“Breakfast time” булангийнхаа энэ удаагийн зочноор өөрийн эрч хүчтэй байдлаа даруу зангаар чимэглэсэн нэгэн эмэгтэйг онцоллоо. Энэ хүн бол “Ийгл” телевизийн сэтгүүлч У.Болортуяа юм. Тэрээр нээлттэй илэн далангүй, нийгмийн болж бүтэхгүй асуудалд эмзэглэх эх хүн юм. “Ийгл” телевизийн эрэн сурвалжлах сэтгүүлч хэмээх хэцүү албыг хашиж буй түүний мэргэжлийн сайн сайхан хийгээд хэцүү бэрхийн талаар өгүүлэх тун сонирхолтой ярилцлагыг толилуулъя.
-Эрэн сурвалжлах сэтгүүл зүйд хэзээнээс ажиллах болов. Яагаад хүн бүрийн хүсээд байдаггүй чиглэлийг сонгож ажиллах болсон бэ?
-Би багаасаа асуудал хөндсөн нэвтрүүлгийг их сонирхож үздэг байсан. Тэгээд л би том болоод ийм л хүн болно гэсэн зорилгыг өөртөө тавьсан. Тухайн үедээ микрофони бариад гадуур яваад, зурагтаар гарна гэдэг их чухал санагдаж билээ. Тэгээд оюутан болоод суралцах явцдаа чиглэлээ илүү тодорхойлсон гэх үү дээ.
-Ямар ямар нэвтрүүлэг бэлтгэж байсан бэ?
-“Мартагдсан Сүхбаатарын эрэлд”, “Усан дээр суусан луйварчид”, “Нууж болохгүй үнэн”, “Хөлбөмбөгөө Хөлбөмбөгийн холбооноос аваръя”, “Мартагдсан 1560” гэх мэт олон эрэн сурвалжлах нэвтрүүлгүүд хийсэн.
-Карма багшийн тухай хэрэг сошиал ертөнцөөр нилээн шуугиж байна. Бичлэгийг анх та дэлгэсэн байхаа?
-Хэл заслын Карма багшийн талаар иргэнээс ирсэн гомдлын дагуу түүнийг есөн настай хүүхэдтэй ёс зүйгүй харьцаж байна гэсэн утга, агуулга бүхий сурвалжлага хийсэн.
Анх хүүхэд нь хичээлдээ явахгүй гэхээр нь эцэг, эх нь шалтгааныг нь асуусан юм билээ. Тэгтэл маш их доромжлуулж байгаагаа ярьсан байна. Ингээд цамцанд нь дектафон хийгээд явуулсан юм билээ. Тэгтэл тухайн хүүхдийг ангид орж ирэхээс явах хүртэл доромжилсон байгаа юм.
Карма гэдэг хүн өчнөөн олон хүүхдүүдийн хэлийг зүгшрүүлээд, ээрүү, гацааг нь арилгасан байж болно. Бид тэрийг үгүйсгээгүй, түүний бизнес рүү мөн халдаагүй.
Нэгдүгээрт, үйл ажиллагаа явуулах эрхгүй байсан гэдгийг нь баримтаар үзүүлсэн. Хоёрдугаарт, мэргэжлийн бус байна гэдгийг мэргэжлийн багш нарын яриагаар нотлогдсон.
Хүүхдийг хаалгаар орж ирээд яван явтал нь “Үхцэн хүний хэл ч ийм байхгүй”, “Хэл толгой хоёр холбоотой байдаг. Чиний толгой тэгхээр бас асуудалтай”, “Чамайг харахаар бүр нүд хорсоод байх юм” гэх мэтээр гутаан доромжилсон байгаа юм. Тийм урт хугацаанд доромжлуулсан хүүхэд гараад амиа хорлочих ч байсан юм билүү, хэн ч мэдэхгүй шүү дээ.
Мэргэжлийн багш нар хүүхдийг эхлээд өөртөө дасгадаг. Дараа нь үсэг, үе, үг, өгүүлбэр хэлүүлэх дарааллаар хүүхдийн хэл яриаг засаж эхэлдэг. Тэгтэл Карма багш шууд үг өгүүлбэр хэлүүлж байгаа нь, мэргэжлийн бус гэдгийг нь нотлоод байгаа юм.
-Нэвтрүүлгийн доорх комментууд үзэгчдийг хоёр талцуулсан байсан.
-Нэг хэсэг нь “Хүний хүүхдийг ингэж болохгүй, Карма багш үнэхээр ёс зүйгүй харилцсан байна” гэсэн байсан. Харин нөгөө хэсэг нь “Энэ бол зүгээр л байдаг л зүйл шүү дээ. Бид нар хүүхэд байхдаа багшдаа зөндөө л зодуулж, загнуулж байсан. Энэ бол юу ч биш загнуулах ёстой, үг даах ёстой гэсэн комментууд байсан. Энэ мэт асуудлыг хүмүүс байдаг л зүйл гэж үзээд байгаа нь нийгэмд хүчирхийллийг өөгшүүлж байгаа нэг хэлбэр юм.
Шүүмжлэх, доромжлох хоёр чинь маш их ялгаатай. Өнөөдөр 25 настай У.Болортуяаг шүүмжлэх, доромжлох бол нэг өөр. Гэтэл есхөн настай хүүхдийг доромжлох нь буруу шүү дээ. Өөртөө ямар нэгэн байдлаар гутардаг түүнийг нь доромжлох тухайн хүүхдийн сэтгэл санаанд яаж ч нөлөөлж байгааг бид мэдэхгүй шүү дээ.
Тэгэхээр ёс зүйн хувьд байж боломгүй энэ мэт үйлдлүүдийг “Байдаг л зүйл” гэж тэсч тэвчээд хүчирхийлэгчийг өөгшүүлж болохгүй.
-Карма багш таныг хэвлэлийн зөвлөлд өгнө гэж байсан. Энэ асуудал юу болсон бэ?
-Фэйсбүүкээр тийм зүйл бичсэн байсан. Хэвлэлийн зөвлөлд өргөдөл гаргаж өгсөн үгүйг сайн мэдэхгүй байна. Одоогоор намайг дуудаж тайлбар өг гэсэн зүйл байхгүй.
-Энэ чиглэлээр ажилладаг сэтгүүлчид нэвтрүүлгээ хийгээд хаячихдаггүй. Нэвтрүүлгийн мөрөөр юу өөрчлөгдөв гэж санаа тавьдаг юм шиг санагддаг.
-Хийсэн бүтээлийн маань мөрөөр ямар нэгэн өөрчлөлт гарах үед хамгийн их аз жаргалтай байдаг. Заримдаа нисмээр санагдаж, бүр омогших ч үе гардаг шүү. (инээв)
Жишээлбэл, Дорноговь аймгийн Мандах сум улсын хэмжээнд тог цахилгаангүй хоёр дахь сум юм. Тэнд очиод “Мартагдсан 1560” гэдэг нэртэй сурвалжлага хийсэн. Мандах сум 1560 хүн амтай гэдэг утгаар нь тийм нэр өгч байсан. Нэвтрүүлэг цацагдаад арав хоногийн дараа сумын Засаг дарга нь надруу залгаад “Тогтой болсон шүү” гэж ярихад маш их баярлаж байсан. Бараг би очиод залгаад өгчихсөн юм шиг санагдаж билээ. Гэхдээ одоо буцаад тоггүй болчихсон л доо. (инээв)
-Яагаад буцаад тоггүй болчихсон юм бэ?
-Энэ сумын тогны асуудлыг бүр Багануураас шийддэг юм билээ. Тэгээд хариуцсан ганц хүнтэй, тэр нь дарга нартаа тогны асуудлыг нь шийдвэрлэх талаар хүсэлт гаргахаар шийдвэрлэж өгдөггүй гэсэн. Хариуцаж байсан ганц залуу нь надруу “баярлалаа” гэсэн мессеж бичиж байсан. Би уул нь тэр залууг юу ч хийдэггүй гээд “гусч” өгсөн. Тэгтэл яагаад надруу ийм мессеж бичдэг билээ гэж бодоод залгаж асуусан юм. Тэгсэн чинь “чамайг ирж нэвтрүүлэг хийснээс хойш манай дарга нарын чих зөөлөрсөн” гэж байсан.
-Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн анхдугаар чуулга уулзалт саяхан болсон. Тус уулзалтаар холбоо байгуулна гэж яриад байгаа. Холбоо байгуулагдсанаар гарах өөрчлөлт, үр ашиг нь юу байх бол.
-Холбоо байгуулагдвал илүү хүчтэй болно. Нэгдээд явахаар хийсэн бүтээл илүү ажилтанд хүрч үр өгөөжөө өгөх нь тодорхой. Бас алдаагүй нэвтрүүлэг гарах болов уу. Ганц хүн хийж байснаас олон хүний санаа бодол, мэдлэг шингэж гарсан нэвтрүүлэг алдаа мадаггүй илүү чанартай болох байх.
-Өөрт тань дарамт хэр ирдэг вэ?
-Надад тийм ч их дарамт ирдэггүй.
Одоо УИХ-ын гишүүн байгаа, тухайн үед сайд байсан хүн над руу шөнийн цагаар залгаад “Чи нялх нойтон хүүхэдтэй, төрөөд удаагүй залуу хүн байж гурав дахь удаагаа надаар оролдож байна. Чи хэний захиалгатай болоод намайг оролдоод байдаг юм. Хүүхдээ бодоорой, чи эмэгтэй хүн шүү” гэж байсан юм.
Би төрөөд удаагүй байхдаа ажилдаа орсон л доо. Намайг хүүхэдтэй гэдгийг мэднэ гэдэг чинь миний талаар судалгаа хийсэн нь харагдаж байгаа юм. Яг иймэрхүү зүйлтэй нүүр тулахаар айдаг л юм билээ.
Мөн “Зарим хүн үүнийг битгий гаргаач, миний амьдрал шүү дээ” хэмээн хандаж байсан. Иймэрхүү тохиолдлууд маш их байдаг. Тэр үед эмэгтэй хүний өрөвч, нинжин сэтгэл бас хөдөлнө. Гэвч цаана нь нийгмийн эрх ашиг байгаа гэдгийг бодоод үл тоох тохиолдлууд ч гардаг.
Ер нь сэтгүүлчээс илүү байгууллагын эздэд дарамт ихээр ирдэг. Хэвлэл мэдээллийн байгууллага бүрийн захирлууд бизнес эрхлэгчид байгаа гэхэд хилсдэхгүй байх. Мэдээж эздүүд бизнесийн тодорхой хүрээлэлтэй байдаг. Тэдгээртэй холбоотой баримтыг дэлгээд асуудал болгон олон нийтэд мэдээлэхэд сэтгэл санаагаар нь болон эрхэлж буй бизнесийнх нь үйл ажиллагаатай холбоотой дарамтууд маш ихээр ирдэг.
-Эх сурвалж болон баримтаа хаанаас олдог вэ?
-Тухайн сэдвээсээ хамаараад янз бүр. Эхлээд тухайн сэдвийн талаар хамгийн сайн мэдэж болох хүмүүстэй уулздаг. Нэг эх сурвалжтай уулзахаар дараагийн эх сурвалжийг зааж өгөх тохиолдол элбэг.
Ихэвчлэн нэвтрүүлэг эхлэхээс өмнө ямар нэг баримтанд тулгуурлан араас нь явдаг. Баримт гэдэг нь заавал цагаан цаасан дээр хараар биччихсэн байх албагүй.
Бас “Ахаа, эгчээ юм идэх үү, яах уу” гээд юу ч хамаагүй удаан ярилцаж суухыг хичээдэг. Тэгэхгүй “Сайн байна уу. Би телевизээс явж байна. Ганц хоёр юм тодруулах гэсэн юм” гэвэл хэн ч олигтой юм ярьж өгөхгүй. Жишээлбэл, Хүүхдийн төлөөх үндэсний газрын даргын арын өрөөг зүгээр л огт танил ахтайгаа ярьж байгаад л мэдэж байсан.
-Нэвтрүүлгийн сэдвээ хаанаас хайдаг вэ?
-Хамгийн сүүлд гарсан нэвтрүүлгийн тухайд авч үзвэл Фэйсбүүкийн 10 гаруй мянган хүнтэй ээжүүдийн групп дээр нөхөртөө зодуулдаг тухайгаа нэг эмэгтэй бичсэн байсан. Доор нь нөхөртөө зодуулдаг, эсвэл сэтгэл санааны хувьд байнга дарамтлуулдаг гэсэн олон мянган коммент байсан юм. Хамгийн гол нь нөхөртөө дахин яаж зодуулахгүй байх уу, зоддог нөхөр ер нь засардаг уу гэдэг талаар ярилцдаг.
Тэр эмэгтэйчүүд өдөр болгон нөхөртөө таалагдах гэж, уурыг нь хүргэхгүйн тулд өөрөөрөө бус баг зүүж амьдарч байна. Энэ маш хэцүү зүйл.
Тэгээд Монгол Улсын орлогч прокурортой санаандгүй таарсан. Энэ тухай түүнээс асуухад улсын хэмжээнд жилдээ 60-70 мянган гэмт хэрэг бүртгэгддэг. Үүний гуравны нэг нь гэр бүлийн хүчирхийлэл байдаг гэсэн.
Тэгээд л ээжүүдийн группийн яриа ер нь ортой юм байна гэж бодсон. Анзаараад байхад миний ойр дотны хүмүүс дунд л гэхэд ямар нэгэн байдлаар гэр бүлийн хүчирхийлэлд өртөөгүй хүн байхгүй юм билээ.
Иймэрхүү сэдлээр л нэвтрүүлгээ эхлүүлж баримт цуглуулдаг даа.
-Манай улсын хэмжээнд эрэн сурвалжлах сэтгүүл зүйн ямар асуудлууд тулгамддаг юм бол?
-Миний бодлоор цаг хугацаа, сайн баг, санхүү гэсэн гурван асуудлыг шийдвэрлээд өгчихвөл эрэн сурвалжлах нэвтрүүлэг хийхэд нэг их асуудал гарахгүй байх. Тэгэхгүй сэтгүүлчийг өдрийн нормийнх нь мэдээ, сурвалжлагаар дарчихаар яаж эрэн сурвалжлах нэвтрүүлэг хийж амжих юм бэ.
Ер нь “Ийгл” телевизээс бусад газарт эрэн сурвалжлах нэвтрүүлэг хийх боломжоор хангаж байгаа газар бараг алга. Би телевизийн хувьд ярьж байгаа шүү. Сонин сайтыг сайн мэдэхгүй юм.
Мөн ганц сэтгүүлч, зураглаач хоёрыг эрэн сурвалжлах нэвтрүүлэг хий гээд явуулчихдаг. Тэгээд дээрээс нь долоо хоногт хий гэх зэргээр шахчихна. Долоо хоногт нэг эрэн сурвалжлах нэвтрүүлэг хийнэ гэхээр сайн нэвтрүүлэг гарахгүй. Ховор тохиолдолд л гарах байх. Ер нь Монголын сэтгүүлч нар их чадварлаг атал хэвлэл мэдээллийн байгууллагуудын эзэд боломжмийг нь хангаж өгдөггүй.
Уг нь Эрэн сурвалжлах нэвтрүүлгийг хэн хамгийн сайн хийх ёстой вэ? гэвэл МҮОНРТВ гэж боддог. Учир нь төсвөөс санхүүждэг, үзэгчдээсээ сар болгон мөнгө авдаг шүү дээ. Гэвч сэтгүүлч нартаа сайн эрэн сурвалжлах нэвтрүүлэг хийх боломж олгохгүй байна гэж боддог.
-“Ийгл” телевизийн хувьд хангамж хэр байдаг вэ?
-14 хоногт нэг нэвтрүүлэг гаргахыг хүсдэг. Тусдаа эвлүүлэгч, зураглаачтай, хүссэн үедээ ажлын шугамаар машинаа аваад хаашаа ч хамаагүй явчихдаг. Ийм боломжоор хангаж байгаа телевиз миний бодлоор “Ийгл” телевизээс өөр байхгүй. Гэхдээ ганцаараа бүх юмаа хийдэг учир энэ нь бас тийм ч хангалттай биш.
-Хийсэн нэвтрүүлгийн улмаас шүүх цагдаагийн байгууллагад дуудагдаж байв уу?
-Хоёр удаа л цагдаагийн газраас дуудаж байсан. Гэхдээ намайг буруутгаж дуудаж байгаагүй. Харин хийсэн нэвтрүүлгийн мөрөөр цагдаа хэрэг үүсгэж шалгасантай холбогдуулж надаас баримт, нотолгоо, тайлбар авах гэж дуудсан.
-Дараа нь гарч болзошгүй үр дагавараас өөрийгөө хэрхэн хамгаалдаг вэ? Баримтаа нотолгоогоо л сайн бэлдэх ёстой байдаг уу?
-Ер нь телевизийн удирдлагууд хамгаалах ёстой. Хөдөлмөрийн гэрээнд тийм заалт тусгагдсан байдаг шиг санагдаж байна. Надад янз бүрийн зүйл тохиолдож байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан эзэд намайг хамгаалах ёстой гэж боддог.
-Нийгэмд тулгамдаад байгаа асуудлаас онцолж байгаа сэдэв бий юу?
-Тийм. Би болон Ийгл телевиз цаашдаа хүчирхийллийн эсрэг байр суурьтай ажиллахаар болсон. Үүнийг захирлуудтайгаа ярилцаад тохирцон байгаа.
Ямартайч хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулж, энэ тухай тогтолцоо хэзээ хэрэгжиж эхлэнэ тэр хүртэл нь хүүхэд, эмэгтэйчүүдийн төлөө дуугарсаар байх болно.
Та өөрийн үнэ цэнийг бусдад ямар байдлаар илэрхийлж, ойлгуулахыг хичээдэг вэ?
Бүх юманд үнэн байх юмсан гэж боддог. Ямар ч зүйлд хэлбэр хөөхгүй, хэнхэглэж тэнэгтэхгүй, аль болох хэлэх зүйлээ хэлчихдэг шударга байхыг хүсдэг. Үүнийгээ мэргэжлээрээ болон байгаа байдлаараа л ойлгуулахыг хүсдэг болов уу.
-Залуу хүмүүсийн уншвал зохих 5 монгол номыг зөвлөгөө байдлаар нэрлэж өгнө үү?
-ЕБС-д байхад манай багш Ким Ү Жүний “Хорвоо дэлхий уужим хийх ажил их байна” гэдэг номын уншихыг зөвлөж байсан юм. Хэдий нимгэн боловч утга агуулгын хувьд гүн, хөдөлмөрийн үнэ цэнийг ойлгуулсан ном. Үүнийг өсвөр насныхан ялангуяа уншаасай гэж хүсэж байна.
Мөн “Магна Хард”, “Очир эрхшээгч”, “100-н жилийн ганцаардал” болон Далай ламын сургаалуудыг уншихад үзчих хэрэгтэй гэж боддог.
-Таны хамгийн том боловч ойрын үед биелэх боломжтой зорилго тань юу вэ?
-Хамгийн том зорилгоо нууцалчихъя. Ойрын зорилго бол англи хэл сурах.
Залуу хүний хувьд гадагшаа явж хэл сураад, юм үзэж нүд тайлмаар л байна.
-Өдөр тутмынхаа амьдралын аль цаг хугацааг хамгийн их хайрладаг вэ?
-Хүүхэдтэйгээ өнгөрөөх цаг мөч л хамгийн жаргалтай байдаг.
-Монголчууд ямар зан чанараа гээж, ямар зан чанараа хадгалж үлдээсэй гэж хүсдэг вэ?
-Бүх юмыг шүүмжлэлийн нүдээр хараад байгаа юм шиг санагддаг. Сая “Авъяаслаг Монголчууд” нэвтүүлэгт оролцсон охиныг өөрийнхөө зорилгын төлөө зүгээр л дуу дуулж байхад нь газар дор ортол нь муулж байна шүү дээ. Энэ мэтээр бүх зүйлийг муулдаг, асар их харддаг энэ зангаа хаяасай гэж боддог.
Харин тусч чанараа авч үлдээсэй гэж боддог. Хотоос алслагдах тусам монгол хүний найрсаг, тусч зан, чанар хөдөө илүү их мэдрэгддэг. Намайг Дорноговьд явж байхад нэг эмээ “Хүний төлөө зүтгэдэг хүн ийм нимгэн хувцастай хөлдөж үхэх гээд явж байх юм. Алив энийг өмс” гэж хэлээд хөвөнтэй дээлээ бэлэглэж байсан.
Б.Учрал
BreakingNews.mN
Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулна
Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт гэмт хэргийн шинжтэй 121 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 10-нд эхэлнэ
Энэ сарын 15-наас эхэлж тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
Монгол Улсын эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ хангаж байна
Монгол Улсын эрэгтэй шигшээ баг Япон Улсыг зорилоо