Хүн төрөлхтөн хүнс хоол биш түүний үзэгдэх дүрс, хуурмаг хэлбэр, харагдах төсөөллийг амтархан иддэг болсон нууцыг дэлгэсэн Food, inc баримтат кино 2008 онд гараад жинхэнэ дуулиан тарьсан юм. Хавчуургатай талхны махан таташ өвсөө идэж, усаа уусан үхрийнх үү, амьд амьтан гэхээсээ хувирч өөрчлөгдсөн аж үйлдвэрийн бараа юу? Том тарган гуятай тахиа тариа будаа идэж, өдөр бүр өндөглөн, өглөө нь донгодон дуугардаг уу, үй олноороо үйлдвэрлэгддэг туузан дамжлагын бөөний бүтээдэхүүн үү? Хоол хүнсний жор найрлага, бүтэц, төрөл сүүлийн тавин жилд эрс өөр болсоныг энэ дуулиант бүтээл хөдөлшгүй баримтаар хөндөн илчилсэн байна. Дэлгүүрийн лангуун дээр өдөр бүхэн шинэ мэт өнгөн сэтгэгдэл төрүүлэх 47 мянган төрлийн бүтээгдэхүүн өрөөстэй. Өвөл, зуны алинд ч үргэлж болц нь гүйцсэн хэвээр улаан лооль хараа булаах хэдий ч талбайгаас нь ачиж ирсэн хойно этилин хэмээх бодисоор будаж, мэйк ап хийсэн эд. Америкийн дэлгүүрт ястай мах алга болсон. Үхэр огтоос яс гэдэг юмтай амьтан биш байх гэмээр тарган цулууд л пэлцийнэ. Элдэв хүнс, хоол бүхний хаяг шошгон дээр далбагар малгай, тааран өмдтэй, ташуур барьсан ковбой эр, модон хашаа, өвс ногоо, цэцэгт нуга, цэвэрхэн хормогчтой эзэгтэйн зураг, хөдөөх хэв маяг оруулна. Харин энэ бүхэн үлгэр домог. Хүнсний аж үйлдвэрлэлд өвс, хашаа, малчин, буйдхан аглаг газрын хэв маяг огт хамаагүй. Үндэстэн дамнасан цөөн тооны аварга корпорациуд үхэр, гахай, тахиа, ногоо бүгдийг туузан дамжлага болгосон. Дөрвөн том корпорац Америкийн аварга идэмхий зах зээлийн 80 хувийг хянадаг болсон нь түүхэнд байгаагүй тохиолдол. Фермерүүдэд үнэнийг хэлэх нь хориотой. Хүн ам болон хүнсний аж үйлдвэр эрхлэгчдийн дунд татсан төмөр хөшиг үнэнийг хаажээ. Шарсан гуя, төмс, чипс, түргэн хоолны махан татшийг юугаар яаж хийдгийг нь Та мэдэх үү? Өндөг нь хүний сүнс амар амгаланг олдог 49 хоногт 2,3 кг жин татах том тарган тахиа болно. Хэт хурдан таргалдаг учир тахианы дотор эрхтэн, яс нь ч ургаж төлжиж гүйцдэггүй, хоёр гурав алхаж чадахгүй унаад өгчихдөг. Ердийн тахианаас хоёр дахин бага хугацаанд хоёр дахин тарган болж чадна. Цээж, гуяыг нь томруулан өөрчилсөн, тэжээлд нь антибиотик нэмдэг үйлдвэрлэлийн шинжлэх ухаан. Алж идэх ч гэлээ тахианы байранд 24 цаг нар үзүүлэхгүй, харанхуй орчинд эсэргүүцэлгүй номхон байлгах Tyson компанийн бодлогыг энэрэнгүй бус гэж дургүйцэн зориглосон цорын ганц фермер Кароль Морисон үнэнийг хэлсэнийхээ торгуулийг хүлээсэн. Тахианд нарны гэрэл үзүүлж, цонхыг нь нээн агаар оруулсан учир энэ эмэгтэйгээс компани гэрээгээ цуцалжээ. Дундач тахиа өсгөгч тахианы байр, тоног төхөөрөмж зэрэгтээ компанийн өмнө 500 мянган долларын өртэй боловч жилдээ 18 мянган долларын ашиг олдог байна. Гучин жил төлж үл барах өрийн барьцаагаар шувуучдыг бөгжилж орхино. Хуурмаг сэтгэгдэл төрүүлэх тэр бүх хүнсний 90 хувь нь эрдэнэшиш хэмээх ид шидэт ургамлаас үүдэл гарвалтай. Хувирган өөрчилсөн энэ ургамал хямд үнэтэй, хурдан таргалуулна. Америкийн засаг захиргаа мах, хүнс хямд байлгах ид шид болсон эрдэнэшишийн тариаланг дэмжиж, тонн тутамд урамшуулал олгодог. Зуун жилийн өмнө акр газраас. хагас тонн эрдэнэшиш хурааж авдаг байсан. Өнөөдөр химийн бодисын увидас ховсдолоор таван тонныг хурааж болно. Шинжлэх ухааны эрдэнэшиш хүнс ургуулах, өсгөж бойжуулах мянга мянган жилийн түүхийг өөрчилж, хоолыг зүгээр л зохион бүтээх, байгальд огт байхгүй үнэр, амтыг гаргаж авах аж үйлдвэрийн үндсэн түүхий эд юм. Олон мянган төрлийн хүнсний бүтээгдэхүүний хиймэл хуурмаг дүрс төсөөллийн 90 хувийг эрдэнэшиш бүтээж байна. Эрдэнэшишээр үхэр, гахай, тахиа, загас тэжээж, живх, батерей, хийжүүлсэн ундаа, бяслаг, сироп, жүүс, эм бүтээнэ. Жимс ногоог тарьж ургуулдаг жам ёс үлгэрт үлдэж, зүгээр л машин шиг зохион бүтээдэг эрин үед бид амьдарч байна. Энэ амьтад уг нь өвс ногоо, тариа будаа идэж байх байгалийн жам ёстой хэдий ч эрдэнэшиш хивж, тоншиж, үмхэлж байдаг болсон. Аюул нь гэвэл эрдэнэшиш үхрийн гүзээнд хүчилд нэн тэсвэртэй гэдэсний савханцар үүсгэдэг, арьс шир, өтөг ялгадсаар нь дамжин, цагт 400-гаар нь хавтгайлан нядалдаг бойны газраас халдварлан, таташ, түүхий маханд орж, хэнийг ч хэзээ ч үхэлд хүргэх аюултай. Эрдэнэшиш хивж мутац хувиргалтанд орсон үхрээс аргал болох өтөг биш шингэн өмхий ялгадас гарна. Хор аюулаараа нэрд гарсан О 157, Н7 бактери ингэж үүссэн, үй олныг хөнөөх химийн зэвсэг л гэсэн үг юм. Барбара Ковальчук хэмээх ээж хоёр настай бяцхан хүүгийнхээ тоглож буй сүүлчийн зургийг үзүүлэн, миний үрийн амь насаар энэ бүхэн зогсог хэмээн тэмцэж буйг баримтат киноноос сэтгэл шимшрэн үзнэ. Нэг гамбургер авахдаа хүүдээ хоол биш хор өгч байна гэж зүүдлээ ч үгүй явсан эхийн сэтгэл үнэнийг цөхрөлтгүй илчлэх хүчтэй. Хүүхэд махан таташнаас хордож нас барсанаас хойш 16 хоног өнгөрч байхад дэлгүүрээс энэ бактерологийн зэвсгийг эргүүлэн татаагүй тухай, Америкийн Хүнс, хөдөө аж ахуйн яам буруутай үйлдвэрийг хааж чадахгүй, шүүхэд ялагдсан тухай, төр нь корпорациудыг нь биш эсрэгээрээ корпорациуд л төрийг хянадаг тухай, хүнээс илүү хүнсний дүрс, төсөөлөл зохион бүтээдэг аварга аж ахуйн нэгжүүд хуулиар хамгаалагдсан тухай Food, inc үзүүлнэ. Аливаа муу ерөнхийдөө сайн гэдэг гашуун шоглол үнэн болж, Америкт бэлчээрт өвс идүүлдэг үхэр, нар, агаарт улаан буудай, овъёос тоншдог эрүүл тахиа, зохион бүтээдэггүй, нэмэлт хэрэглэгдэггүй ургамал хэрэглэх ногоон жорны органик бүтээгдэхүүний зах зээл өндийж эхэлжээ. Эрүүл органик Сэтгэл болоод ходоодонд өег хөдөлгөөний эхлэл, эрч хүчийг харж бас тайвширна.
Хүнсний колончлол дахь MGL
Хувцас эдлэлээ больё гэхэд харь холоос хүнс хоолоор хараат орон бол Чингис хааны өлгий нутаг Монгол билээ. Зэр зэвсэг, зээл мөнгөнөөс илүү хорон, хүчтэй, чимээгүй колончлол хүнсээр дамжин илэрч буйн том жишээ болсон газар нутаг. Хятадын түүхий эдийн нөөцийн сав хэмээх нэр хоч зүүсэн эх орон өвөг дээдсийнхээ үлдээсэн газрын баялгаас цугласан мөнгөөрөө компот чанамал, ургамлын тос, бохь, чихэр, тахиа, гахай худалдан авдаг, нэг үгээр хэлбэл зоориндоо хоолгүй айл. Хоол, цай буцалгах хажуу хавиргаасаа давс чихэр, гурил, будаа гуйдаг айлтай зүйрлэж болно. Дөчин саяар тоологдох жинхэнэ органик, 700 гаруй эмийн ургамал, өвс ногоо иддэг сайн чанарын мал, махтай ч, гурил, хүнсний ногоо хүнээс гуйхаа сүүлийн үед больж эхэлсэн ч олон төрлийн идэш уушаар урд айл Хятадаас хараат монгол хүний ходоод. Хойд айл Оросоос хуурай сүү, чихэр, эм, хаа байсан Америкаас далай дамнан ирсэн тахиа, Вьетнамаас цагаан самар, будаа, Солонгосоос бэлэн гоймон, сүши, кимчи, Европын Чехээс хүртэл жигнэмэг чанамал зөөж иднэ. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах шинэ тухай хууль гарч, хэн импортлох, хаяг шошго нь ямар байх талаар хараа хяналт дээшлэх итгэл найдвар дагуулж байгаа ч асуудал их, бэрхшээл олон байна. Эхний ээлжинд цагаан самар зажлахын тулд далтай эмээ вьетнам хэл сурах, Ким Ир Сений нэрээс өөр үг мэдэхгүй өвөө солонгос заавар ойлгох гэж ядах хэрэггүй болжээ. Монголд импортлох бүтээгдэхүүн монголоос гадна англи, оросоор бичигдсэн хаяг шошготой байхаар хуульчилсан байна. Долгор эмээд вьетнамаас орос нь арай амар ч ойлгоно гэдэг хэцүү, Дорж өвөөд солонгосоос англи нь мэдээж хялбар ч мэднэ гэдэг төвөгтэй. Хуулийн үзэл санааны цөм хэн дуртай нь ганзага гахайгаар, гарал угсаа нь үл мэдэгдэх импортын ууш зөөх биш аль болох Монголд өсгөн бойжуулах, тарьж ургуулахыг дэмжсэнд оршино. Эдийн засаг, худалдааны алдагдлын хувьд ч, хүн амын аюулгүй байдал, эрүүл мэндийн ач холбогдол нь ч, үндэстний нэр төрийн талаасаа ч алга дарам газрын амттай, эх орны өгөөж буянтай байх боломж олгоно. Эрүүл ориг хүнс хэрэглэх нийгмийн зөн билэг, эрэлт хэрэгцээ, үндэсний хүнсний салбараа дэмжих хууль, эрх зүйн орчин, бодлогыг харгалзан хөрөнгө оруулах, санал санаачилга гаргах аваас ногоон, цагаан хувьсгалын тохироо, боломжийг ашиглах бодит боломж бүрдлээ. Жишээ нь тахианы мах импортоос бүрэн хараат байна. Жилдээ 58 мянган тонн тахианы мах монголчуудын зоогийн ширээн дээр тавигддагийг 90 хувь нь тив, далай алгасан америкаас ирсэн эд. Удаан хадгалсан, тээвэрлэсэн, хэт том тарган тахиа. Жижиг аж ахуйнууд тамирчин хэмээх туранхай тахиа, хөрөнгө нөөц, менежментээр импортынхтой өрсөлдөж чадахгүй байна. Энэ эрэлт хэрэгцээнд суурилан эрүүл аюулгүй, орчин үеийн технологитой, Монгол хөрсөнд ургасан цэвэр улаан буудай, тэжээлээр өсгөж бойжуулсан, эх орны томоохан аж ахуй байгуулбал илүү органик, шинэ, амттай бүтээгдэхүүн авах нийгмийн захиалга хангалттай байна.
Зүрх судас, чихрийн шижин, элэгний хорт хавдар монголчуудын өвчин, ганц олдох хувь заяаг нь таслах зовлон. Хэлж ирдэггүй хийсч ирдэг өвчин гэвч тусахаас нь өмнө сэргийлэх бүрэн боломжтой шаналан юм. Тарган хүнд хаяглагддагт гол учир шалтгаан нь оршино. Урьдчилан сэргийлэх боломж нь туранхай гоолиг байх явдал. Таргалахгүй байя гэвэл зөв хооллох хэв дадал. Өдөрт гурван удаа өөх тос, илчлэг ихтэй малын улаан мах зооглодог болсон нь үндэсний уламжлал ч биш. Зундаа сүү, цагаан идээгээр дотроо цайлгаж, хүйтэн цагт сэрүүн чанартай ямаа, үхэр биш халуун хошуутай хонь, адууны мах идэж, үргэлж мал ахуйтай ноцолдон, идсэнээ шингээж, “Хөдөлж үхэхгүй хөшиж үхнэ” хэмээн ухаарч ирсэн ард түмэн. Малынхаа дэргэнд махасдаг “Амьдрахын тулд иддэг болохоос идэхийн төлөө амьдраагүй” өв уламжлалтай хүн ард билээ. Морь унахгүй, хөдөлж шингээхгүй атлаа өдөр бүр гурван удаа, өвөл зугүй өөх тостой мах идсэний үр дагаварт жингийн илүүдэлтэй тарган хүмүүсийн эх орон болсон. Жингээ барьж чадвал зүрх-судасны өвчнийг 80 хувь, чихрийн шижинг бүр 90 хувь, хорт хавдрын тохиолдлыг гуравны нэгээр багасгах бүрэн боломжтой гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үзэж байна. Монголын өнөөдрөөс илүү сайхан маргаашийн эзэд 34 хүртэлх насныхан дунд, ахмад үеийнхнээсээ бие бялдрын дундач хөгжлөөр доогуур гарсан дүн харанга дэлдэнэ. 15-34 насны хөвгүүд, залуусын 89,1 хүртэлх хувь нь буюу арван хүний ес нь хөдөлгөөний дутагдалтай, хүзүү толгой нь хөшсөн “өвөө нар”. Арван тавтай хөвгүүнээс 64 хүртэлх настны гурван хүн тутмын нэг нь илүүдэл жин, таргалалттай. Тоогоор биш цэргийн чанараар илүү монголчууд суурин иргэдийн хүний олноос эмээж байсангүй бөгөөд хот балгадын тарган нялцгайчууд зориг зүрх, хурд, хөдөлгөөн дутна гэж тооцож байсныг америкийн түүхч Жуз Уотерфордын өгүүлсэн ном зохиолд хангалттай онцлон дурьдсан нь бий билээ. Харин өнөөдөр талын морьтон баатруудын үр сад эх нутагтаа тарган нялцгайчууд болж хувирсаар байна. Бүдүүн гүзээ буяны шинж биш биед нь тээгдэж яваа өтгөнийх нь харагдах байдал юм. Хоногт зуун грамм амьтны гаралтай өөх тос зооглохын хамт, архи, тамхины хэрэглээ ихтэй, арван хүний зургаа нь ямар дасгал хөдөлгөөн хийх, хэрхэн хөшингөө арилгах анхан шатны мэдлэггүй нь судалгаагаар тогтоогджээ. Өнгө зүс нь гоё ч үнэн шинж нь хүнд халтай импортын элдэв хүнс ч үүнд нэрмээс болно. Солонгосчууд дэлхийд хамгийн идэмхий ард түмний нэгд тооцогддог ч тавган дээрх хоол хүнсний бүтцэд нь цагаан мах гэгддэг загас, далайн бүтээгдэхүүн, жимс, ногоо зонхилдог учир таргалалт нэн багатай үндэстэнд орно. Кимчи нь ходоодны хавдар үүсгэх хүчин зүйл учир дагаад урьчилан сэргийлэх, оношлох эмнэлэг, бас соёл нь хөгжсөн. Жилдээ нэг удаа гэр бүлээрээ урьдчилсан үзлэг оношилгоонд ордог. Манайд урьдчилан сэргийлэх тоног төхөөрөмж, хэв дадал нь хоцрогдсон атлаа кимчиг нь дутахгүй идэж сурч байх жишээтэй.
Долоо хоногт хоёроос доошгүй удаа цагаан мах буюу загас, тахианы мах хэрэглэх нь таргалахаас сэргийлэх үр ашигтай. Таргалаагүй бол тансаг амьдралын тахал чихрийн шижин, зүрхний өвчнөөс бараг бүрэн сэргийлэгдэнэ. Тахиа идэхэд ч учир бий. Орост гэхэд тахианы махыг тэс хөлдүүгээр нь худалдах, Америкийн хэт таргалуулсан, хлораминтай мөсөнд хадгалсан импортын бүтээгдэхүүн оруулахыг хориглолоо. Европ удаан хадгалсан, хэт тарган америк тахиаг арван жилийн өмнө оруулахыг хориглосон. Генийн өөрчлөлттэй хүнс буюу ГӨХ гэсэн тэмдэглэгээг заавал хийнэ. Органик хүнс буюу ОХ гэсэн таних тэмдэгтэй. ГӨХ, ОХ гэсэн ялгах тэмдэг хэрэглэе гэсэн санал, томъёоллыг нийтлэлч Баабар өмнө дэвшүүлж байсан билээ. Гучин жил хадгалсан хөлдүү тахиа аюултай гэж улс орнууд үзэж байна. Нойтон сэврээснээр нь худалдвал махны чанар шинж энгийн нүдэнд харагдаж, гарт баригдах давуу талтай. Монголчууд бусадтай харьцуулахад олуулаа биш цөөхүүлээ. Нэг хүнд ноогдох газар нутаг, мал сүрэг, эрдэнэс баялгаараа, илүү оригиналь байдлаа хадгалан үлдсэн байгаль орчин, боломж нөөц, бас хэрэгцээ шаардлагаараа органик хүнс ашиглах, бэлтгэх бодит бололцоо ихтэй. Хятад биш монгол төмс, ногоо хэрэглэхэд хүч санаачилга гаргаж эх орныхоо зах зээлд эхний ялалтаа бид авсан. Монголдоо ургуулж тарьсан, өсгөж бойжуулсан олон төрлийн органик хүнс, жимс ногоо, загас, тахиа байвал бид хэрэглэхэд бэлэн. Яагаад гэвэл жилдээ 600 сая литрийн гарцтай монгол үхрийн цэвэр сүүгээ биш хийжүүлсэн ундаа ууж, элдэв будагтай иогурт идэж, далай давуулан, хил гаталган ирсэн удаан хадгалагдаж, улайлгаж томоргосон хуурмаг дүрс идмээргүй байна.
Өнгөрсөн 7 хоногт 18,517 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ
Хоёр настай дагавар хүүгээ машин бохирдууллаа хэмээн хөнөөж, цогцсыг нь нуусан хэргийг шүүхэд шилжүүллээ
Нийслэлийн хэмжээнд түймрийн 69 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
УАШТ-ий шилдэг тамирчнаар К.Ёолк ,Ж.Урангоо нар тодорчээ
Алба хаагчид 11 иргэний амь насыг авран хамгаалж, 37 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
“Улаанбаатарын өвлийн наадам – 2026” болно
Ирэх хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв