Соёолон насны морьд гарааны зурхайгаас хөдөллөө


Тулгар төрийн 2225 жил, Их Монгол улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын соёолон насны морьдын уралдаанд Монгол орны дөрвөн зүг, найман зовхисоос ирсэн 295 хурдан буян бүртгүүлж, гарааны зурхайгаас хөдөллөө. Соёолонгийн уралдаанд улс бүсийн наадмын нэг түрүү, хоёр айргийн эзэн Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Ө.Пүрэвбаатарын загал, улс бүсийн хоёр айргийн эзэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул, уяач Ж.Эрдэнэбатын хар, төрийн наадмын аман хүзүү Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул, уяач Ж.Энхболдын сартай зээрд, улсын наадмын нэг айргийн эзэн Дундговь аймгийн Луус сумын уугуул, МУ-ын Алдарт уяач С.Шинэбаатарын хүрэн зэрэг энэ цагийн олон хурдан буянгууд морджээ. Бид тун удахгүй түрүүлж айрагдсан морьд хэний уяаны хүлэг байсныг мэдээллэх болно.