Сонгууль хаяанд ирж хаалга тогшиж байна. Энэ сонгуулиар ирэх дөрвөн жил засгийн эрхийг ямар хүмүүс барих вэ гэдэг нь тодорно. Гэхдээ сонголтоо хийхийн өмнө өнгөрсөн дөрвөн жилээ эргэж харах нь зүйтэй болов уу. Монголчууд эрт дээрээс “Гишгэсэн мөрөө эргэн хар” хэмээн сургаж ирсэн билээ. Тиймээс өнгөрсөн дөрвөн жилд эрх баригчид чухам юу хийсэн бэ гэдэг дээр дүгнэлт өгч иргэд сонгогчдоос сэтгэгдлийг сонсох нь зүйн хэрэг.
УИХ-ын гишүүнээр 2008 онд сонгогдсон төрийн түшээд амлалтаа биелүүлсэн үү. Өнгөрсөн дөрвөн жилд МАН, АН хоёр хамтарсан Засгийн газар байгуулж ажилласан. Гэтэл сонгууль болохоос хагас жилийн өмнө АН Засгийн газраас гарсан юм. Энэ нь нэг ёсондоо хариуцлагаас мултрах гэсэн оролдлого байсан гэх нь бий. Хамтарч засгийн эрх барьж байсан тэднээс ард түмэн амлалтын биелэлтийг асуух нь тодорхой. Гэхдээ энэ удаад аль нэг намаас биш иргэн танаас асууя.
Өнгөрсөн дөрвөн жилд та бүхний амьдрал дээшилсэн үү.
Дөрвөн жилийн өмнө тэд таныг бараг л диваажинд амьдруулахаа амлаж байсан. Орчлонд дуу хадаан ирэх бяцхан үрийг тань хамгийн түрүүнд тосож авсан төрөх газар эрүүл аюулгүй орчинтой байж чадсан уу гэж ээжүүдээс асууя. Учир нь энэ хугацаанд 240 мянган хүүхэд мэндэлсэн байна. Түүнчлэн цэцэрлэг, яслийн талаар эцэг, эхчүүдээс асууя. Аан тийн ясли гэж байхгүй болсон учир цэцэрлэгийн талаар асууя. Та бүгдийн хүүхдүүд цэцэрлэгээс хангалттай боловсрол авч чадаж байна уу. Эсвэл 40, 50-уулаа нэг ангид багтаж ядан байр, багшийн хомсдолд орсон цэцэрлэгт хүүхдээ өгсөнөөр өвчин тусгах, мөн хүүхдэд боловсрол олгох боломжгүй байсан уу.
Насаараа хөдөө амьдарсан 120 мянган иргэн нийслэлд шилжин ирсэн тоо байдаг. Тэднийг шилжин ирэхэд ямар нөхцөл хүлээн авсан бэ. Бичиг баримтаа хурдан хугацаанд шилжүүлж, хотын иргэн болж чадсан болов уу. Тэдэнд хотод дасах, сурах, амьдрах, ажиллах боломж хэр байсан бол. Үр хүүхдээ цэцэрлэг сургуульд явуулах боломжийг эрх баригчид гаргаж өгөв үү. Та бүгдийн хүсэл, бодол, бэрхшээлийг чинь сонсов уу. Хот таныг яаж угтав. Агаарын бохирдол, замын түгжрээ, замбараагүй төлөвлөлт, авилгал хээл хахууль угтсан байх. Түүнчлэн бизнес эрхлэгч, жижиг дунд үйлдвэрлэгчдээс асууя. Төр та бүхний ажил хийх таатай орчныг бүрдүүлж өгч чадав уу. Та бүхэнд үйлчилдэг төрийн үйлчилгээ ямар байв. Хүнд суртал, авлигал хээл хахуулиар дарамталж байв уу.
Өнөөдөр Эрүүл мэндийн сайд нь намын нөхөр Н.Номтойбаярыг дэмжээд Дорнодод эмч, сувилагч, асрагч гээд эрүүлийг хамгаалахын бүх ажилчинтай уулзалт хийж явж байна гэнэ. Тэгвэл эмч нар та бүгдийн ажиллах нөхцөл өнгөрсөн дөрвөн жилд ямар байв. Та бүгдийн ажлын орчин тав тухтай байв уу, хэрэгцээт тоног төхөөрөмжөөр хангаж өгөв үү, та бүгдийн ажлын хүнд нөхцөлд тохирсон цалин хөлсийг олгож чадсан уу.
Төрийн эрхийг дөрвөн жил барьсан эрхэм төрийн түшээд өнөөдөр амласнаа биелүүлсэн хэмээн цээжээ дэлдэж байна. “Манайх биелүүлсэн эд нараас амлалтыг нь нэх” хэмээн бие бие рүүгээ хэрүүлийн алим шидэлж байна. Харин тэдний амь тэмцэн булаацалдаад байгаа тэр 21 мянган төгрөг таны амьдралд хүрэлцээтэй байсан уу.
Энэ бүх асуултад Монгол хүмүүн та юу гэж хариулж байна вэ. Магадгүй дөрвөн жилийн өмнөх намуудын мөрийн хөтөлбөр санаанд тань буусан байх. Хориод жил ээлжилж бас хамтран засгийн эрх барьсан МАН, АН хоёрын амласан амлалт биелэгдсэн эсэхийг дүгнэсэн та одоо дүгнэлтээ гаргаж сонголтоо хийх цаг боллоо.
Сонгогч бид санал өгч сурсан хүмүүс. Бид энэ удаад аливаа зүйлийг бодитоор харах цаг нь болжээ. Бидэнд АН, МАН хоёроос өөрийг сонгох арга бас бий. Улс төрд гурав дахь хүчин болох ИЗНН гэж бий. Энэ олон жилийн туршид тус намын тэргүүн С.Оюун үнэхээр гуравдахь хүчнийхээ үүргийг биелүүлж ирсэн. Одоо түүнд зөвхөн үзэл бодол, сэтгэл нэгт нөхөд нь хэрэгтэй байна. Тэрбээр УИХ дахь намуудын гаргаж байгаа бурууд нүд хурц байж шийдвэр гаргах асуудалд үргэлж нухацтай ханддаг. Тэр ард түмний өмнө хүлээсэн гурав дахь хүчнийхээ үүргийг умартаагүй билээ.
Эцэст нь ахин асууя. Өнгөрсөн дөрвөн жилд иргэн таны амьдрал сайжирсан уу. Энэ асуултад хариулсан бол та сонголтоо зөв хийгээрэй.
Ц.Халиунаа
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах цахим нөлөөллийн аян, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулав
Сэлбэ хот орон сууцжуулах төслийн барилга угсралтын ажил үргэлжилж байна
Баруун-Уртаас Бичигтийн боомт хүртэл хатуу хучилттай авто зам холбосноор Монгол Улсын далайд гарах хамгийн дөт гарц нээгдэнэ
“Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдаанд 1000 ЖДҮ эрхлэгч оролцож байна
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болов
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж, малчидтай уулзана
НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчийг “Найрамдал” медалиар шагналаа