60 ТЭРБУМЫН ТӨЛӨӨ 60 МЯНГАН ХҮНИЙГ ХАЛЖ СОЛИХ УУ


нголын төрийн албан хаагчдын тоо асуудал, маргаан дагуулж эхэллээ. Юу гэвэл, санхүүгийн хүндрэл, эдийн засгийн хямралаас үүдэж улсын төсвийг танах тухай 2017 оны төсвийг хэлэлцэх үеэр яригдаж байна. Тэгвэл төрийн албан хаагчдын тоог цөөлөх, зарим агентлагийг татан буулгах, нэгтгэх, цомхотгох зэрэг нь нийгэмд тун хөндүүр сэдэв болох төлөвтэй.

 


Энэ дашрамд, төрийн албаны халаа сэлгээ хэр өрнөж байгаа вэ гэдэг асуулт анхаарал татсаар байна. Сонгуулийн үеэр цацагдсан төрийн албаны халаа сэлгээнээс 60 тэрбумыг босгох МАН-ын зорилт үнэн байсан уу, гүтгэлэг байсан уу. Өдгөө тэрхүү бичлэгт дурьдсанчлан үйлдлээ хэрэгжүүлж байгаа юу, эсвэл төрийн албыг мөнгөөр үнэлсэн байдал огт гаргаагүй  байгаа юу.


Энэ мэт олон асуулт тавигдана. Гэвч ямар ч тохиолдолд хариулт нь нэг юм. Өөрөөр хэлбэл, 60 тэрбумын төлөө байсан эсэхээс үл хамаараад төрийн албанд халаа сэлгээ үргэлжилсээр байгаа билээ. 2016 оны зургадугаар сараас хойш төрийн албан хаагчдын бүтцэд хэр хөдөлгөөн орсон бэ. Засгийн эрх шилжсэнтэй холбоотойгоор удирдлагын түвшний бүх албан тушаалд өөрчлөлт орж байгаа гэхэд хилсдэхгүй. Энэ нь ч зүй ёсны юм.


Гэхдээ дарга, сайд шинээр томилогдох бүрд тухайн байгууллагын үйлчлэгчээс эхлээд бараг бүх хүнийг сольдог гаж тогтолцоо манайд бүр заншил болж тогтсон. Ийм жишгээр бол төрийн албан дахь халаа сэлгээ цаашид үргэлжилнэ гэсэн үг. Монголд жилдээ 15 мянган хүн халаа сэлгээнд өртдөг гэхмэдээлэл байна. Тодруулбал, өнгөрсөн хоёр жилийн дотор л гэхэд 30 мянган төрийн албан хаагч шилжилт хөдөлгөөнд орсон байх юм. Тэгвэл энэ прогнозоор ирэх жил тутам 15 мянга гэж тооцвол, ирэх дөрвөн жилд 60 мянган төрийн албан хаагч шилжилт хөдөлгөөнд орох нь ээ гэсэн үг.  Шилжилт хөдөлгөөн гэдэг нь албан тушаал буурсан, ахисан, гарсан, халагдсан бүх албан хаагчдын тоо. Мэргэжлийн Засгийн газар гарч ирснээс хойш энэ тоо хэрхэн өөрчлөгдсөнийг одоогоор мэдэх боломжгүй.  


Хайран залуус. Төрийн алба залгуулах гэж залагдаж ирээд, төрлийн холбоо, намын харьяаллаар хөөгдөж буусан хөөрхий залуучууд. Хэн ч тэдний өмнөөс харамсахгүй. Эзний алба ээлжтэй, хааны алба халаатай гэх хатуурхах юм.  


Төсвийн хэмнэлт, зайлшгүй шаардлага гэсэн нэрийн дор цомхотгох, халахажил үргэлжилнэ Төрийн албан хаагчид үүний хөлд үрэгдэж, ёстой л ардаа татаастай нь үлдэж, арын хаалгагүй нь явна гэсэн үг. Өнгөрсөн хугацаанд төрийн албыг төрлийн алба болголоо, намын харьяаллаар халж сэлгэлээ гэх хэл ам бишгүй л өрнөсөн. Аль ч засгийн үед энэ байдал засагдаагүй. Гэтэл төрийн жинхэнэ албан хаагч, ажилдаа мэргэшсэн чадварлаг залуусыг энэ хоморго тойрч биш, дайраад өнгөрсөн байдаг нь харамсалтай.  


Аливаа юм хоёр талтай. Төрийн алба улстөрчдийн нөлөөнд хэт орж, данхайж томорсон нь мөнөөх жинхэнэ төрийн албан хаагчийг нэр хүндийг шороотой хутгасан. “Мөнчгөр”-өөрөө ахиж дэвшээд, дарга удирдлага болсон байлаа ч намын хүн, тэрний, энэний татаас гэсээр байгаад унагачихдаг жишиг Монголд бий. Оронд нь харин жинхэнэ “Лифтний хүн” гарч ирнэ. Лифтний хүн гэдэг нь давхар алгасч, шат ахихыг хэлж буй юм. Хэн нэгний татаас, дэмжлэгээр дээшээ гардаг гэсэн санаа. Таван давхарт лифтээр гарах, шатаар гарах хоёрын ялгааг төрийн албаар жишээлж хэлсэн хэрэг.

Тэгвэл шатаар өгсөж, давхар бүрээ андахгүй болж гарч ирсэн залуучуудыгаа төрийн албаны халаа сэлгээ, цомхотголоор буцаагаад нэг давхар руу шидчих нь хэр шударга юм бэ.


Чиг үүрэг давхардсан агентлаг, ажлын алба, нэгж, төвүүдийг холбогдох яам, агентлаг, төсөвт байгууллагад нэгтэх, татан буулгах нь зүй ёсны нийгмийн шаардлага. Гэхдээ энэ нь эсрэгээрээ олон хүний ажил амьдрал, амжилт бүтээл, урам зоригийг хугалсан үйл хэрэг болох учиргүй.


Эдийн засгийн хямрал, төрийн албаны данхайсан бүтэц, хүнд суртал, авлига, төрийн чадамжгүй байдал зэрэг өнөөгийн бүх асуудлын угт дээрх төрийн албан хаагчдын халаа сэлгээ, тогтворгүй байдал зохих үрээ цацсан нь дамжиггүй юм. Төрийн алба ийм барьцгүй, тогтворгүй байхад төрийн залгамж халаа, уламжлал шинэчлэл, төрийн хар хайрцагны бодлого, салбарын тогтвортой хөгжил, хөтөлбөрийн тухай ярих ч утга алга. Зүйн нь төрийн алба маш чадварлаг, мэргэшсэн, тогтвортой байх ёстой. Улс төрийн томилгооноос ангид төрийн албаны бүтцийг бий болгох оролдлогууд хийсэн боловч аль ч нам үүнийг хэрэгжүүлж чадахгүй л байна. Улс төрийн голлох хоёр нам ээлжлэн засаг барих тоолондоо сөрөг хүчнийхнээ төрийн албанаас толгой дараалан халдаг жишиг 1990 оноос хойш бичигдээгүй хууль мэт мөрдөгдөж ирсэн. Үүнийг өөрчлөхийн тулд 2008 онд Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн найруулснаар төрийн албыг улс төрийн үйл ажиллагаанаас ангид байх хууль эрх зүйн орчин бүрдсэн. Гэвч төрийн алба улс төрийн албан тушаалтнуудтай адил халаа сэлгээнд өртсөөр, хэл ам дагуулсаар, хамгийн гол нь төрийн ажлыг хойш нь улдан чангаасаар өдий хүрэв. Уг нь улс төрийн албан тушаалтнууд томилогдож, халагдаж, огцорч л байдаг, төрийн жинхэнэ албан хаагчид тэднээс ямар ч хамааралгүйгээр ажлаа хийж, улс орныхоо хөгжлийн тулгуур бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлж байдаг жишиг олон улсад бий. Бидний сайн мэдэх Японд л гэхэд сайд нар нь огцрохдоо амархан. Харин төрийн алба нь тогтвортой ажилладаг тул сайд нарын томилгоо эдийн засаг, нийгмийнх нь амьдралд тийм ч хүчтэй нөлөө үзүүлдэггүй. Канад, Австрали зэрэг орон бүгд төрийн албыг мэргэшсэн, тогтвортой ажиллуулах ийм жишгийг бий болгож чадсанаар хөгжиж чаджээ.

 

ЭХ СУРВАЛЖ: ZINDAA.MN