Хятадууд Монголоос нэг ч ширхэг нүүрс авахгүй гэлээ


 Монголчууд бид мөнхийн хэмээн нэрлэдэг хойд урьд хөршөөсөө хагацах аюулын харанга өдрөөс өдөрт дэлдсээр байгаа билээ. Эдийн засгийн бүс, геополитекийн хувьд ч тэр хамгийн боломжтой хөршүүд бол хойд урьд их айлууд. Гэтэл гуравдагчдын мөрөөдөлд хэт автаж амьдралаас тасарсан эрх баригчдын гайгаар хятадууд биднээс нэг ч ширхэг нүүрс авахгүй гэдгээ мэдэгджээ. Тавантолгой орд газарт ажиллаж байсан хоёр хөршийн компанийг шахаж, оронд АНУ-ын компанид тал засах болсон эрх баригчдын гай ийнхүү нүүрсний зах зээлийг хааж байгаа учраас ард бид нар бүсээ чангалахаас өөр аргагүй байдалд хүрлээ. 

 

   Учир нь хятадууд Киргизстан улсаас нүүрсээ авахаар тохироо хийсэн хэмээх баттай эх сурвалжийн мэдээлэл байна. Шинжаан Уйгартай хил залгаа Киргизийн нутагт Узгений хэмээх хоёр том орд газар байгаа бөгөөд 250 сая тоннын нөөцтэй аж. Хоёр том орд газрын хайгуулыг социалист нийгмийн үед оросууд тогтоож өгсөн бөгөөд илчлэг нь 8200-8700 ккал/кг гэнэ. Тодотгож хэлэх юм бол манай Тавантолгойн нүүрснээс дутахгүй гэсэн үг. Тэгэхээр газар нутгийн хувьд ч ойролцоо учраас хятадууд нэгэнтээ Киргизстантай гэрээ хийгээд амжижээ. Тэр ч бүү хэл Өмнөговийн “Овооттолгой” нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулж байгаад сураг алдарсан “Саус Гоби Сэндс” компанийн Александр Молинье тэргүүтэй захирлууд Киргизийн энэхүү том уурхайд хөрөнгө оруулж байгааг эх сурвалж хэллээ. “Чалко”  нь  “Саус Гоби Сэндс”-тэй хамтын ажиллагааны хүрээнд 60 хүртэлх хувьд оногдох нэгж хувьцаа бүрийг 8.48 канад доллараар худалдан авахаар болж байв. Тиймээс “Саус Гоби Сэндс” компанийн 57.6 хувийг “Айвенхоу Майнз” компани эзэмшиж байгааг ч бид мэднэ. Харин сүүлийн үеийн мэдээллээр бол эдгээр компаниудын хооронд ихээхэн маргаан дэгдээд буй.

     Түүнчлэн “Айвенхоу Майнз” компани “Саут Гоби Сэндс” дэх эзэмшлийн хувиа зарахаар болж байв. Энэ мэт маргаанаас үүдэн “Саус Гоби Сэндс” Монгол дахь хөрөнгө оруулалтынхаа 60 хувийг эргүүлэн татахаар болж, захирлууд нь зугтаад алга болсон. Гэтэл “Саус Гоби Сэндс”-ийн захирлууд Киргизийн том уурхайд ажиллаж байгаа аж. Тэгэхээр манайхаас татсан хөрөнгө оруулалт Киргизид очжээ гэж ойлгож болно. Тэдний хувьд дэлхийн хөрөнгийн зах дээрх томоохон тоглогчид гэдгийг бид мэднэ. Тиймээс засгийн бодлого нь тогтвортой хөрөнгө оруулалтын баталгаатай улс орнуудад хөрөнгөө хаяж сурсан нөхдүүд учраас манай засгийн тогтворгүй үйл ажиллагаанаас болж ийнхүү байршлаа өөрчилсөн хэрэг. Киргиз дэх Узгений уурхай нь долоон том цооног амтай бөгөөд хятадууд жилдээ 5-7 сая тонн нүүрс олборлохоор гэрээ байгуулжээ. Энэ нь өнөөдрийн Засгийн газрын тогтворгүй үйл ажиллагаа, гадаад бодлого ямар байгааг харуулсан томоохон явдал болж байгаа юм. Бид өнөөдөр нүүрсээ хаашаа зарах вэ, хэнд вэ гэдэг том асуудал үлдлээ. Бидний нүүрсийг америкууд ирж авахгүй, ер нь хятадаас өөр хэн ч авахгүй. Тэгэхээр нүүрснээс орж ирж байгаа орлого хаагдлаа гэсэн үг. 2013 оны төсвийн төлөвлөгөөнд нүүрснээс орж ирэх орлого багагүй хэмжээгээр тусгагдсан нь ойлгомжтой. Бид ийнхүү мөнхийн хоёр хөршөөсөө нүүр буруулж тэд бүгдээрээ цаашаа харчих юм бол бүсээ чангалаад зогсохгүй, өлсөхдөө тулна. Юуны бүтээн байгуулалт байх вэ, яаж турж үхэхгүй амьдрах вэ гэдэгтээ тулах нь. Өдгөө ч эрх баригчид оросуудад хатуурхаж, хатуурхасныхаа шанд нефтийн татвараа нэмүүлээд авсан. Энэ чигээрээ байх юм бол шатахуунгүй ч зогсч мэдэхээр байна.  Монгол Улсын Засгийн газар нүүрсний зах зээлээ хааж байна гэдэг ноцтой том алдаа юм.