СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Наадмын өдрүүдэд үер усны аюулаас болгоомжлоорой


Хэдхэн хоногийн дараа Үндэсний их баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан баярын өдрүүдэд цаг агаар ямар байх тухай Цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Урьдчилан мэдээлэх төвийн цаг уурч Э.Энхзаяагаас тодрууллаа.

 

-Ойрын өдрүүдэд их халуун байна. Энэ халалт хэр удаан үргэлжлэх төлөвтэй байна вэ?

 

-Ерөнхийдөө наадмын өмнөх өдрүүд болох долдугаар сарын 6, 7, 8, 9-ний өдрүүдэд нийт нутгаар халах төлөвтэй байна. Ялангуяа энэ сарын 8, 9-ний өдрүүдэд төв болон зүүн аймгуудын нутгаар 33-38 хэм хүрч хална гэсэн урьдчилсан төлөв гараад байна. Харин наадмын өдрүүдээр хур бороотой байна. Ялангуяа энэ сарын 8, 9-ний өдрүүдэд хэт халалттай байна. Тиймээс ард иргэд маань баяр наадмын өмнөх өдрүүдэд наршихаас сэргийлэх хэрэгтэй. Мөн үер усны аюулаас болгоомжлох нь зүйтэйг сэрэмжлүүлье. 

 

-Наадмын өдрүүдээр бүс нутгийн хувьд аль хэсгээр бороо түлхүү орохоор байна вэ?

 

-Наадмын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв байдал гарсан. Наадмын эхний өдрүүд буюу энэ сарын 9-ний өдөр баруун аймгийн нутгаар, 10-нд төв хэсгээр, 11, 12-нд нутгийнхаа зүүн хэсгээр хур бороо орно. Ойрын өдрүүдэд агаарын температурын хувьд өндөр халалттай байсан бол наадмын үеэр өдөртөө 10 хэмээр буурах болно. Тэгэхээр наадмын өдрүүдээр хэт халуун буурч, хур бороо орно. Мөн цаашдаа энэ сарын 14, 15-нд ихэнх нутгаар борооших урьдчилсан төлөвтэй байна. Энэ сарын 9, 10-ны өдрүүдэд бороо ахиу хэмжээтэй, үргэлжлэн орох төлөвтэй байна. Харин энэ сарын 11-нд зүүн зүгийн нутгаар, 12-нд ихэнх нутгаар түр зуурын бороо орно.

 

-Нийт нутгаар долдугаар сард цаг агаар ямар байх вэ?

 

-Ерөнхийдөө долдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлвөөр энэ сарын хоёр, гуравдугаар арав хоногийн эхэн болон эцсээр баруун аймгийн нутгийн хойд хэсгээр сэрүүн байна. Энэ үеэр уулаараа шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэмтэй дулаан байна. Нэлээн дулаан байдаг Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 25-30 хэм орчим дулаан байх төлөвтэй. Төвийн нутгийн хувьд мөн үед бага зэрэг сэрүүснэ. Энэ үеэр сэрүүн байдаг Хангай, Хөвсгөлийн уулаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 15-20 хэм байх бол дулаан байдаг Орхон, Сэлэнгийн сав газарт шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 19-24 хэм байна. Бусад нутгийн хувьд шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 16-21 хэм байх төлөв гараад байна.

 

-ХЭТ ХАЛАЛТЫН ДАРАА БОРОО ОРСНООР ҮЕРИЙН ГАМШИГ 
ДАГУУЛЖ БОЛЗОШГҮЙ-

 

Ойрын өдрүүдэд ихэнхи нутгаар цаг агаар 30-35 хэм хүртэл халж, бүгчим халуун байгаатай холбоотойгоор иргэд гол ус бараадан амарч зугаалах нь их болсон. Ингэхдээ санамсар болгоомж алдсаны улмаас усанд осолдох, амь насаа алдах тохиолдол буурахгүй байна. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан долдугаар сарын 9-нөөс 17-ны өдрүүдэд бүх нийтээр амарч, долдугаар сарын 18-ны даваа гаригт ажил цуглана. Тиймээс олон хоног үргэлжлэх амралтын өдрүүдэд ард иргэд аялал, амралтаар явахдаа гол усны ойролцоо амарч зугаалахгүй, сонор сэрэмжтэй байж, бага насны хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа хяналтаа дээшлүүлэх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж, аюулгүй байдлаа хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхаарууллаа. Түүнчлэн цаг агаарын урьдчилсан төлөв байдлаас үзвэл хэт их халалтын дараа хур бороо орох нь үерийн гамшиг дагуулж болзошгүй тул учирч болзошгүй гамшгаас сэрэмжилж, голын эрэг хөндийд байрлахгүй байхыг сануулж байна.