Хүүгээ аварсан баатарлаг ээж


АНУ-ын Массачусетс мужийн Haverhill цогцолбор хотхонд өнгөрсөн гуравдугаар сард гал гарахад 23 настай Кристина Симоес гэх бүсгүй ой зургаан сартай хүүгээ аврахын тулд хүүгээ тэврэн гурван давхрын тагтнаас үсэрчээ. Эмнэлгийн орон дээр хэвтэж буй Кристина Симоес дахин хэзээ ч явж чадахгүй болсон ч хүү нь амьд байгаа нь түүний хамгийн их аз жаргал гэнэ.

Тэр “Гал гарахад би хүүтэйгээ тоглож байсан. Гэнэт цонхоор утаа орж ирэхийг хараад гал гарсан гэдгийг ойлгосон. Гал хурдацтай тархахад Камероныг аврах цорын ганц арга байгааг ойлгосон. Хүүгээ чанга тэврэн үнсэж, хайртай гэж хэлээд үсэрсэн” гэж CBS Bostonөгсөн ярилцлагадаа хэлжээ. Симоес нуруундаа ноцтой гэмтэл авсан тул хөл дээрээ босох нь тодорхойгүй гэж эмч нар хэлсэн байна. Гэхдээ Кристинад хүү нь амьд байгаа нь түүний хамгийн том бэлэг болжээ. Золгүй явдлын улмаас залуу гэр бүл бүх юмаа алджээ. “Гэсэн ч хамгийн үнэтэй, гол зүйл болох хүүгээ аврах явдал. Камэрон миний амьнаас үнэтэй. Би энэ бүх өвдөлтийг хүүгээ хэрхэн гүйж, инээж, өсөж том болж байгааг нь харж, даван туулна. Би өөрийгөө баатарлаг үйл хийсэн гэж бодохгүй байна. Би зүгээр л Камероны ээж” гэж Кристина ярьсан байна.

 

Кристина Симоесийн эмнэлгийн төлбөрт тус болохыг хүссэн сайн санаатнууд интернетэд GoFundMe хуудас үүсгэж 13 мянган ам.доллар цуглуулж тэдний гэр бүлд хандивлажээ. Түүнчлэн гал гарсан Haverhill хотхоныг эзэмшигч компани галд өртсөн бүх оршин суугчдад зориулсан сан байгуулсан байна.