээс өмнөх ба шинэ хуулийн төслийн хоёр чухал заалтыг УИХ-ын гишүүд оны сүүлээр эрүүл нүдээр харж эхэлсэн гэж болно.
Өмнөх хуульд, Олон улсын гэрээг Засгийн газраас байгуулсан бол УИХ хүчингүй болгох эрхтэй байхаар тусгаж өгсөн. Улмаар УИХ-аас баталсан олон улсын гэрээг Үндсэн хуулийн цэц хүчингүй болгох эрх үүрэгтэй. Харин шинэ хуулийн төсөлд салбар яамны байгуулсан олон улсын гэрээг зөвхөн Засгийн газар хүчингүй болгох эрхтэй гэж зааж өгчээ. Өөрөөр хэлбэл, энэ хууль батлагдсанаар Тавантолгойн гэрээг Засгийн газар УИХ-аар оруулахгүйгээр, шууд батлах эрх зүйн орчин үүссэн байна.
Нэг ёсондоо энэ нь хуулийн цоорхой. Тавантолгойн гэрээ яригдахтай зэрэгцээд өмнө нь өргөн баригдаж, орхигдоод байсан хуулийн төслийг богино хугацаанд батлуулах замаар хуулийн цоорхойг ашиглах “мэргэн санаа” Засгийн газрын түвшинд төрсөн нь эндээс харагдана. Ц.Мөнх-Оргил сайд эцсийн хэлэлцүүлэг дээр ердөө хоёр асуудлын дараа хэлэлцэх хуулийн төслийг горимын саналаар ийн эхэнд оруулсны учир тайлагдсан гэж болно. Энэ нь сэтгүүлчид болон УИХ-ын гишүүдийн анхаарлыг татаж, асуудлыг хурцатгахгүй гэсэн тактик байсан нь харагдана.
Гэхдээ ингэхийн тулд өмнөх хуулийг нь хүчингүй болгох шаардлагатай. Тиймээс ч Засгийн газраас өмнөх /1993 онд батлагдсан/ Олон Улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болгох хуулийн төсөл оруулж ирсэн. Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017.01.01-нээс хэрэгжихээр шинэ Олон улсын гэрээний тухай хууль батлагдсан. Тиймээс өмнөх хуулийг нь хүчингүй болгоно. Хоёр хууль зэрэг үйлчлэх орчин бүрдэх гээд байна гэсэн утгаар маш цэвэрхэн тайлбар хийж байв.
-ХӨШИГНИЙ АРД ЮУ БОЛСОН БЭ-
Хамгийн хачирхалтай нь, Тавантолгойн гэрээ зурагдахад бараг бэлэн болчихсон. Шинэ он дамнуулаад гэрээг үзэглэнэ гэсэн мэдээллийг “Энержи Ресурс” компанийн удирдлага өгч байхад УИХ-ын гишүүдэд тус гэрээний талаар ямар ч мэдээлэл ирэхгүй байсан аж. Засгийн газрын зүгээс ч тэр, тус мэдээллийг үгүйсгээгүй байна. Тиймээс оны сүүлээр УИХ дахь МАН-ын бүлгээр Тавантолгойн асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Тэр хувийн компанийн захирал Н.Батцэнгэл яахаараа УИХ-аас давсан шийдвэр яриад явж байдаг юм. Засгийн газрын ажлыг “Энержи Ресурс” мэддэг болчихсон юм уу” гэж уурлахад Л.Элдэв-Очир гишүүн огт дуугараагүй аж.
Бүлгийн хуралдааны үеэр Олон Улсын /өмнөх/ гэрээний тухай хуулийг хүчингүй болгох замаар шинэ хуулийн үйлчлэлээр Тавантолгойн гэрээг УИХ-аар оруулахгүй болгох нөхцөл үүсгэхгүй байх асуудлаар шинэ гишүүд горимын санал оруулж дэмжүүлжээ. Он гарсны дараа Олон Улсын /өмнөх/ гэрээний тухай хуулийн төсөл унасны гол шалтгаан энэ юм байна.
Хэлэлцүүлгийн үеэр гишүүд харьцангуй сайн мэдээлэлтэй байсан нь бүлгийн түвшинд өрнөсөн лоббиноос үүдэлтэй аж. Өмнөх ба шинэ хуулийн зөрүүтэй заалтыг нэр бүхий шинэ гишүүдийн тэмдэглэгээгээр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн нарын гишүүд бусдадаа тайлбарлаж, зураг хөргийг нь илгээх замаар яриа хөөрөө үүсгэжээ.
Ийн Тавантолгойн гэрээг шинэ жилээр, их хойшлууллаа гэхэд цагаан сараас өмнө зурна гэсэн Засгийн газрын түвшний лобби нурсан байна. Олон Улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болгоход О.Батнасан, С.Бямбацогт, Д.Дамба-Очир, Д.Лүндээжанцан, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар, Ц.Нямдорж, Д.Оюунхорол, Ш.Раднаасэд, Д.Сарангэрэл, Б.Саранчимэг, Я.Содбаатар, Д.Сумъяабазар, Б.Ундармаа, Н.Учрал, Д.Хаянхярваа, Н.Цэрэнбат, М.Энхболд, Л.Энх-Амгалан нар сөрөг санал өгсөн байдаг.
Ш.Раднаасэд уг хуулийн төслийг байнгын хороогоор хэлэлцэх үеэр цөөнх болж, сөрөг саналтай байсан. Улмаар хуулийн төслийг буцаах асуудлаар бүлэг дотроо нэлээд идэвхитэй лобби хийснийг эрх сурвалж онцолж буй. Мөн Ц.Нямдорж гишүүн бүлгийн хуралдаан дээр Тавантолгойн гэрээг заавал УИХ-аар оруулах ёстой гэсэн хатуу байр суурь илэрхийлсэн байдаг. Энэ мэтээр хуулийн төслийг дэмжихгүй байсан гишүүд санал хураалтын үеэр эзгүй байснаар карт нь сөрөг саналаар бичигдсэн байж болох.
Ямартай ч эрх баригч нам дотор Тавантолгойг “Энержи Ресурс”-т найр тавиад өгчих сонирхолтой бүхэл бүтэн бүлэг ажиллаж байгаа нь ч тодорхой билээ. Засгийн газар, УИХ-д хүчтэй нөлөө үзүүлсээр байг тус бүлгийн лоббигоор өмнөх гурван консерциум Тавантолгойг хөдөлгөхөөр болсон. Энэ асуудал бүр анхнаасаа тодорхой байсан гэдийг Энержи-Ресурсийн удирдлагууд ч нуухгүй байгаа юм.
Эх сурвалж: Medee.MN
Таксигаар үйлчлэх нэрийдлээр эмэгтэйчүүдийг дээрэмдэн, хүчирхийлсэн байж болзошгүй этгээдүүдийг баривчилжээ
Бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилээр зарлалаа
Чингис хааны өв соёлын хүрээлэнг “Чингис хаан” үндэсний музейд нэгтгэлээ
Засгийн газрын урт хугацаат бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн хэмжээг баталлаа