Путины үг


Өнгөрсөн долоо хоногт болсон нэгэн үйл явдалд дэлхий нийт төдийгүй монголчууд анхаарал хандуулж, бидний зарим нэг нь байр сууриа илэрхийлээд амжсан нь Украины мэдэлд байсан Крымын хойгийг ОХУ өөрийн бүрэлдэхүүнд албан ёсоор оруулсан явдал байлаа. Хэрэг явдал Украиныг Европын холбоонд элсүүлэх саналд Украины Ерөнхийлөгч Виктор Янукович татгалзсан хариу өгсөнөөр эхэлсэн. Энэ бол 2013 оны арваннэгдүгээр сар. Түүнээс хойш Украин Европын холбоонд байх ёстой гэж үзсэн сөрөг хүчний тэмцэл улам ширүүссээр Ерөнхийлөгч Янукович болон түүний тойрон хүрээллийн хүмүүс болох мужуудын захирагч нар улсаасаа дүрвэн гарч төрийн эрх мэдэл нь тэмцэгчдийн гарт орсон. Учир шалтгаан Украин Европын холбоонд байх уу үгүй юу гэдгээс илүүтэй начир дээрээ Украинд ОХУ-ын сонирхол үргэлжлэх үү, эсвэл АНУ тэргүүтэй барууныхны сонирхол тогтох уу гэдэгт гол асуудал байсан. 


Хэрэг явдал маш хурдацтай өрнөж, Украины шинэ удирдлага нь барууны сонирхлыг төлөөлөх төдийгүй Украин НАТО-д элсэх асуудал сөхөгдөх дээрээ тулахад 1783 оноос 1954 он хүртэл Оросын мэдэлд байсан Крымын арал, түүн дээр байгаа Оросын Хар тэнгисийн флотыг алдах уу гэсэн асуулт гарч ирсэн. Газар зүйн хувьд стратегийн ач холбогдол бүхий энэ бүс нутгийн төлөө оросууд үхэн хатан тэмцэж, багагүй хэмжээний цус урсган өөрийн мэдэлд авсан нь түүхийн хуудаснаа бий. Харин энэ бүс нутгийг 1954 онд украин үндэстэн Никита Хрущев Украины газар нутгийн мэдэлд оруулсан байдаг.


Гуравдугаар сарын 16-нд Крымд явагдсан бүх нийтийн санал асуулгын эцсийн дүн эхнээсээ тодорхой байсан. Крымын хоёр сая 200 мянган хүн амын 95 хувь нь Оросын мэдэлд эргэн орох хүсэлтээ илэрхийлсэн. Гуравдугаар сарын 18-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Холбооны дээд зөвлөл болон Төрийн Думын хамтарсан хуралдаан дээр Крымд явагдсан санал асуулгын дүнг үндэслэн ОХУ-д нэгтгэх хүсэлтийг илэрхийллээ. Түүний хүсэлтийг Төрийн Дум хоёр хоногийн дараа албан ёсоор хүлээн авсанаар Крымын хойг болон Севастополь хот гэсэн хоёр субъектыг ОХУ өөрийн мэдэлд орууллаа.


Гуравдугаар сарын 18-ний өдөр хэлсэн Путины үг өнөөдөр олон хүний анхаарлыг татаж байна. Өнгөрсөн зууны сүүлийн хагаст дэлхийг хоёр хуваан үргэлжилсэн хүйтэн дайны тэргүүн эгнээнд явсан Зөвлөлт Холбоот Улс задран унаснаар түүхийн хуудаснаа агуу гэгдэж байсан Орос орны шинэ цагийн гунигт он жилүүд эхэлсэн. Бүрэлдэхүүнд нь байсан 14 Бүгд найрамдах улс тус тусдаа бие даан, эдийн засаг нь сүйрэн унасан. Оросуудын энэ үеийг барууныхан шархдан унасан хүрэн баавгайтай зүйрлэх дуртай. Шархныхаа халуунд энэлэн шаналан хэвтэж байгаа хүчит борын өмнүүр хойгуур цагийн сайханд найр тавин холуур өнгөрдөг байсан бусад амьтад шарвалзан гүйж, ойр тойрноос нь хоолоо цуглуулан гэдсээ цатгаж амждаг байлаа. Путины үг шархдсан баавгай шархаа эдгээсэн төдийгүй хөвчийн эзэн эргэн ирсэн гэдгээ тунхагласан хэрэг боллоо. “Орос орон толгойгоо гудайлган эвлэрсэн. Гомдлоо цээжин дотроо аваад үлдсэн. Тэр үед манай улс хүнд байдалд байсан, өөрсдийн ашиг сонирхлыг хамгаалж чадахгүй байсан” хэмээн Путин хэлсэн. Крымын статусыг ард түмнийх нь хүсэл сонирхлын дагуу шийдсэн болохоос биш энэ бол оросуудын түрэмгийлэл байгаагүй гэлээ. Крымын жишээг Косовогийн жишээтэй харьцуулан цагтаа барууныхан Косовог мөн ийм маягаар Сериэс салгаж байснаа санах хэрэгтэйг санууллаа. 


Ашиг сонирхлоо хамгаалах төдийгүй илэрхийлэх болно гэдгээ ч хэллээ. “Оросыг ганцаардуулах бодлого XVIII зуунд, XIX зуунд, ХХ зуунд ч явж ирсэн. Өнөөдөр ч үргэлжилж байна. Бид ямагт өөрийн гэсэн байр суурьтай байж, өөрсдийгөө хамгаалж, байгаа юмыг байгаагаар нь хэлсэний төлөө, хоёр нүүр гаргаагүйн төлөө биднийг үргэлж буланд шахахыг оролддог. Гэвч юм болгонд хэмжээ хязгаар бий. Украины хувьд манай барууны түншүүд хэмжээ хязгаарыг даван гишгэсэн. Хариуцлагагүй, бүдүүлэг, мэргэжлийн бус байсан” хэмээн Путин хэлсэн. 


Путины энэ үгийг Черчилийн 1946 оны үгтэй харьцуулах ч хүн байна. Уинстон Черчилийн 1946 оны гуравдугаар сарын 5-нд АНУ-ын Миссури мужийн Фултоны коллежид хэлсэн үг нь хүйтэн дайн эхэлсэнийг зарласан хэрэг байсан гэж үздэг. Фултоны үг хэмээн түүхийн сурах бичгүүдэд алдаршсан үгийг хэлэх үед Гитлерийн Германы эсрэг нэгдсэн эвслийнхэн цаашид ч нэг фронтод байх нь хэдийнэ тодорхой болсон байсан юм. “Балтикийн Штеттинаас Ариатиын тэнгисийн Риеста хүртэл “төмөр хөшиг” татагджээ. Энэ хөшигний цаана төв болон баруун Европын эртний нийслэлүүд байна. Варшав, Берлин, Прага, Вена, Будапешт, Белград, бухарест, София. Эдгээр хот ямар нэг хэмжээгээр Зөвлөлтиын нөлөөнд, зарим тохиолдолд улам нэмэгдэж байгаа Москвагийн хяналтад байна” хэмээн Черчиль хэлсэн байдаг.


Сарын өмнө болж өнгөрсөн Сочигийн өвлийн олимп Путинд далавч бэлэглэсэн гэж хэлж болно. Олимп эхлэхийн өмнө баруун орнуудын зүгээс оросуудыг басамжилсан, тоомжиргүй хандсан дайралт тууштай явсан. Путин энэ бүхнийг  тэсэн гарч Орос орон агуу гэх тодотголтой ойрхон ирсэнийг сануулсан. Залгуулаад Крымын асуудал Путинд хос далийг нь ургууллаа.

Кремлийн энэ үйлдэл дипломат ёсыг уландаа гишгэсэн явдал хэмээн буруутгаж байгаа ч дипломат ёсыг барууныхан дандаа сахиж байлуу гэдгийг Югослав, Косово, Афганистан, Иракаар жишээлэн Путин хариу барилаа. 

Путины энэ үйлдэл өнөөгийн дэлхийн харьцаанд өөрчлөлт авчрах уу гэдэг асуудал урган гарч байна. Оросыг “Их найм”-аас хасна, эдийн засгийн хориг арга хэмжээ авна гэж байгаа ч өнөөдрийн байдлаар ярианаас цаашгүй байна. АНУ, Европын холбоо Кремлийг буруушааж байгаагаа аль хэдийнэ илэрхийлсэн, харин Кремлийг дэмжсэн байр суурийг дэлхийн нэг ч улс орон хараахан хийгээгүй байна. Харин манай нэг сайд дэмжсэнийг бид мэдэж байгаа.

Хуучин Зөвлөлтийн мэдэлд байсан улс орнууд харин энэ үйл явцыг болгоомжлонгуй хүлээж авч байх шиг байна. Польшийн “Эв нэгдэл” хөдөлгөөнийг санаачлагийн нэг Адам Мичник “Оросын загалмайлсан эцэг” хэмээн Путиныг нэрлээд “Эсвэл амиа өг, эсвэл тусгаар тогтнолоо өг хэмээн тулган шаардлаа. Энэ бол угаасаа Путины арга барил. Крым бол Агуу Оросыг бий болгох мөрөөдлийнх нь эхний алхам юм” хэмээн бичжээ.