Өнөө жилийн аварга Ч.Санжаадамба


Монгол наадам хаяанд ирлээ. Бөхчүүд бэлтгэлээ хийгээд завгүй. Ар халхын алдарт бөх, Улсын заан Ч.Санжаадамбад зориулж, түүний найз, улаан шүтэн бишрэгч, Завхан нутгийн хүү Б.Батжаргал найзынхаа хүсэлтээр ахар богино хугацаанд арай л гэж бичиж дуусгалаа. Арын сайхан Архангайнхан шинэ аваргатай болно, ард түмний наадам маш сайхан болноо. Зааныг минь Монгол бөхийн босоо цагаан хийморь тэтгэж, түмэн олноо баярлуулсан түүх ихтэй аварга болоорой гэж ерөөе.

 

ӨНӨӨ ЖИЛИЙН АВАРГА Ч.САНЖААДАМБА

 

Домогт шүншиглэсэн эрчүүдийн хийморь босоо төрдөг
Дахан дороо эрдэж, эрчүүд нь эрэмгий өсдөг
Хүн чанар, ёс жудагаараа бусдад гайхагдсан
АР ХАЛХЫНХАН бөхчүүдээрээ арай л илүүрхдэг

 

Ар халхын бөхчүүд аагтай, самбаа зориг шаламгай
Аархал, бяр хоёртой ахан дүүсүүд юм, тэд
Цацаа цалгиандаа хий гаргаж алддаг ч
Цадиггүй билэг танхайтай нэгэн оршихуй юм, тэд
Босоо аваргын удамтай Арын сайхан хангай нутгаас
Борвиндоо шөрмөстэй эрчүүд илүү олон төрнө

 

Суварга хайрхан уулын суган доор нэгэн хөвгүүн төрж
Суут Тамирын шугуйн бүүвэйнд өлгийдүүлж эрийн цээнд хүрсэн
Цэргийн арслан цэнгэлдэхийг шуугиулсан их наадмууд үргэлжилж
ЧИМЭДРЭГЦЭНГИЙН ХҮҮ Монгол бөхийн ертөнцөд тод тамгалагдлаа

Монгол туургатны наадамд дөрвөн түрүү авсан хүн үгүй байна
Монголыг дэлхий онцлох номд таны нэр шигтгээтэй байна
Давахад тань уухай хадааж, урагшаа суудаг хүн олон байна
Унахад чинь урам нь хугарч, уйлаад босдог хүмүүс илүү олон байна

 

Давлаа гэх уухайнд халхын уулс омогшиж
Догшин хүлгүүд уяан дээрээ ганзага цацартал эвшээдэг
Уначихлаа гэх халгианд халхын эрчүүд халаглаж
Олон ээжүүдийн алган дунд залбирал болж бөмбөрдөг 
Унах, давах хоёрт хорвоо тэр чигээрээ хөвөрч
Уухай, халаг дунд орчлон тэр чигээрээ чимээлж
Арын хангайн уулс хэвлийгээ зөөллөж
Алдарт гурван тамир хөрсөө чиний дор дэлгэж
Аугаа хүчитний ихийн их ӨЛГИЙ НУТАГ
Ар халх АВАРГАА төрөхийг хүлээж
Амьсгал авч чадалгүй олон ч наадамд өндөлзлөө

 

Ард түмний ашдын бэлгээр АВАРГА болох л хүү
Ааг чадал, ир бяр, ид хаваа гайхуулсан АВАРГА болох л хүн
Бэрх хайрханы өвөр дээр тонгочиж өссөн эрх шар хүү 
Зараатын голын хөндийг шуугиулж явсан идэр хархүү
Монгол түмний наадам үгүйлдэг, бас дутдаг ИХ АВАРГА болноо

 

Ир нь ханаж, хий нь гүйцсэн
Эрийн охь эр бор харцага минь 
Хүүхэд шиг ааштай, хүмүүн шиг аралтай, гүндүүгүй сайхан
Өсөх идэр, саруул сайжрах ХҮЧИТ ЗААН МИНЬ
Ухааныхаа ураар сэтгэлээ ташуурдаад бос, унах учиргүй шүү
Удмынхаа сураар зүрхээ шавхуурдаад чангар, сөхрөх эрхгүй шүү 
Өнөө жилийн наадмаар цэнгэлдэхийг доргиосон уухайн дунд
Өндөлзсөн олныг тэр чигээр нь босгоод, ИХ АВАРГА БОЛНО ШҮҮ
 

 

2016.07.02-нд 10.10-д бичиж дуусав. Б.Урангоо

 

Эх сурвалж: Zaluu.com