“БАГАНУУРЫН УУРХАЙ”-н хувь заяа МАН-аас бүрэн шалтгаалахаар байна


“Багануур” хувьцаат компани өнгөрсөн хоёр өдөр 9.870.287 ширхэг хувьцаагаа Хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалах эрхийг нээв. Гэхдээ хувьцаа худалдан авах эрх хязгаарлагдмал. Тодруулж хэлбэл, арилжаанд “Багануур”  хувьцаат  компанийн хувьцааг эзэмшдэг иргэд болон ААН-үүд оролцох эрхтэй байв. Бас нэг зүйл онцлоход, арилжаанд оролцогч өөрийн эзэмшдэг хувьцааны дүнтэй тэнцэх хувьцааг худалдан авах боломж нээгдсэн явдал. Ухаандаа иргэн Б тус компанийн 50 ширхэг хувьцааг эзэмшдэг байлаа гэхэд энэ удаагийн арилжаагаар нэмж 50-иас доошгүй хувьцаа худалдан авах боломжтой. Илүүг авч болохгүй.

Нэгж хувьцааны нэрлэсэн үнэ 2650 төгрөг. “Багануур” хувьцаат компанийн 25 хувийг 5000 орчим жижиг хувьцаа эзэмшигч эзэмшдэг. Үндсэндээ эдгээр хувьцаа эзэмшигчдийн дунд хоёр өдрийн арилжаа явагдсан гэсэн үг. Хувьцааг арилжих хугацааг хоёр хоног гэж хатуу зааж өгсөн явдалдаа холбогдох албаныхан “Хууль нь угаасаа ийм юм” гэх тайлбар өгч байна.

 

Үлдсэн 75 хувь төрийн мэдэлд буй. Харин энэ удаагийн арилжаа явагдсанаар төрийн эзэмшлийн хувь хэмжээ 51 хувь болж буурах юм. Хөрөнгийн биржээс өчигдөр уг арилжааны талаар гаргасан мэдэгдэлдээ “...Үнэт цаас гаргахтай холбогдуулан хийсэн хувьцаа эзэмшигчдийн 2015 оны 11 сарын 5-ны өдрийн хуралд оролцоогүй болон хурлаас гаргасан шийдвэртэй эсрэг саналтай байгаа хувьцаа эзэмшигчдэд Компанийн тухай хуулийн 53 болон 54 дүгээр зүйлд заасны дагуу хувьцаагаа эргүүлэн худалдаж авахыг компаниас шаардах эрх үүссэн болохыг мэдэгдэж байна” гэжээ.

 

 

Энэ нь нэгж хувьцаа эзэмшигч “Багануур” компанийн хувьцаа арилжаалж буй явдлыг  дэмжээгүй,  эсрэг саналтай байгаа тохиолдолд өөрийн хувиа компанид эргүүлэн зарах эрх нээгдэж буйг онцолсон хэрэг байв. Хөрөнгийн биржийн мэдэгдэлд дурдагдсанаар хувьцаа эзэмшигчид компанид хувьцаагаа эргүүлэн авахыг шаардах хугацаа энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Хэрвээ арилжаа саадгүй явагдсан бол хоёр өдрийн дотор “Багануур”  компани хөрөнгийн зах зээлээс 26 тэрбум төгрөг татан төвлөрүүлэх байв. Энэ мөнгөөр парк шинэчлэлт хийн, хуучны тоног төхөөрөмжүүдээ шинэчлэхээр төлөвлөжээ. Учир нь, Багануурт шинэ станц барих тул ихээхэн хэмжээний нүүрс шаардлагатай. Иймд “Багануур” ХК тоног төхөөрөмжөө шинэчлэн, хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлага үүссэн гэж болно. Энэ байдлыг засгийн газраас харгалзан үзэж, төрийн эзэмшлийн 75 хувиас 24 хувийг нь арилжаанд гаргах шийдвэрийг өнгөрсөн онд гаргасан байдаг.

 

 

Төр солигдож буй энэ үеэр “Багануур” компанийн хувьцаа арилжигдаж таарсан нь “будлиан” орох шинж дагууллаа гэж хардах улсууд ч байна. Уг нь анхнаасаа энэ удаагийн арилжаагаар “Багануур” компани хөрөнгийн зах зээл дээрээс мөнгө төвлөрүүлэх зорилготой байсан. Гэвч тус компанийн хувьцааг ямар байдлаар зохион байгуулалттайгаар  нэг ашиг сонирхол бүхий бүлэглэлд төвлөрүүлж болох тооцоолуурын машин аль хэдийнэ гүйгээд эхэлчихсэн нь нууц биш юм.

Мөнхүү хувьцаа эзэмшигчдийн хэдэн хувь нь компанид хувьцаа худалдан авахыг шаардахыг одоогоор тооцоолох боломжгүй. Ямар ч байсан хувьцаа эзэмшигчид 100 хувь гар өргөөд дэмжчихээгүй нь тодорхой. Тэгэхээр компанид эргэж төвлөрсөн хувьцааг цаашдаа хэрхэх, ер нь “Багануур”-ын уурхайг хэн хэрхэн эзэмших вэ зэрэг бүхий л мөнгө тойрсон асуудлууд одоогийн засгийн эрх барих намд үлдэж байна. Ямартай ч төрийн эзэмшлийг өмнөх засгийн газрын гаргасан шийдвэрт дөрөөлөн бууруулах нь тодорхой болжээ.