Ли овогтоос хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригдсан Н.Батсүхийг батлан даалтад гаргасны учир юу вэ?


Баянзүрх  дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга асан Н.Батсүх  батлан даалтад гараад байгааг бид мэдээлсэн. Тэрбээр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших “Их цуурай ам”-нд газар эзэмших гэрчилгээг БНХАУ-ын иргэнд олгохдоо 200 гаруй сая төгрөгийн хээл хахууль авсан хэргээр өнгөрсөн оны долоодугаар сарын 10-ны өдөр баривчлагдсан юм. Түүнийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн үйлдэл дээр нь гардан авснаар шүүгчийн захирамжийн дагуу цагдан хорьж хэргийг нь АТГ-руу шилжүүлж хэргийг нь хамтран шалгахаар болсон байдаг. Улмаар  хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч прокрор руу шилжүүлжээ. Яах аргагүй үйлдэл дээрээ баригдсан гэм буруугийн асуудал нь эхнээсээ л тодорхой байгаа Н.Батсүхийг батлан даалтад гаргасан асуудал анхаарал татаж байгаа юм.

 

Н.Батсүх нь уг хэргийг үйлдэхдээ өөрийн удирдлага дор ажилладаг, иргэн Б, Ч, П нартай үгсэн тохиролцож, иргэдийн цахим үнэмлэхийг ашигласан байдаг. БНХАУ-ын иргэн Л-д Баянзүрх дүүргийн Их цуурайтын аманд 42 айлын газар эзэмших гэрчилгээ олгосон нь шалгалтаар тогтоогдоод байгааг цагдаагийнхэн мэдээлж байсан. Н.Батсүх нарт авлига өгсөн Ли овогт Хятад иргэн нь Монголд барилгын салбарт 10 орчим жил үйл ажиллагаа явуулж буй барилгын компанийн захирал  аж. Цагдаагийн алба хаагчид нотлох баримтыг хураан авч, Эрүүгийн хуулийн 268-д заасан зүйл заалтаар буюу Н.Батсүх нарыг хээл хахууль авсан гэж буруутган, АТГ-тай хамтран эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан бөгөөд хэрэвН.Батсүх нар нь шүүхийн байгууллагаар буруутай нь тогтоогдвол 5-10 жилийн хорих ялаар шийтгэгдэх юм.

 

Н.Батсүх нь газрын наймаа хийдэг зохион байгуулалттай бүлэглэлийг устгана гэж өөрөө хэлж ярьдаг нэгэн байсан ч, жинхэнэ газрын наймааг хийсэн хүнээр тодорсон юм.

 

Ер нь өмч, газрын албаныхан хууль бус зүйл хийдэг нь харагдаж байгаа. Өнгөрсөн 9 дүгээр  сарын 14-ний өдөр Авлигатай тэмцэх газраас Нийслэлийн Өмчийн харилцааны газарт  Удирдлага бодлого төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан Б.Амаржаргал нарыг баривчлан саатуулаад байгаа юм. Б.Амаржаргалыг бусдаас хахууль авсан хэрэгт буруутган, сэжигтнээр татсан гэх эх сурвалжийн мэдээлэл бий.

 

Мөн ,  Баянгол, Сүхбаатар дүүргийн Өмч, харилцааны газрын албадын дарга нарыг өмнө нь саатуулсан юм. Өнгөрсөн оны долдугаар сарын 29-нд Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Т.Мөнхбаатар,  Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга С.Бямбадорж нарыг бусдаас их хэмжээний хээл, хахууль авсан хэрэгт буруутган , АТГ-аас  мөн баривчилсан билээ. Ер нь бол өмч,  газрын харилцааны газрынхны баривчилгаа үүгээр дуусахгүй нь бололтой. Учир нь Налайх дүүргийн Өмч, харилцааны газрын албаныхан ч хуулийн байгууллагын анхааралд байгаа гэх мэдээлэл байсныг эргэн сануулъя.

 

Эх сурвалж: Шуурхай.мн