ИЗНН шинэ цагийн дуудлага гэдэгт итгэж байна


Санал өгөх өдөр хаяанд иржээ. Сонгогчид сонголтоо аль хэдийнэ хийчихсэн цаг үе юм, өнөөдөр. Ингээд сонгогчид улс төрийн намаас аль хүчнийг дэмжиж байгааг тандах зорилгоор иргэдийн сэтгэгдлийг сонирхлоо.       

   ИЗНН бол нэр цэвэр сэхээтнээр цэнэглэгдсэн улс төрийн хүчин

“Шинэ үе” продакшны жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Н.Ариунболд

: Иргэний Зориг Ногоон намыг энэ удаагийн сонгуульд дээгүүр давхих болов уу гэж харж байна. Ер нь элдэв хэл аманд өртөөд байдаггүй нэр цэвэр нам гэж үнэлдэг. Ёс зүйн талаасаа ч цэвэр, боловсон хүчин нь сэхээтнээр цэнэглэгдсэн бололтой юм билээ. Би аль нэг намыг дэмжээд гүйгээд байдаггүй. Гэхдээ  ИЗНН-аас сонгогдсон УИХ-ын гишүүнийг шударга үнэний төлөө дуугарч чаддаг, гол нуруугаа барьж явдаг улстөрч гэж дүгнэдэг юм. Тэр утгаараа Иргэний Зориг Ногоон намыг үнэлж байна.

 

 

 

 Ард түмэн ИЗНН-ыг дэмжиж байгаа гэдэгт санал нэгтэй байна

Монгол Улсын гавьяат эмч Ж.Баасанхүү:

-Сэхээтэн хүний хувьд хэлэхэд улс төрөөс хол байна гэж үгүй юм билээ. Энэ утгаараа аль нэг намын үзэл баримтлалыг дэмжих нь бий. Миний хувьд  Иргэний Зориг Ногоон нам гэхээсээ илүү С.Оюуныг өөрийг нь үнэлж явдаг юм. Өөрт тохиолдсон хатуу бэрхшээлийг эр зоригоороо туулж, тэр хэмжээгээрээ ч улс төрийн давцанд амжилттай явж байна  шүү дээ. Миний сонсоход топ улстөрчөөр байнга шалгарч байдаг гэсэн. Гэхдээ тус намыг ганцхан С.Оюунаар төсөөлж болохгүй. Маш олон сэхээтнүүд үзэл баримтлалыг нь дэмжиж гишүүнээр элссэн юм билээ. Монголын ард түмэн Иргэний Зориг Ногоон намыг дэмжиж байгаа гэдэгт санал нэгтэй байна.

 

Надад ажил олдохгүй байна. Одоо өөрчлөлт хэрэгтэйг ойлгосон

Сонгинохайрхан дүүргийн иргэн С.Эрдэнэхүү

:-“Өнөөдөр амалсан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлдэг нам байна уу?.  Би л лав мэдэхгүй юм байна. Эрх баригч намуудын яриад байгаа амьдрал дээшилж, ядуурал багассан гэдэгтэй нь санал нэгдэхгүй. Өнөөдөр миний амьдрал урьдынхаас доошилсон уу гэхээс дээшлээгүй. Соёлын төвийн өргөөний орчим зогсох машиныг харж хоолныхоо мөнгийг олж байна. Ажил хийе гэхээр элдэв шалгуур тавина. Иргэнээ өндөр нам, царай зүсээр ялгаварладаг байж болохгүй шүү дээ энэ ардчилсан нийгэмд.. Тэгээд ч МАН, АН-ыг 22 жилийн туршид сонгоод амьдрал өөрчлөгдсөнгүй.  Одоо  би энэ жил ИЗНН-ыг дэмжинэ гэж бодож байна. Одоо өөрчлөлт хэрэгтэй. Тэгэхгүй бол эрх баригч намууд өнгөрсөн 22 жилийн түүхээ  дахин давтах байлгүй.

 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрийн хайр хэрэгтэй

Сүхбаатар дүүргийн иргэн Б.Заяа:

-Иргэний Зориг Ногоон намын “Амьдрал” мөрийн хөтөлбөр их таалагдсан. Эрх баригч намуудын дэвшүүлсэн  20 жилийн дараах амьдрал биш өнөөдрийн амьдралыг дээшлүүлэхийн төлөө мөрийн хөтөлбөрөө боловсруулсан байна лээ. Ингэхдээ гэртээ суугаа иргэн Доржийн амьдралыг яаж сайжруулах вэ, хөгжлийн бэрхшээлтэй Туяад яаж суралцаж боловсрох орчинг бүрдүүлэх вэ гэсэн иргэнд чиглэсэн нь сайшаалтай. Тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг асрах халамжийн дүнг цалингийн доод хэмжээнд хүргэх, төрийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хариуцсан салбар нэгж байгуулах, “Тэмүүлэл” сан байгуулж ажил эрхлэлтийг дэмжинэ гэсэн нь таалагдсан. Тиймээс олон иргэн ИЗНН-ыг сонгох байх.                       

 

Залуу хүнийхээ хувьд дэмжиж байна

Баянзүрх дүүргийн иргэн Ц.Мандаа:

Залуу хүнийхээ хувьд ИЗНН-ыг дэмжиж байгаа. Ногоон үзлийг гол бодлогуудынхаа нэг  болгосон нь бусад намаас ялгарах байх. Өөрөөр хэлбэл, хүн, байгалийн хүйн холбоо, шүтэлцээг эрхэмлэн дээдэлсэн, өнөө болон ирээдүй үеийнхнийхээ эрх ашгийг тэнцвэртэй хамгаалсан ногоон хөгжлийн бодлоготой, иргэн хүний эрх чөлөө, ашиг сонирхол, тэгш шууд оролцоог улс нийгмийнхээ хөгжлийн гол хөдөлгөгч хүч болгон иргэн-төвтэй үзэл баримтлалтай улс төрийн хүчин нь зөвхөн ИЗНН юм.