С.Эрдэнэ: Сонголт зөв хийгдсэн үү, буруу хийгдсэн үү гэдгийг цаг хугацаа харуулна


УИХ-ын гишүүн С.Эрдэнийг өчигдөр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар томилсон. Тэрээр шинээр бүрэлдсэн УИХ-ын анхдугаар чуулганы хуралдаанд МАН-ынханд хандаж “Монгол төрийн бодлого тасралтгүй үргэлжлэх ёстой. Хэт олондоо эрдэж Монгол төрийг, төрийн албан хаагчдыг бужигнуулахгүй байх гэж итгэж байна. Монгол төрд ажиллаж байгаа олон мянган иргэн бий. Тиймээс тангараг өргөсөн төрийн албан хаагчдаараа битгий оролдоорой, улс төрийн албан тушаалаа томилоорой. Ардчилсан намын бий болгосон бүтээн байгуулалтыг зогсоохгүй байх гэж найдаж байна” гэсэн юм. Түүнтэй цөөн хором ярилцлаа.

 

-Ардчилсан намын бүлгийн хурлаар таныг бүлгийн даргаар сонгожээ. Ирэх дөрвөн жилд Ардчилсан намын бүлэг хэрхэн ажиллах вэ?

 

-Монгол Ардын Намынхан мөрийн хөтөлбөр, амлалтаа биелүүлж ажиллах ёстой. Ирэх дөрвөн жилд олонхи хуулийн дагуу ард түмний төлөө сайн зүйл хийвэл дэмжээд, хамтраад ажиллана. Буруу зүйл хийвэл байгаа бүх бололцоогоороо эсэргүүцэж ажиллана. Хүний цөөн гэлтгүйгээр хүчтэй, ажил хэрэгч сөрөг хүчин байж чадна. Гэхдээ эрх баригчдыг үргэлж шүүмжилж, харлуулахын эсрэг байна. Яагаад гэвэл бид энэ зовлонг туулаад ирсэн болохоор эрх баригчдад ямар байдгийг мэднэ. Хийх ажил их, иргэдийн хүлээлт өндөр байгаа учраас сайн ажиллуулахыг хүсч байна.

 

-Ардчилсан нам энэ сонгуулиар ялагдал хүлээллээ. Мэдээж олон шалтгаан байсан байх?

 

-Нэгэнт сонголт хийгдчихсэн хойно би дүгнэлт хийгээд яах вэ. Сонголт зөв хийгдсэн үү, буруу хийгдсэн үү гэдгийг цаг хугацаа харуулах байх. Ардчилсан нам бол хал үзэж, халуун чулуу долоосон нам. Үзэл бодолд тулгуурласан, Монголын ардчиллын үнэт зүйлсийг хадгалах, хамгаалах үүргийг өөртөө хүлээсэн нам гэж хэлнэ. Бид эв нэгдэлтэй байж, хууль бус үйлдлийн эсрэг сөрж чаддаг байх ёстой. Өнөөдөр ялагдлаа гээд гуньж, гутраад байх хэрэггүй. Бид ямар ч нөхцөлд амьдрах чадвартай нам гэдгээ олон зүйл дээр харуулсан. Цаашид ч харуулах болно.

 

-Ардчилсан намын дарга З.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нар хариуцлага хүлээж үүрэгт ажлаа өгнө гэдгийг сонгуулийн орой мэдэгдсэн. Одоо Ардчилсан нам дотор дараагийн намын дарга хэн болох вэ гэсэн асуудал яригдаж байгаа байх?

 

-Манай нам Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаар шийднэ. Өнөөдөр Гүйцэтгэх зөвлөл хуралдана. Энэ асуудал удахгүй тодорхой болох байх. Намын удирдлагад хэр бэлтгэгдэж, боловсорсон, үзэл бодол нь төлөвшсөн хүнийг гаргаж ирэх нь вэ гэдгийг харна.

 

Эх сурвалж:Medee.mn