1. Шоронд гал гарсны улмаас 350 хоригдол амиа алдлаа
Гондурасын Тепучигалпа мужийн Комаягуа хотын Үндэсний шоронд энэ оны хоёрдугаар сарын 14-нд гал гарсны улмаас 350 хоригдол амиа алдлаа.
Энэ нь дэлхийн шоронгийн түүхэнд галын улмаас хамгийн олон хоригдол амиа алдсан хэрэг хэмээн бүртгэгдсэн байна.
Хууль сахиулагчид галын шалтгааныг хоригдлуудын дунд үүссэн маргаантай холбон тайлбарлажээ.
2. Владимир Владимирович Орос улсын тэргүүнээр дахин сонгогдов
Владимир Владимирович Путин ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд 63.6 хувийн саналаар ялалт байгууллаа. Ийнхүү тэрбээр тус улсын тэргүүнээр хоёр дахь удаагаа ажиллахаар болсон юм.
Ингэхдээ В.Путин өнгөрсөн онд шинэчлэн баталсан Ерөнхийлөгчийн тухай хуулийн дагуу зургаан жил Кремлийн тэргүүнээр ажиллана.
Түүнийг Оросын ардчиллыг буруу замаар хөгжүүлж, ЗХУ-ын үед байсан шиг хатуу хяналтыг бий болгож байна хэмээн сөрөг хүчний төлөөлөгчид олон арван жагсаал зохион байгуулж эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Гэвч өнөөгийн Оросыг В.Путинаас өөр хүн удирдаж чадахгүй гэдгийг тус улсын дийлэнх иргэд хүлээн зөвшөөрчээ.
3. Хойд Солонгос дэлхий нийтийг хоёр удаа айлгав
Удирдагч Ким Чен Ирийг нас барсны дараа тус улсын сансрын технологийн салбарынхан дэлхийн байгаль цаг уурыг тандан судлах “Унха-3” пуужингийн тусламжтайгаар “Кванмёнсон-3” хиймэл дагуулыг энэ оны дөрөвдугээр сарын 12-нд хөөргөжээ.
Гэвч пуужин дэлхийн агаар мандлаас гарч чадаагүй юм. Мөн тэд энэ сарын 12-нд “Унха-3” пуужингаар “Кванмёнсон-3” дагуулыг амжилттай хөөргөсөн билээ. Барууны улс орнууд эдгээр хөөргөлтийг “Хиймэл дагуул нэрийдлээр Пхеньяны эрх баригчид тив алгасагч балластик пуужин туршиж байна” хэмээн үзэж хүчтэй эсэргүүцсэн юм.
4. “Facebook” хувьцаа гаргав
Нийгмийн сүлжээний хамгийн олон хэрэглэгчтэй “Facebook” компани Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргалаа.
Залуу тэрбумтан Марк Зукербергээр удирдуулсан тус компани 3.7 тэрбум ам.долларын хөрөнгөтэй, сайтын хэрэглэгчдийн тоо энэ оны аравдугаар сард нэг тэрбумд хүрчээ.
Тавдугаар сарын 1-нд гаргасан хувьцааны ханш тухайн үед 38 ам.долларт хүрч байсан ч өчигдрийн байдлаар 26.93 ам.долларт хүрсэн байна.
5. “Хашгираан” дээд амжилт тогтоолоо
Норвегийн нэрт зураач агсан Эдвард Мункийн “Хашгираан” хэмээх бүтээлийг Нью-Йоркт энэ оны тавдугаар сарын 12-нд дуудлага худалдаагаар оруулж 120 сая ам.доллараар борлуулжээ.
Ингэснээр урлагийн бүтээлийн дуудлага худалдааны түүхэнд хамгийн өндөр үнэд хүрсэн юм.
6. Грек аврагдах боломжтой болов
Евро бүс, Европын холбооны удирдлагууд санхүүгийн гүн хямралд ороод буй Грек улсад хоёр дахь ээлжийн зээл олгох асуудлыг хэлэлцэж амжилттай баталлаа.
Гэхдээ санхүүгийн дэмжлэг авахын тулд Афины тал ирэх оны төсвийн төслөөсөө нэлээд таналт хийсэн бөгөөд энэ нь олон мянган иргэний эсэргүүцэлтэй тулгарсан юм.
Грекийн эрх баригчид болоод евро бүсийн удирдлагууд Афиныг валютын бүсээс гаргасан тохиолдолд аль аль тал нь нэр хүндгүй болж, хямралтай тулгарах учир хоёр дахь ээлжийн тусламжийг олгох нь зайлшгүй асуудал байв.
7. Барак Обама улиран сонгогдов
АНУ-ын Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуульд өнөөгийн Цагаан ордны тэргүүн, Ардчилсан намаас нэр дэвшсэн Барак Обама ялалт байгууллаа.
Тэрбээр 2008 онд сонгогдохдоо амлаж байсан мөрийн хөтөлбөрөө ерөнхийд нь биелүүлсэн гэж зарим ажиглагч үзэж байгаа юм.
Тэгвэл ирэх дөрвөн жилд Афганистан, Иракт суугаа цэргийн албан хаагчдаа амласан хугацаандаа татаж, дундаж, дунджаас доогуур орлоготой америкчуудад хандсан бодлогоо улам идэвхжүүлэх аж. Барак Обама сонгуульд мужуудын төлөөлөгчдийн коллегийн 332, Бүгд найрамдах намаас өрсөлдсөн Митт Ромни 206 санал авчээ.
8. Сирийн мөргөлдөөн иргэний дайн болж хувирлаа
12 жил засгийн эрхийг барьж буй Ерөнхийлөгч Башар Аль-Асадын дэглэмийг эсэргүүцсэн сөрөг хүчнийхэн өнгөрсөн оны гуравдугаар сараас эсэргүүцлийн жагсаал цуглаанаа зохион байгуулсан.
Тэдний тэмцэл ширүүсч гадаадын орнуудаас зэвсэг авч засгийн газрын цэргүүдийн эсрэг тулалдаж эхэлсэн юм. НҮБ-ын мэргэжилтнүүд Сирийн мөргөлдөөнийг иргэний дайнд хүрсэн гэдэгт санал нэгдсэн билээ.
Нэг жил, есөн сарын турш өрнөж буй мөргөлдөөнийн улмаас 40 орчим мянган хүн амиа алдаж, Сирийн 0.5 сая хүн хөрш орнуудад дүрвэжээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Сирид энхийг сахиулагчдыг оруулах талаар хэлэлцэж байна.
9. Сэнди Хүүк сургуульд 20 настай залуу халдлага үйлдлээ
АНУ-ын Коннектикут мужийн Ньютаун хотын Сэнди Хүүк бага сургуульд 20 настай, байлдааны буугаар зэвсэглэсэн Адам Ланза халдлага үйлдсэний улмаас 28 хүний амийг хөнөөж, улмаар өөрийгөө бууджээ.
Тэрбээр гэртээ ээжийгээ буудаж хөнөөсний дараа сургуульд аллага үйлдсэн юм. Эмгэнэлт явдлын улмаас амиа алдагсдын 20 нь 6-7 насны хүүхдүүд байв. Энэхүү хэрэг явдал АНУ-д зэвсэг чөлөөтэй худалдаалахын сул талыг тод харуулжээ.
Ирэх оны эхээр Конгресст зэвсэг эзэмших тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх юм. Гэвч АНУ-ын Бууны нийгэмлэгийнхэн уламжлал ёсоор эсэргүүцжээ.
10. Майяачуудын хуанли дуусав

Латин Америк, Өмнөд Америкийн нутгаар амьдарч байсан эртний майяачуудын хуанли энэ сарын 21-нд өндөрлөлөө. Тэдний хуанли төгсгөл болсноор дэлхий сүйрнэ хэмээх цуу яриа тархав.
Гэвч майяачуудын хувьд шинэ эрин эхэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Цагаан сартай ялгаагүй билээ. Дэлхий сүйрнэ гэсэн цуу ярианд цэнхэр гаригийн 0.5 тэрбум хүн итгэж, тэдний багахан хувь нь 2012 оны арванхоёрдугаар сарын 21-нд юу ч тохиолдож магадгүй хэмээн бэлтгэсэн юм. НАСА-гийн мэдээлснээр дэлхий хамгийн багадаа 4.5 тэрбум гаруй жилийн настай аж.
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах цахим нөлөөллийн аян, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулав