Хэнтий аймгийн Өндөрхаан хотын хурлын танхимд цугласан олны дундаас дунд зэрэг насны нэгэн эрхэм микрофон авсандаа олзуурхсан бололтой “1990-ээд оны дугаарлалтыг өнөөдөр л харж байна. Яахав, 21 мянган төгрөг авахдаа бас дугаарладаг юм байна” хэмээн ногоон үзэл ярьж, улстөржсөн яриаг сааруулав. Тэрээр цаашид хэлэхдээ “Би ИЗНН-ыг дэмжиж байгаа. Олигархижсан энэ нийгэмд цэвэр хүчин хэрэгтэй учраас дэмжихгүй гээд яах билээ. Харин нэг л зүйлийг ойлгохгүй байна, Б.ХүдэрЯн аа” хэмээн ихэд чухал цариалав. Түүнийг шүүмжлэлт зүйл хэлэх болов уу хэмээн бодож амжаагүй байтал “ХүдэрЯн гэдэг нэр их сонин санагдаад байх юм. Ерөнхий сайд байсан Д.Бямбасүрэн гуай хүүдээ яагаад ийм нэр өгсөн юм бол. Энэ их утга агуулсан нэр үү” гэх нь тэр. Улс төр ярьж залхсан олонд ч энэ асуулт зугаатай юм боллоо. Д.ХүдэрЯн хариулж байна. “Би Хэнтий аймгийн Биндэр сумын хүү. Ээж маань амаржих хугацаанаасаа хэд хоногийн өмнө нярайлаад аавыг маань бажгадуулсан юм билээ. Өөрөөр хэлбэл, аав маань намайг эх барьж авсан байхгүй юу. Тэгээд өөрийн гараар хүүгээ эсэн мэнд төрүүлсэндээ баярлаад хүдэр чийрэг эр хүн болоорой гэж Хүдэр, ян сарьдаг уул буюу сүрлэг уулыг илэрхийлсэн Яныг нэмсэн байдаг юм. Ингээд ХүдэрЯн нэрийг надад хайрласан юм” хэмээлээ. Нөгөөх эрхэм ч хариултаа авсан бололтой суудалдаа эргэн суув. Энэ өдрүүдэд УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга С.Оюун, Д.Энхбат болон ИЗНН-ын улс төрийн зөвлөлийн гишүүн Р.Лхагвадулам, “Мөнх тэнгэрийн дор хүчин дор” киноны Чингис хааны дүрээр олны танил болсон ардын жүжигчин А.Энхтайван нарын хүмүүс Хэнтий аймагт ажиллаж байна. Тэд аймгийн төвийн иргэдтэй уулзахаас гадна Биндэр, Бор-Өндөр, Өмнөдэлгэр зэрэг зургаан сумын зон олонтой уулзаж, санал сэтгэгдлийг нь сонссон юм. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд ИЗНН-аас Б.ХүдэрЯн болон аймгийн Засаг дарга байсан С.Жаргал нар нэр дэвшиж байгаа билээ. Тэднийг дэмжигч иргэдийн Хэнтийгээр дүүрэн байна. Тухайлбал, 600 гаруй хүний суудалтай спорт зааланд хүмүүс багтахгүй пиг дүүрчээ. Иргэн Б.Болдсүх “Өнөөдөр амалсан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлдэг нам байна уу. Би лав мэдэхгүй юм байна. Эрх баригч намуудын яриад байгаа амьдрал дээшилж, ядуурал багассан гэдэгтэй нь санал нэгдэхгүй. Өнөөдөр миний амьдрал урьдынхаас доошилсон уу гэхээс дээшлээгүй. МАН, АН-ыг 22 жилийн туршид сонгоод амьдрал өөрчлөгдсөнгүй. Иймээс би энэ жил ИЗНН-ыг дэмжинэ гэж бодож байна. Одоо өөрчлөлт хэрэгтэй. Тэгэхгүй бол эрх баригч намууд өнгөрсөн 22 жилийн түүхийг дахин давтах байлгүй” гэсэн бол иргэн Х.Туяацэцэг “МАН, АН-ын улстөржилт гэхээсээ илүү хүчтэй гуравдагч хүчин болох ИЗНН-ын нэр хүнд сонгогчдын дунд нэр хүндтэй байгаа. Монголын улс төрд хамгийн нэр цэвэр, сайн сайхан зүйлийн чадлаараа тэмүүлж яваа нам бол Иргэний Зориг Ногоон нам. Энэ удаагийн ИЗНН-аас нэр дэвшигчдийг сонжвол түрийвчийнхээ хэмжээгээр аархсан залуу алга. Харин сурсан мэргэжил, дадаж туршлагажсан ажил үйлсээрээ тэргүүлэх залуус эзэлсэн байх юм билээ. Өөрийн бизнесээ хамгаалах, амьдрах, баяжиж хөлжих аргаа болгон улс төрд шургалсан, өнөөдөр “улс төрийн чихмэл” болчихсон олон нөхдийн хажууд ИЗНН-ынхан нэр хүндтэй байгаа нь ч учиртай. Нийгмийн шударга ёсны төлөө монгол хүн бүрийг нэгтгэж чадах, ирж байгаа шинэ цаг, шинэ үеийнхний хүсэл эрмэлзлэл, хэрэгцээтэй хөл нийлүүлэн явж чадах, авлигаас ангид, улс төрийн эрүүл хүчин нь тэд. Энэ бол шинэ цагийн дуудлага байх” гэв. Тухайн аймагт нэр дэвшигчдийн тухай цухас өгүүлэхэд, Б. ХүдэрЯн нь Ерөнхий сайдаар ажиллаж байсан Д.Бямбасүрэнгийн хүү юм. Тэрээр ИЗНН-ын шилдэг боловсон хүчний нэг бөгөөд ОХУ-ын Москва хотын Эрчим хүчний дээд сургууль болон Монгол Улсын Политехникийн дээд сургуулийг дулааны инжинер мэргэжлээр төгссөн. Ажил, хөдөлмөрийнх нь байдлыг дурдвал, 1993-1994 Эрдэнэт хотын Уулын баяжуулах үйлдвэрийн дулааны станцад инженер, 1994-1994 “Цагаан шонхор холдинг” компанид менежер, 1995-1998 онл “Хэт” ХХК-д газрын тосны хайгуулын менежер, 1998-2002 “Мастер бизнес” компанийн захирал, 2000-2002 онд Улаанбаатар хотын захиргаанд “Үйлдвэрлэл технологийн чөлөөт бүс”-ийн санаачлагч, 2002-2006 Агросервис ТӨҮГ-т маркетингийн менежер, захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллажээ. Өдгөө 2006 оноос эхлэн “Хэт” ХХК-ийн дэд захирлаар ажиллаж байна. Харин ИЗНН-ын шилдэг лидерийн нэг нь Сандуйн Жаргал. Тэрээр Хэнтий аймгийн Засаг даргаар ажиллаж байсан туршлагатай улс төрч юм. Түүний намтрыг цухас дурдвал, 1972-1982 онд Улаанбаатар хотын Зөвлөлтийн дунд сургууль, 1982-1987 онд ЗХУ-ын Ленинград хотын Цахилгаан техникийн дээд сургууль, 1988 онд эмнэлгийн тоног төхөөрөмжийн засвар угсралтын газарт техникч, 1990 онд НҮБ-ын дэргэдэх тусгай зориулалтын англи хэлний институтийг дүүргэсэн. Мөн 1988-1990 онд НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн төслийн нэгжид инженер биотехнологич, 1990-1992 онд Ардын банкинд гадаад харилцааны хэлтсийн дарга, 1992-1994 онд Эд хэрэглэгчдийн хоршоодын төв холбоонд, худалдаа бэлтгэлийн яаманд гадаад харилцааны хэлтсийн дарга, 1994-1999 онд “Зоригт трейд” ХХК-ийн Ерөнхий захирал, 1999 онд “Залуу үе” танхимын ерөнхийлөгч, 1999-2004 онд Швейцари улсын хөрөнгө оруулалттай “Нованоолуур” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байв. Харин 2004-2008 онд Хэнтий аймгийн Засаг дарга, Хэнтий аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхим, Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн гишүүнээр ажиллажээ. Мөн 1997-2000 онд Морин спорт уячдын холбооны дэд даргаар ажиллаж байв. Түүний хөдөлмөр, зүтгэлийг үнэлж 2008 онд “Алтан гадас”одон, Ардын Хувьсгалын ойн медалиудаар шагнаж байсан юм.
Б.Манлайбаяр
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах цахим нөлөөллийн аян, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулав
Сэлбэ хот орон сууцжуулах төслийн барилга угсралтын ажил үргэлжилж байна
Баруун-Уртаас Бичигтийн боомт хүртэл хатуу хучилттай авто зам холбосноор Монгол Улсын далайд гарах хамгийн дөт гарц нээгдэнэ
“Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдаанд 1000 ЖДҮ эрхлэгч оролцож байна
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болов
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж, малчидтай уулзана
НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчийг “Найрамдал” медалиар шагналаа