З.Энхболд: Цэвэр нүүрсний технологийн төв байгуулж, нүүрсээ хувиргана

Admin
3 цаг 24 минутын өмнө

УИХ-ын дарга З.Энхболд, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Уул уурхайн сайд, УИХ-ын гишүүн Д.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй баг энэ сарын 1-нээс 3-ны өдрүүдэд Япон улсад ажлын айлчлал хийсэн. Айлчлалын хүрээнд Монгол Улсын эдийн засагт урт хугацаанд өндөр үр өгөөж үзүүлэх хоёр том санамж бичиг зурагдсан байна. Тодруулбал, Монгол Улсын Хөдөлмөрийн яам, Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яам хоорондын “Хөдөлмөрийн салбар дахь хамтын ажиллагааны санамж бичиг”,  Монгол Улсын Уул уурхайн яам, Япон Улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам хоорондын “Цэвэр нүүрсний технологийн солилцоог дэмжих хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурах ёслолд салбарын сайд  нар нь оролцжээ.

 

-ЯПОН РУУ ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ 
ТАТВАРГҮЙ ЭКСПОРТОЛНО-

 

УИХ-ын  дарга З.Энхболдын онцолсон  бас чухал асуудал нь энэ сарын 7-ны өдрөөс эхлэн Монгол-Японы хооронд байгуулсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр албан ёсоор хэрэгжиж эхлэх явдал байв. Энэ талаар УИХ-ын дарга З.Энхболд “Түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхэлсэн өдрөөс эхлэн хоёр тал руу 8-9 мянга орчим нэр төрлийн бараа татваргүй экспортлогдоно. Одоогоор манай үндэсний томоохон үйлдвэрлэгчид энэ өдрийг хүлээгээд экспортоо зогсоочихсон байна. Учир нь тэд гааль дээр 15 хувийн татвар төлж байгаа. Энэ татвар  түншлэлийн хэлэлцээрийн дагуу бүрэн тэглэгдэж байна.

 

Энэ түншлэлийн хэлэлцээрийг хэрэгжиж эхлэхийг дан ганц манай Үндэсний үйлдвэрлэгчид хүлээсэн юм биш. Биднийг сая  эх орон луугаа ирэхэд онгоцонд сул суудал одохгүй байлаа. Учир нь уг хэлэлцээр хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан, Японы бизнесменүүд  манай улсыг зорин ирж байна.

 

Цаашлаад бид хөдөлмөрийн ажиллах хүчинг хоёр тал руугаа чөлөөтэй урсгаж оруулах зам нээгдлээ. Дадлагажигч ажиллах хүчин эх орондоо эргээд мэргэшсэн боловсон хүчин болон бэлтгэгдэн ирнэ. Түүнчлэн  Уул уурхайн салбарт нүүрсний чиглэлээр  Япон улстай хамтрах ажил 40-50 жил үргэлжлэх бөгөөд нүүрсийг технологийн дэвшил ашиглан, өөр төлөвт оруулах ажлууд шат дараатай хийгдэнэ” гэж айлчлалынхаа гол үр дүнг  тодотгосон юм.

 

-Г.БАЯРСАЙХАН: ДАДЛАГАЖИГЧ АЖИЛЛАХ ХҮЧИН ТОДОРХОЙ 
ТООНД ЗАХИРАГДАХГҮЙ-

 

Япон руу дадлагажигч ажиллах хүчин илгээх болсон талаар Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан мэдээлэл өгөхдөө “Хоёр улсын хооронд зурагдсан Хөдөлмөрийн салбар дахь хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ажлыг эхлүүлэхийн тулд сүүлийн найман сарын хугацаанд  холбогдох гэрээ хэлцлүүд тасралтгүй явагдсан.  Уг санамж бичиг зурагдсанаар Монгол Улсаас Япон улсад мэргэжлийн ур чадвартай залуучуудыг дадлагажуулах боломж нээгдэнэ. Бидний хамгийн гол зорилго бол япон Улсаас технологи шилжүүлэх, импортлох явдал.

 

Япон Улсын засгийн газар, хөдөлмөрийн яамтай бид дадлагажигч ажиллах хүчний тоог тухайлсан ярилцсан. Үүний үр дүнд Монгол Улсын эдийн засгийн хөгжилд хэдий хэмжээний мэргэжлийн ур чадвартай залуучууд хэрэгтэй байна, төдий хэмжээгээр Япон Улс манай залуусыг дадлагажуулахаар болсон. Тэгэхээр Хөдөлмөрийн яамны зүгээс МСҮТ-үүдээрээ дамжуулан, залуусаа хэлний бэлтгэлд сургаж, Японд дадлагажуулах шаардлага үүсэж байна. Үүнийг бид дарууй эхлүүлнэ” хэмээн мэдэгдсэн юм.

Засгийн газрын зүгээс уг ажлын бэлтгэлийг ойрын хугацаанд хангах зорилгоор “Дадлагажигч ажилтан шилжих хөдөлгөөний  төв”-ийг байгуулсан аж. Уг төв дадлагажигч ажиллах хүчнийг Япон руу илгээх бэлтгэлийг ханган ажиллана гэдгийг салбарын сайд нь онцолж байна. Харин Япон Улсад эдгээр залуусыг элчин сайдын яамны дэргэдэх тусгай ажлын хэсэг хариуцан ажиллах юм байна. Дадлагажигч ажиллах хүчин Япон Улсад 1500-5000 ам.долларын цалин бүхий ажилд зуучлагдах бөгөөд эх орондоо эргэж ирэн, технологи нэвтрүүлэх замаар ажиллах гэрээний үүрэг хүлээх юм.

 

-Р.ЖИГЖИД: ЯПОНЫ ТЕХНОЛГИОР НҮҮРС-ХИЙН ҮЙЛДВЭРИЙН БААЗ БАЙГУУЛНА-

 

Уул уурхайн сайд Р.Жигжид “Цэвэр нүүрсний технологийн солилцоог дэмжих хамтын ажиллагааны санамж бичиг”-ийн үр өгөөжийн талаар “Монгол улсад үр ашигтай нүүрсний хэрэглээг дэмжих зорилгоор цэвэр нүүрсний технологийн солилцоог гүнзгийрүүлэх зорилтот ажлууд хийгдэнэ. Энэ хүрээнд талууд манай улсын нүүрсийг ашиглан цэвэр нүүрсний технологийн хамтарсан судалгааг  хийх юм. Мөн Монгол улсад цэвэр нүүрсний технологийг хэрэгжүүлж байгаа төслүүдэд Япон Улсын компаниудын оролцоог нэмэгдүүлэх ажлууд явагдана.

 

Энэ ажлыг цаашид эрчимжүүлэх зорилгын үүднээс Уул уурхайн яаман дээр холбогдох мэргэжлийн байгууллагуудыг оролцуулсан судалгааны ажлын хэсгийг байгуулаад байгаа. Ажлын хэсэг ойрын хугацаанд Япон Улсад очиж судалгаа хийнэ. Тус улсаас энэ чиглэлээр мөн судалгааны баг манайд ирэх замаар ажлаа явуулна.

Дулааралтай холбогдуулан С2-ийн хэрэглээг хэмнэх, бууруулах чиглэлд Дэлхий нийтээрээ ажиллаж байна. Гэтэл Монгол улсын хувьд нүүрсний  173 тэрбум тонн геологийн арвин их нөөцтэй. Энэ нүүрсээ бид үр ашигтайгаар зарцуулах хэрэгтэй. Үүний тулд бидэнд өндөр технологи хэрэгтэй байна. Бидэнд хэрэгтэй тэр технологиуд Япон улсад туршигдаад, хэрэгжихэд бэлэн болчихоод байгаа.  Манай улс японы технологийн тусламжтайгаар Нүүрс-хийн үйлдвэрийн бааз байгуулах зорилт тавин ажиллах юм. Тэгэхээр юуны өмнө нүүрсийг хийжүүлээд, хийгээрээ цахилгаан станцаа ажиллуулна. Хийжүүлэх явцад гарсан бусад дагалдах элементүүдээс нь нүүрс хийний үйлдвэрийн түүхий эдийг гаргаж авах зорилт тавиж ажиллах болж байна ” гэж тодотгож байна.

 

-З.ЭНХБОЛД: ЦЭВЭР НҮҮРСНИЙ  ТЕХНОЛОГИЙН ТӨВ БАЙГУУЛЖ, 
НҮҮРСЭЭ ХУВИРГАНА- 

УИХ-ын дарга З.Энхболд Япон улсад хийсэн  айлчлалынхаа талаар сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.

 

-Үндэсний үйлдвэрлэгчид энэ сарын 7-ноос Япон руу бараа бүтээгдэхүүнээ татваргүй экспортлох боломж бүрдлээ гэж онцолж байна. Энэ ажлын бэлтгэл хангалттай хэмжээнд хангагдсан уу?

 

- Нэг жилийн хугацаанд компаниуд ямар бэлтгэл хангасныг удахгүй та бүхэн харах байх. Өнөөдөр онгоцонд суудал олдохгүй байна шүү дээ. Бизнесменүүд ирж байна. 06 дугаар сарын 07-ны өдрөөс хэрэгжиж эхлэх хэлэлцээр бодитой болж байгаагийн жишээ онгоцонд суудал олдохгүй байгаагаас харагдаж байгаа байх. Бизнесийнхэн энэ талаар хамгийн сайн мэдээлэлтэй байгаа. Манай ноолуурын компаниуд 06 дугаар сарын 07-ны өдрийг хүлээгээд экспортыг зогсоосон байна. Өнөөдөр гаргавал 15 хувийн татвартай, 06 дугаар сарын 07-ны өдрөөс хойш гаргавал 0 хувийн татвартай болж байгаа учраас тэр. Үүнээс хойш бизнесийн харилцаа улам сайжирна.

 

-Монгол-Японы хооронд байгуулсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд яг тодорхой төслүүд дээр хэрхэн хамтрах талаарх мэдээллээ дэлгэрүүлбэл?

 

-Бид айлчлалын хүрээнд шинэ технологийн цахилгаан дулааны станц, нүүрсийг шууд шатаахгүйгээр технологийн шийдлээр ажиллаж байгаа газар юм байна. Ийм станц зөвхөн Японд л байна. Үүний судалгааг хийх зорилгоор Монгол улсад судалгааны төв байгуулах гэж байна. Энэ бол харьцангуй жижиг ажил юм. Монголд үйлдвэрлэсэн нарны зайгаар Нарны цахилгаан станц барьчихсан Баянхонгорын залуу түүнийг нь хариуцан ажиллуулж байна. Тэгэхээр дадлагажигч  ажилтан бэлтгэх ажил нь өнөөдөр эхлэх гээгүйг энэ бүхэн харуулж байгаа юм. Арваад жил үргэлжилж байна. Тэр хүмүүс анлан япон очиж юм сураад эх орондоо ирж, нарны зай үйлдвэрлэсэн. Түүнийгээ Япон руу эргээд экспортолсон байх жишээтээ. Энэ мэтээр түншлэлийн хэлэлцээр байгуулагдахаас өмнө хийгдчихсэн, төрийн зүгээс зайлшгүй дэмжих ёстой ажлууд байгаа юм. Түншлэлийн хэлэлцээрийн гол үр дүн нь бид  их дээд сургууль төгсөөгүй, технологийн хувьд  мэргэшсэн ажиллах хүчинтэй болно.

Бид одоо тоёототой өрсөлдөөд автомашин хийгээд дэлхийн зах зээл дээр гаргахад биднийг хэн ч хүлээхгүй байгаа. Гэтэл "Шибасаки" гээд өчигдөр очсон үйлдвэр машины эд ангийг үйлдвэрлэдэг. Хичнээн машин зарагдана, тэднийх баталгаатай ажлын байртай. Тэнд монгол залуучууд ажиллаад чанар шалгаад байж байна. Мөн салбар нь Монголд байна. Одоо энэ эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн дагуу иймэрхүү компаниудын ажиллах нөхцөл улам сайжирна.

 

-Дадлагажигч ажиллах хүчинг тодорхой тоонд захируулалгүй Япон руу явуулахаар  нийгэмд сөрөг шүүмжлэл үүсэхгүй юу?

 

-Монгол залуучуудыг ажилд сургах, МСҮТ-д сураад, үргэлжлүүлэн гурван жил Япон Улсад дадлагжаад ирэх ийм л зорилгоор явуулж байгаа. Мэдээж ажил хийж байгаа хүн цалин авна. Тэр авдаг цалин нь манай энд авдагаас, Солонгост авдагаас өндөр. Тэгэхээр бид гурван жилийн хугацаанд цэргийн албанд явуулдаг бол гурван жилийн хугацаатай мэргэжилтэй, ажилтан болгох сургалтад явуулж байгаа юм. Дадлагажигч ажиллах хүчний хувьд энд ч байсан, тэнд ч ажилласан ялгаагүй нийгмийн даатгал, тэтгэвэрийн шимтгэл нь төлөгдөж байхаар ажиллаж байна.

 

-Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн Япон улстай хамтрах асуудал яригдсан гэж ойлгогдож байна. Нүүрсээ эдийн засгийн хувьд үр өгөөжтэй болгох асуудал яригдахад дагаад төмөр  замын асуудал сөхөгддөг. Үүнийг хэрхэн зохицуулахаар хоёр улсын түвшинд яригдсан юм бол?

 

-Ерөнхий сайд Ш.Абетэй  үдийн зоог барих үеэрээ бид энэ талаар голчлон ярилцсан.Төмөр зам гэдэг бол энэ том төслийн нэг жижиг хэсэг юм байна. Цэвэр нүүрсний технологиор Япон улс дэлхийд тэргүүлж байгаа учраас түүнийгээ бидэнд өгөөч ээ. Тэрүүгээр нь бид нүүрсээ Тавантолгойн зарагддаггүй, овоолго нүүрсийг пластмассын түүхий эд болгоё. Тэгвэл үүний өртөг өндөр болоод экспортлох боломжтой болно. Тэгвэл зүүн төмөр зам, Чойрт байгуулагдах нүүрс, химийн цогцолбор, түүнийг хийх туршилтын үйлдвэрүүд, ажилчдыг нь сургах сургалтын Косен системийг тэр чигээр нь авна гэж байгаа. Энэ нь Японд ямар хэрэгтэй гэхээр Монгол Улсад цэвэр нүүрсний судалгааг дэлхийн номер нэг судалгаа болгож өргөжүүлээд тэндээс өөрсдийн экспортлох IGCC технологио, утаа гаргадаггүй цахилгаан станц, нүүрс хийжүүлдэг, шингэрүүлдэг төслүүдээ экспортломоор байгаа гэж байна. Хамтраад л явцгаая. Тэднийд нүүрс байхгүй, манай байна. Хоёулаа хамтраад дэлхийн зах зээл дээр амжилт олох боломж бүрэн байна. Тиймээс энэ төсөл цогц болж дунд хугацааны зорилт болох юм. Эхний зорилт биелэсэн. Дараагийн зорилтоо ярьж байна гэсэн үг. 

 

-Цэвэр нүүрсний технологийн төв байгуулахын гол ач холбогдлын талаар?

 

-Нүүрсээ нүүрс чигээр нь зарах боломжгүй болсон учраас өөр хэлбэрт оруулна. Нэг тонн нүүрс өнөөдөр 30 ам.доллар байна. Харин дэлхийн зах зээл дээр нэг тонн нүүрснээс гаргаж авдаг бодисууд 1000-1500 ам.доллар байгаа. 30 ам.долларын түүхий эдийг далайн эрэг рүү төмөр замаар зөөх үү, 1000-1500 ам.долларын тонн жинтэй барааг далайн эрэг рүү зөөх үү гэдэг сонголт л бидний өмнө байна. Тийм учраас цэвэр нүүрсний технологийн төв байгуулж нүүрсээ хувиргана. Хувиргасны үр дүнд өртөг Монгол Улсад үлдэнэ. Тэр хэмжээгээр ажлын байр бий болно. Тэрийг эхлэхэд бидэнд энэ ажлыг хийж чаддаг, олон мянган Монгол залуусыг Косен гэдэг сургуулиар нь  нь дамжуулан сургана. Цэвэр нүүрсэн дээр ажилладаг. Ийм маягаар ажил урагшаа явна уу гэхээс хэдхэн жилийн өмнө байсан 100 гаруй долларын нүүрсний өндөр үнийг санагалзаад байх юм бол энэ улсын хөгжил явахгүй.

 

-УИХ-ын дарга засгийн газрынхаа тэргүүний ажлыг хийгээд явна гэх шүүмжлэл таныг дагаж байна. Үүн дээр та ямар хариулт өгөх бэ?

 

-Энд Ерөнхий сайд бид хоёрын ажлын давхцлыг ярих шаарлагагүй. Монгол улсад юу хэрэгтэй байна тэр ажлыг хийхээс өөр арга бидэнд байхгүй. Энэ гэрээнд манай Ерөнхий сайд гарын үсэг зурсан. Соёрхон батлах ажил хоёр улсын парламентаар хэлэлцэгдсэн. Япон Улсын Парламентын дээд, доод танхимууд энэ гэрээг маш богино хугацаанд соёрхон баталсанд би очиж баярлалаа гэдгээ хэлсэн байгаа. Өөр ямар ч улсын яриа, хэлэлцээр парламентаар богино хугацаанд, ийм хурдан хэлэлцэгдэн батлагдсан түүх байхгүй юм билээ. Тиймээс бид Япон улсын эдийн засагт очиж наалдаад, юм сурч аваад, бидний хийсэн бараа бүтээгдэхүүн дэлхийн түвшинд зарагддаг болох нь бидний зорилго. Түүхий нүүрсээ түүхийгээр нь гаргаад сайхан амьдарна гэдэг мөрөөдөлдөө одоо бүгдээрээ цэг тавья. Тэр цаг дууссан.

 

Эх сурвалж Medee.mn