Засгийн газар хэмнэлт, төсвийн таналт хийх хэрэгтэй гэж ярьсаар байгаа боловч түүнийгээ бодит ажил хэрэг болгохгүй байсаар байна. Тэр тусмаа төсвийн зардлыг хэмнэх талаар Ж.Эрдэнэбатын Засгийн газар юуг ч хийсэнгүй гэхэд болно. Тэр дундаа Ч.Сайханбилэгийн үед 15 яам байсныг 13 болгосон гэх нэр л зүүснээс биш бодит таналт, давхардсан үүрэг, хүнд суртлыг хумих бодлого баримтлаж чадаагүй гэхэд болно. Аж үйлдвэрийн яам, Хүнс хөдөө аж ахуйн яам тус тусдаа байсныг нэгтгэсэн, Хөдөлмөрийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам гэж тусдаа байсныг нэгтгэсэн. Ж.Эрдэнэбатын шинэчлэл ингээд л дууссан. Бусад яам нь нэр, зүс нь солигдсоноос бусдаар өөрчлөгдөөгүй. Уг нь 9-11 болтол цөөлөх боломж байсан уу гэвэл байсан юм. Харамсалтай нь, албан тушаал, сайдын шан горьдсон олон гишүүдийнхээ амбицийг хангахын тулд МАН-ын зүгээс хямралын эдийн засагт тохирсон бүтцийг зурж чадаагүй билээ.
Төрийн данхар бүтцийг танах шийдлийг хэрэгжүүлэхэд одоо ч оройтоогүй байна. Дэд сайд нарын орон тоо, тэдэнд өгөх цалинг хэмнэж, эхний ээлжинд агентлагуудаа цөөлж, хооронд нь нэгтэх зэрэг арга хэмжээг авах шаардлага байсаар.
Гэвч Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үүнд эрх мэдэл, санаачлага, эр зориг дутаад байгаа бололтой. Хэрэгцээгүй гэж үзсэн улс төрийн албан тушаалыг байхгүй болгож, зарим давхардсан үүрэг, чиглэл бүхий агентлаг, газруудыг нэг болгож цэгцлэх улс төрийн зориг түүнээс хэзээ гарах вэ.
Төсвийн зардлыг танах, төрийн албан хаагчдыг цомхотгох тухай уг нь их л ярьж байна. Гэвч сургууль, цэцэрлэг, эмнэлгээ цомхотгож болохгүй учраас хэн цомхотголд өртөх вэ гэхээр төрийн захиргаа, төрийн тусгай хүмүүсээ багасгахаас аргагүйд хүрнэ.
Ж.Эрдэнэбатын Засгийн газарт хасчихлаа гэхэд гарзгүй, байлгалаа гэхэд олзгүй улс төрийн албан тушаалууд бий. Тухайлбал, Шадар сайд, дэд сайдууд. Ерөнхий сайд гэж байгаад түүнд зөвлөх нэртэй улс төрийн албан тушаалтнууд байсаар байтал дахин нэг том, данхгар Шадар байхын хэрэг бий гэж үү. Төрийн нарийн бичгийн дарга гээд албан тушаал байсаар байтал дэд сайдын хэрэг бий гэж үү. Тэдгээр албан тушаал дээр хэн байгаа нь чухал биш, гагцхүү эдгээр албан тушаалын хэрэг яг чухамдаа бий эсэх тухай ярьж байна л даа. Төдийлөн хэрэгцээ шаардлагагүй гэж үзээд цомхотгож хасч болмоор санагдана.
Ер нь тэрээр төрөөс заавал орон тоо гаргаж хийх шаардлагагүй ажил дээр баахан орон тоо үүсгэсэн байдлыг шүүмжилдэг. Тэдгээрийн дотор дэд сайдуудын албан тушаал багтдаг. Энэ албан тушаал нь бүх яамны сайд нарын тэргүүн зөвлөх маягийн алба эрхэлдэг болж таарч байна. Үүнийг сүүлийн үед монголчууд орон тооны болон орон тооны бус зөвлөх гэх ганган нэрээр илүүтэй хэрэглэх болсон. Тэгэхээр сайдын зөвлөх гээд л орон тооны бус байдлаар шийдчихэж болмоор ч шиг. Зөвлөхүүд бол зөвхөн зөвлөх үүрэгтэй бол Монгол Улсын дэд сайд шийдвэр гаргах хэмжээнд оролцох эрх мэдэлтэй. Одоогийн ялгаа бол ердөө л энэ. Гэвч энэхүү эрх мэдэл нь хуулиараа мөнөөх хариуцаж буй яамны сайдад байдаг болохоос мань дэд сайд дангаараа нэг ч тогтоол шийдвэр гаргаад явах боломжгүй.
Ийнхүү эрх мэдлийн тодорхойгүй байдалд байдаг хэрнээ нэг л олон сайд сэтэр зүүнэ. Ёстой л уурга өгөөгүй хэрнээ морь барьж ир гээд явган явуулчихаж байгаатай л адил хэрэг.
Эсвэл нэг зарцад хоёр ноён заагаад өгчихсөн шиг л юм болж байна. Төсвийг хэмнэж, төрийн албаны орон тоог хэмнэх тухай ярьж л байгаа юм бол шаардлагагүй албан тушаал, хэрэгцээгүй эрх ямбыг танахаас эхлэх ёстой байх. Ялихгүй ямба эдлүүлэхийн төлөө гаргаж ирсэн ямааны гарзгүй алба бол яг үнэндээ Шадар сайд хийгээд дэд сайдуудын сэнтий билээ.
Эх сурвхлж: Breakingnews.MN
Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулна
Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт гэмт хэргийн шинжтэй 121 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 10-нд эхэлнэ
Энэ сарын 15-наас эхэлж тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
Монгол Улсын эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ хангаж байна
Монгол Улсын эрэгтэй шигшээ баг Япон Улсыг зорилоо