Дэлхийн сүйрлээс аврагдах боломжтой бөмбөлөг зохион бүтээжээ


Майяачуудын он тоолол дуусаж дэлхий сүйрнэ гэх яриа газар аваад байгаа. Гэвч шинжлэх ухааны үүднээс тайлбарлавал дэлхий дөрвөн тэрбум жилийн настай гэдгийг эрдэмтэд мэдэгдсэн юм.



Хятадын нэгэн фермер дэлхий сүйрнэ гэдэгт үнэхээр итгэжээ. Тиймдээ ч тэрбээр аврагдах боломжтой төмөр бөмбөлгийг зохион бүтээсэн байна. Лю Куян хэмээх эрийн зохион бүтээсэн энэхүү бөмбөлөг нь Библид гардаг Ноагийн битүү завьтай тун төстэй аж.


Хөбэй мужийн Киантун хотод амьдардаг фермер ярихдаа “Хэрэв дэлхийн сүйрэл болбол би гэр бүлийнхэнтэйгээ энэ бөмбөлөгт сууж аврагдана. Энэ үед далайн усны түвшин нэмэгдэх болов уу” гэжээ.


Түүний ярьснаар газар хөдлөлт, хөрсний нуралт, цунами зэрэг байгалийн гамшгийн үед ч бөмбөлөгт хоргодох боломжтой гэнэ. Лю Куян долоон ширхэг төмөр бөмбөлөг зохион бүтээсэн байна.


Хятадын Засгийн газар болон олон улсын хамтын нийгэмлэгээс түүний бүтээлийг сайшаажээ. Гэхдээ энэ сарын 21-нд онцгой зүйл болохгүй гэдэгт дийлэнх эрдэмтэд итгэлтэй байгаа юм.


Өнгөрсөн наймдугаар сард Хятадын бизнесмэн Ян Зонфу байгалийн гамшгийн үед амьд гарах боломжтой шар өнгөтэй төмөр бөмбөлгийг зохион бүтээсэн. 150 мянган фунт стерлингийн (241 мянган ам.доллар) өртгөөр бүтсэн бөмбөлөг нь Лю Куяны зохион бүтээснээс илүү боловсронгуй аж.


Ян Зонфугийн ярьснаар бөмбөлөгт нь түүний гэр бүлийн гурван гишүүн 10 сарын турш амьдрах боломжтой юм. Тэрбээр хоол хүнс, цэвэр ус, шаардлагатай эм бэлдмэлийг аврах бөмбөлөгтөө нөөцөлжээ.